Ерөнхийлөгч дахин Алс Дорнодыг зорилоо

2018 оны 09 сарын 11

Ерөнхийлөгч Х.Баттулга   ОХУ-ын Владивосток хотыг зорин, эх орноосоо мордлоо. Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцох Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Манай Ерөнхийлөгчийн хувьд Дорнын эдийн засгийн чуулган шинэ зүйл биш. Харин хэлэлцэх, ярилцах, ойлголцох сэдвүүд юу байх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

Ямартай ч энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцох төлөвлөгөөтэй мордсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн өмнө Владивостокийн чуулганаас ирэхдээ сэтгэгдэл өндөр байсан. Тэрбээр “Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо.  Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд Монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм. Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд Монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа.

 Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг. Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна. Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна. Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ” гэж байсан юм.

Тэгвэл энэ жил ямар мэдээтэй ирэхийг хүлээж байя.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросын хүргэн(202.179.25.245) 2018 оны 09 сарын 11

Монголчуудыг харахаараа л хөмсөг зангидаад дүлэгнэчихдэг.Баас нь хатчихдаг юм уу хаашаа юм?

0  |  0
Top