2012 оны сонгуулийн өмнө Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгох шийдвэр гаргаж байсан билээ. Уг шийдвэрийн дагуу иргэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас насан туршдаа ногдол ашиг хүртэх боломж баталгаажиж байна гэх мэдээллийг улстөрчид өгч байсан.
Тэгвэл өнөөдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд амь ороогүй давуу эрхийн 1 ширхэг хувьцааны талаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Эрдэнэс Монгол” компани гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч, хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа, Давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ" гэв.
Давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжийг бүрдүүлнэ гээд байдаг. “Эрдэнэс Монгол” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр давуу эрхийн хувьцааг нэмж таван сая болгох шийдвэрийг удахгүй гаргах бололтой.
Тодотгоход, давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой. Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь дуусгавар болох юм.
Гэхдээ өнөөдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд давуу эрхийн хувьцаа амь ороогүй л байна.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
1072 HUVTSAA GEED ANDUURAHVII