Владивосток: Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд Монгол Улс оролцох сонирхолтой

2018 оны 09 сарын 12

Дорнын эдийн засгийн чуулга  уулзалт ОХУ-ын Владивосток хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцсон байна. Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцжээ.

Ерөнхийлөгч энэ хуралдаанд хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадам болох талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотод Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Бид энэхүү томоохон спортын наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.

Чуулга уулзалтын эхний өдөр манай Ерөнхийлөгчид Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахдаа Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдаг хэмээсэн бол Шинзо Абэ  манай Ерөнхийлөгчийг ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна гэжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Харин Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцлаа.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(202.70.43.234) 2018 оны 09 сарын 12

bid yamar erchim huchee niiluuleh ve,dotoodoo hangaj chadahgui baij,ichmeer yum...

0  |  0
Top