МХЕГ: Импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсан

2018 оны 09 сарын 14

Гадаад худалдааны бараа эргэлтэд хяналт тавих гааль, хилийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай болгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэллээ. Улаанбаатар хотноо болсон “Гадаад худалдааг хөнгөвчлөх: хил дээрх хяналт,  шалгалтыг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын бага хурлыгГадаад Харилцааны Яам, Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци хамтран  зохион байгуулсан юм.

 Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүлж буй гэсэн мэдээллийг МХЕГ-аас өгч байсан. Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсан. Түүнчлэн барааг хилээр нэвтрүүлэх үед Хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж эерэг үр дүн гарч байгаа гэлээ. Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаас Монгол Улсыг хүнсний хяналт шалгалтад эрсдэлд суурилсан аргыг хэрэгжүүлсэн загвар орон болох төдийгүй хөгжиж байгаа орнуудад зохицуулалтыг нэвтрүүлэх жишиг, сайн туршлага болсон гэж дүгнэсэн. Энэ амжилт, туршлага дээрээ суурилан экспорт, импортын хяналтыг шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх төдийгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц үр дүнд хүрч худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хангасан улс орнуудын жагсаалтад эзлэх байраа ахиулах  нь чухал гэсэн байр суурийг МХЕГ-ын зүгээс илэрхийлж байна.

Тэгвэл Гаалийн Ерөнхий Газар гадаад худалдаанд оролцогчид Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрт сайн дураараа нэгдэж,  хамрагдах боломжтой гэж мэдэгдэж байна. Ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдэж буй аж. Олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог экспортын, импортын, улс хоорондын тээвэрлэгчийн, тээвэр зуучийн, баталгаат бүсийн, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж хамрагдах боломжтой юм байна. Гаалийн байгууллагаас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн  хөтөлбөрийг 2010 оноос судалж, энэ онд албан ёсоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, БНХАУ, БНСУ, ОХУ-тай хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг хийж, туршлага солилцон, Дэлхийн Гаалийн Байгууллага болон бусад орны гаалийн байгууллагын шилдэг туршлага, дэмжлэгийг авч ажилласны үр дүнд ГЕГ-ын даргын энэ оны  7 сарын 6-ны өдрийн  тушаалаар “Гаалийн итгэмжлэл олгох журам”-ыг баталж гаргажээ.

Гадаад худалдааг хөнгөвчлөх: хил дээрх хяналт,  шалгалтыг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын бага хуралд Дэлхийн гаалийн байгууллага, ИБУИНВУ-ын Бүтээгдэхүүний аюулгүй байдал, стандартын агентлаг, БНХАУ-ын Гаалийн аудитад суурилсан хяналт, эрсдэлийн удирдлагын газрын төлөөлөл оролцож, “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, олон улсын туршлага”, “Эрсдэлд суурилсан хилийн мэргэжлийн хяналт”, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, гаалийн мэдээлэл технологийн систем” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top