Мөнгөний бодлогын хорооны хуралдаан энэ сарын 20-нд болно. Ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар мөн бодлогын хүүнд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх юм. Бодлогын хүүг 10 хувьд хүргэж буулгах шийдвэрийг Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард гаргаж байсан. Тэгвэл ирэх пүрэв гарагийн хуралдаанаар дараагийн өөрчлөлт тодорхой болно. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тухайд төв банкаар хэлэлцэгдэж, УИХ-аар орж, эцэслэгдэнэ. Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөнгөний бодлогын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар байр сууриа илэрхийлэхдээ “Монголбанк эдийн засгийн дархлааг бэхжүүлэх хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчин, санхүүгийн зуучлал үр ашигтай хийгдэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Эдийн засгийн хэт хурдан, удирдлагагүй сэргэлт нь хэт халалтад хүргэж, дараагийн хүндрэлийг бий болгодог. Манай эдийн засгийн сэргэлтийг даган хэрэглээний зээл хэт хурдан өсөх хандлага гарч, үүнийг дагаад хэрэглээний импорт, валютын гадагшлах урсгал нэмэгдэж байна. Эдийн засаг байнга өсөлттэй байна гэсэн итгэл дор өрхүүд хэрэглээгээ огцом тэлэх, тооцоо судалгаа муутайгаар хөрөнгө оруулалт хийх, бизнес эхлүүлэх нь эргээд өрх гэр, компаниудыг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй юм. Энэ нь богино хугацааны хэт халалт, улмаар инфляцийг өдөөж, эргээд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд мөнгөний бодлого хэрэгжүүлэгч бидний хувьд дараах хоёр алдаанаас байнга зайлсхийж ажиллахыг хичээдэг. Эхнийх нь, хэт хурдан бодлогын хариу арга хэмжээ авч бодлогыг чангаруулснаар эдийн засгийн сэргэлт, тэлэлтийн хугацааг богиносгох. Хоёр дахь нь, хэт удаан бодлогын хариу арга хэмжээ авснаас эдийн засгийн тогтворгүй байдлыг дагуулдаг хэт халалтын эрсдэлийг бий болгох юм. Эдгээр алдаанаас зайлсхийх нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүнд сорилт хэдий ч Монголбанкны эдийн засагчид, мөнгөний бодлогын хорооны гишүүд болон миний бие эдийн засгийн нөхцөл байдалдаа зөв онош тавьж, тохирсон арга хэмжээг хугацаа алдахгүй авч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэсэн юм” гэж байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )