Монголын хөрөнгийн биржийн энэ оны 6 дахь IPO-г “Ард Даатгал” ХК гаргалаа. Тус компани нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон, хувьцааны захиалгаа авч эхэллээ. Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ сарын 17-26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. “Ард Даатгал” компани олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн буй аж. Хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани тус тус үзүүлж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах хэлэхдээ “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ. Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм. .. Аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдруулан 700 төгрөгөөр санал болгосон нь нийтээрээ хөрөнгө оруулагч болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна” гэлээ.
Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн “ Ард Даатгал компани цан цохиж, хувьцааны захиалгаа авч эхэллээ. Даатгалын салбар нь санхүүгийн салбарын гол гүүр нь. Энэ утгаараа даатгалын компаниуд хувьцаат компани болж, засаглалаа тэлэхийн хэрээр эрсдэл даах чадвар нэмэгдэнэ. Улмаар санхүүгийн зах зээл хөгжих боломжтой” гэсэн юм.
Э.Болор
.
Сэтгэгдэл ( 0 )