Ноён доллар НИСЭЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Ам долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр 2511 болон өсөөд байна. Өнгөрөгч оны зургаадугаар сард 2300 болон уруудсан ам доллар долоодугаар сард нэмэгдэж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол өссөөр өнөөдөр ийн 2500 даваад байгаа юм. Тухайн үед ам.доллар яагаад өсөх болсон тухай Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл 0.11 хувьтай байсан. Энэ нь оны эхнээс 85.1 төгрөгөөр буюу 3.4 хувиар чангарсан үзүүлэлттэй байгаа. Гадаад валютын ханш бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамаарч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Аливаа үнэ, ялангуяа ханш тодорхой хэмжээнд хэлбэлзэж байдаг үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Харин энэ хэлбэлзэл чухам яагаад бүтэн жил гаруйн хугацаанд дээшээ заасаар 2500 давчихаад байгаа тухай Монгол банкнаас тайлбар өгөөгүй байна.

Ханш бол бидний эдийн засгийн бодит байдлын тусгал гэдэг. Нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ховордоод ирэхээр үнэ нь нэмэгддэгтэй адилхан зүйл. Бид гадны зах зээлд ахиухан хэмжээний нийлүүлэлт хийхгүй бол хатуу валют орж ирэхгүй. Валют орж ирэлгүй ховордохоор төгрөгтэй харьцах ханш өндөрсөнө. Тэгэхээр долларын ханш тогтмол байдлаар өссөөр буй нь манай экспорт буурч, импорт нэмэгдсэнтэй холбоотой байж болох дүр зураг харагдаж байна.

Долларын ханшийг бууруулах ганц арга зам нь бүтээн байгуулалт хийж, гадаадад борлогдох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах юм. Үүнээс өөрөөр ямар ч боломжгүй гэдгийг эдийн засагчид тайлбарладаг. Мөн ханшийн огцом өөрчлөлт таагүй байдал авчирдаг нь үнэн. Банкнаас доллараар зээл авсан харилцагчдад илүү нөлөөлж байгаа. Тэр хэмжээний алдагдал банкин дээр ч гарч ирнэ. Тэгэхээр банк ч ялгаагүй алдагдал хүлээж байгаа гэсэн үг юм.

Мөн долларын ханш өсөх нэг шалтгаан нь инфляци өсөх. Үүнийг барьж чадахгүй бол ам.доллар цаашид хэд хүрэхийг тааварлах аргагүй. Олон эдийн засагчид Монгол банкны мөнгөний хатуу бодлогод найддаг ч энэ бол нэг дохиод л шийдэгдчихдэг шидэт дохиур биш аж. Үндсэндээ төв банкны үнэт цаасны хүү дээш, доошоо хөдлөхийг л хэлж байгаа юм. Энэ бодлого тодорхой хэмжээнд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгах л нөлөөтэй болохоос бүхнийг шийдэх боломжгүй. Инфляци өнөөдрийн байдлаар 6.0 хувь байна. Цаашид өсөх хандлагатай хэмээн Монгол банкнаас үзэж буй. Тэдний тооцоогоор 2019 оны нэгдүгээр улиралд инфляци 10,2 хувь хүрнэ. Учир нь улирлаасаа шалтгаалаад инфляцийн түвшин өсөх хандлагатай байдаг, иргэд ч ийм хүлээлттэй байгаа гэж “Инфляцийн хүлээлт” түүвэр судалгааны тайланд дурджээ.  

Бид жилдээ ихдээ л гэхэд 80 гаруй сая ам.долларын түүхий эд, бүтээгдэхүүн экспортолдог. Харин 200 орчим нэр төрлийн 300 гаруй сая ам.долларын түүхий эд, бүтээгдэхүүн импортолдог байна. Хэдийгээр экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч импорт ч бас нэмэгдэж байгаа гэдгийг мартах учиргүй. Жишээлбэл, импорт 2016 оноос 20 орчим сая доллараар нэмэгдэж 2017 онд 331,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Тэгэхээр ноён доллар цаашид ниссээр л байх төлөвтэй байна.

Б.Энх-Уянга

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.41.4) 2018 оны 12 сарын 04

Монгол банкны хулгайчуудад цалин өгч болохгүй шүү.Ажлаа хийхгүй хараад л,ажиглаад л суудаг улс.

0  |  0
Рубль, юан(202.9.41.18) 2018 оны 11 сарын 24

ам долларыг модноос гаргачих боломж 2 том их гүрний дунд оршин буй Монголд байдаггүй л юм байх даа.

0  |  0
Top