Эдийн засгийн ойлголт, нэр томъёоны талаарх мэдээллийг иргэд, уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой “Эдийн засгийн ойлголтууд цуврал”-ыг хүргэж буй билээ. Өмнөх дугаарт Макро эдийн засгийн тухай ойлголтыг хөндсөн. Тэгвэл одоо Микро эдийн засаг чухам ямар ойлголт болохыг хүргэе.
Зөвхөн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад эдийн засаг хамаатай биш. Та бид өдөр тутамдаа эдийн засгийн харилцаанд орж байдаг. Ерөөс эдийн засгийн ухааны уг үндэс нь хүн бүр, өрх гэрийн түвшинд идэж уух, өмсөж зүүхээ хэрхэн олох вэ, хөрөнгө мөнгөө хэрхэн хүртээмжтэй зарцуулах вэ гэдгээс эхлэлтэй. Эдийн засгийн асуудал бүр иргэн бүртэй хамаатай байдаг. Тиймээс ч эдийн засагт нэгжээс ерөнхийг, ерөнхийгөөс нэгжийг судлах шаардлага байдаг биз ээ.
Тэгвэл микро эдийн засаг нь хэрэглэгч, жижиглэн худалдааныхан, компани, пүүс зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлдэг.
Микро эдийн засгийн судлах зүйлийг 4 бүлэг болгон авч үздэг.
-Зах зээлийн онол: Энд микро эдийн засгийн гол гогцоо асуудал болох эрэлт, нийлүүлэлт, үнэ гурвыг нягт уялдаатайгаар авч үзнэ.
-Хэрэглэгчийн онол: Энэ нь зах зээлийн эрэлтийн асуудалтай /хэрэглэгчид ямар барааг хэдий хэмжээгээр худалдан авах тухай асуудал/ холбоотой юм.
-Пүүсийн онол: Энэ нь пүүс /аж ахуйн нэгж/ зах зээлд бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх зүй тогтлыг авч үзнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүн нийлүүлэх шийдвэрийг яаж гаргах вэ гэдгийг энэ онолын тусламжтайгаар танин мэднэ.
-Аж байдлын онол: Энэ хэсэгт ашиг орлогын хуваарилалт, хүн амын амьжиргааны түвшинг судална.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )