“POSCO Daewoo” манай ХОВОР элемэнтийн салбарт орж ирэх нь...

2018 оны 09 сарын 25

“Эрдэнэс Монгол” компани  газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулахаар ажиллаж буй гэдгийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл БНСУ-ын POSCO групп манай улсын литийн нөөцийг сонирхож эхэлсэн тухай “Эрдэнэс Монгол” компаниас дуулгалаа.  POSCO группийн охин компани  POSCO Daewoo-гийн гүйцэтгэх захирал Ким Ёон Сан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяртай уулзалт хийж, газрын ховор элемент болох литигийн хайгуулын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэгэхээр  дэлхийн газрын ховор элемэнтийн нийт нөөцийн 17 хувийг хөрсөн дороо агуулж байгаа гэж судлаачдад тоогддог манай улсад тэргүүлэгч компаниудын нэг POSCO хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь таатай хэрэг юм. Ховор элемэнтийн салбар бол манай тухайд шинэ ойлголт гэж болно. Тэрчлэн технологийн түүхий эд болох  литийг олборлож байгаа уурхай өнөөдөр Монголд байхгүй. Харин хайгуулын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий.

Манай зүгээс POSCO компанийг хайгуулын ажилд хөрөнгө оруулах боломжтойг мэдэгдээд байна. Талууд ойрын хугацаанд өргөтгөсөн уулзалт хийж, хөрөнгө оруулалтын нөхцөл болон боломжийн талаар ярилцах аж.

Манай улсад Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн ил тод болсон газрын  ховор элемэнтийн  орд газрууд байна. Цаана нь 240 гаруй илэрц бий гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гол нь хайгуул судалгааг  хийснээр орд газрын хэмжээнд бүртгэгдэх нөөц хэд хэчнээн бий эсэх нь тодорхой болох юм.

POSCO группийн зүгээс сонирхож, хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй литийн эрэлт дэлхийн зах зээл дээр улам бүр нэмэгдэж байгаа. Технологийн дэвшилтэй зэрэгцэн эрэлт хэрэгцээ нь их болж байгаа газрын ховор элемент  литийн дэлхийн зах зээл дээрх ханш нэмэгдэж байна. 99.5 хувийн агуулгатай Li2O3 батарейн химийн найрлагатай литийн үнэ  тонн нь  11 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Тэгэхээр манай улс нүүрс, зэс, алт зэрэг түүхий эдүүдээ экспортод гаргахтай зэрэгцэн ховор элемэнтийн  үүц нөөцөө уудлаж болохоор дүр зураг харагдаж байна.

Манай ховор элемэнтийн салбарт орж ирэхээр болж буй POSCO Daewoo компанийн тухайд  гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийн 51 оронд 80 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Харин  газрын ховор элемент болох литийг Өмнөд Солонгосын зах зээлд анх удаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж буй юм байна. Тус компани литийн хайгуулын чиглэлд Аргентин, Австрали улсад хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top