“ДЦС-4”-д гарсан ослын улмаас нийслэлчүүд бүтэн нэг өдрийг эрчим хүчгүй өнгөрөөхөд хүрсэн. Асуудлын гол нь нэг өдөртөө бус цаашид нийслэлчүүдийг ийм эрсдэл хүлээж байна уу гэдэгт бий. Өнгөрсөн өдрүүдэд хэн хүнгүй ослын буруутныг хайв. Нисч явсан шувуу буруутай, Нэг хүн л буруутай гэхчлэн талууд ярилаа. Тэгвэл ослын дүгнэлт албан ёсоор гарчээ. Дүгнэлтээс үзэхэд холбогдох компаниудын хариуцлагын асуудал энд яригдаж таарч байна.
Эрчим хүчний яамнаас дүгнэлтийн талаар мэдээлэхдээ:
2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 54 минутад “Ил хуваарилах байгууламж-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан.“ЦДҮС” ТӨХК-ийн 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэх захиалгын дагуу сэлгэн залгалтын программыг “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ДЦС-4” ТӨХК дахь “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 2210/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программын дагуу боловсруулж, “ДҮТ” ХХК-аар хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 220/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврын 4.1, 4.2 4.4, 4.8, 4.10 заалтуудыг зөрчисний улмаас осол гарч, станц бүрэн зогссон байна” гэсэн юм.
Тэгвэл ЭХЯ-ны дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарчээ. Ерөнхий дүгнэлтдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-иуд сэлгэн залгалтын үеийн шуурхай ажиллагааны харьцааны заавар, мөн сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ хөтөлбөрүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо алдагдаж, хяналтгүй болсон. Гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй. Хяналт тавих үүргээ биелүүлээгүй, компанийн хэмжээнд сахилга хариуцлага алдагдсан зэрэг нь дээрх аваариуд гарах үндсэн нөхцөл болсон” гэж үзсэн байна.
Тодруулбал, захиалагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн талаар:
-“Ил хуваарилах байгууламж 4”-ийн ээлжийн инженер “ДЦС-4” ТӨХК-ийн ээлжийн монтерыг үйлдэл гүйцэтгэх үед хяналт тавиагүй
-Батлагдсан үлгэрчилсэн программын дагуу сэлгэн залгалтын хуудсыг “ДЦС-4” ТӨХК-тай хамтран бичээгүй, бүрэн хянаагүй алдаатай бичсэн,
-“Ил хуваарилах байгууламж 4”-ийн ээлжийн диспетчер “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн ээлжийн диспетчерт сэлгэн залгалтын программыг танилцуулж, зөвшөөрөл авсан боловч “ДЦС-4” ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй гэсэн байна.
Харин гүйцэтгэгч “ДЦС-4” ТӨХК-ийн талаар:
-“ДЦС-4” ТӨХК-ийн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д өгсөн ТГ-7 үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгаас гадна нэмэлт ажлын нарядыг цахилгаан цехийн дарга нэмж бичсэн бөгөөд олгосон нарядын дагуу хийж гүйцэтгэсэн байна. Гэвч хийгдэж байгаа ажлын талаар цехийн ээлжийн дарга нар болон инженерүүд ажил хүлээлцэхдээ мэдээлэл өгөөгүй,
-“ДЦС-4” ТӨХК-ийн 2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн даргад өгсөн захиалгаас гадна нэмэлт ажлыг наряд нээж, газардуулгын хутга тавьсан үйлдлээ шуурхай ажиллагааны дэвтэрт тэмдэглэсэн. Гэвч сануулах платакууд өлгөөгүй, дараачийн ээлждээ танилцуулж, анхааруулаагүй. Улмаар хийгдсэн ажлын талаар “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн ажилтанд мэдэгдээгүй байна.
-2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дөрөвдүгээр ээлж мэдээлэлгүй байсан тул сэлгэн залгалтын үед аваар гарсан,
-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн бичиж батлуулсан сэлгэн залгалтын программыг дөрөвдүгээр ээлжийн инженер, монтер бүрэн хянаж, шуурхай ажиллагааны схемтэй танилцаагүй гэсэн байгаа юм.
Тэгвэл зохицуулагч, хяналт тавигч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн талаар:
-Ээлжийн диспетчер “ДЦС-4” ТӨХК-ийн ТГ-7-д үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгын дагуу олгосон зөвшөөрлийн гүйцэтгэлд хяналт тавиагүй,
-Ээлжийн диспетчер Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн боловсруулсан сэлгэн залгалтын программыг бүрэн хянаагүй,
-Сэлгэн залгалтын программын болон сэлгэн залгалт хийхийн өмнө “ДЦС-4” ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй, энэ талаар удирдах щитны монтероор дамжуулан мэдэгдсэн гэж дүгнэлтэд өгүүлсэн байна.
Тэгэхээр дүгнэлт ингэж гарсан учраас “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-иудын удирдах албан тушаалтнууд хариуцлага хүлээж таарах биз ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Өмнөх захирал болох Нямдоржийн дүү бизнесийн хамтрагч шүүхээс ял авсан даа.Одоо гүйцэтгэх захирлаа түргэн томилж наад байгуулгаа увс бүлэглэлийн савраас бүрмөсөн ангижруулж шахаагий нь зогсоогооч Даваасүрэн сайдаа та юу хийгээд байнаа.
Энэ үед нэг хүн нас барсан тухай мэдээлэл гадуур их явж байна.Хэрвээ үнэн бол салбарын сайд,удирдлагууд нуугаад байна уу,эсвэл худал цуурхал бол залруулга хийгээч
Dandaa shahaanii hamraa sohson nusan tagnuud shuudee
Эрчим хүчнийхэн Та нар Засвар хийх нэрийдлээр хийж буй Хязгаарлалтаа хэзээ зогсоох вэ Сайжирсан зүйл алга л байна шүү дээ