Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд Япон улс руу хөнгөлөлттэй үнээр экспортлох бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш Осака хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзахдаа илэрхийлжээ. Манайхаас экспортлох бүрэн боломжтой бүтээгдэхүүнүүдий жагсаалтад хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн, эсгий шаахай, чацарганын зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, арьсан бүтээгдэхүүн бичигдэж байгаа юм.
Монголын МҮХАҮТ-ын тухайд энэ оны зургадугаар сарын байдлаар нийт 16 салбарын бараанд 1050 гаруй гарал үүслийн гэрчилгээг 40 орчим ААН-д олгоод байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Салбараар авч үзвэл, 30 гаруй хувийг ноос ноолуур, ээрсэн ноос ноолууран утсан төрлийн бүтээгдэхүүнд, 10 орчим хувийг адууны хөлдөөсөн мах болон дайвар бүтээгдэхүүнд олгожээ.
МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Чинзориг зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэхдээ, 2017 онд шинэчлэн байгуулагдсан манай зөвлөл Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын 8 дугаар зөвлөлдөх уулзалт, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон Улсад хийсэн айлчлал, Японы “Фудэкс 2018” үзэсгэлэнд оролцох бизнес айлчлал зэрэг томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Энэ оны 11 дүгээр сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах 21 дэх удаагийн олон улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийн “Tokyo International Industry Exhibition 2018” үзэсгэлэн яармагт бизнес эрхлэгчдийг хамруулахаар ажиллаж байна. Мөн Японы “Фудэкс 2019” үзэсгэлэнд оролцохоор бизнес айлчлалыг ирэх оны 3 дугаар сард Япон Улсын Чиба ХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна” гэлээ.
Зүүн Осака хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь бүс нутгийн хэмжээнд "Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль"-ийг үндэслэн байгуулагдсан, эдийн засгийн цогц байгууллага юм. Зүүн Осака хот нь үйлдвэрлэлийн томоохон хотуудын нэг бөгөөд үйлдвэрлэгчдийн 6456 аж ахуйн нэгж байдаг аж. Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102,3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77,3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36,5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр байгаа юм. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2018 оны 4 сарын байдлаар 152335 мянган ам.доллар үүнээс манай экспорт 3709,5 мянган ам.доллар, импорт 148626 мянган ам.доллар болж худалдааны нийт эргэлт 2017 оноос 35 хувиар өссөн дүнтэй байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )