Энэ оны сүүл гэхэд 1072 хувьцааг амь оруулна. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч ноогдол ашиг иргэн бүрт тараана гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг хэлж байсан. Тэгэхээр иргэн бүрт ашиг хүртээнэ гэх хүлээлтийг олон жил дагуулсан 1072 хувьцааг жинхэнэ утгаар нь амь оруулахын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК ихээхэн хүчин зүтгэлтэй ажиллах ёстой. Ямар ч байсан компанийн 30 хувийг нийтэд арилжаалах шийдвэрийг засгаас гаргасан. IPO гаргахын тулд олон улсын зөвлөх компаниудтай хамтран ажиллаж буй гэдгээ компанийн зүгээс дуулгасан. Ер нь бол IPO гарч байж, хувьцаа амь орох юм. Тэгэхээр он төгсөх ойртож буй энэ үед ямар шийдлүүд гарах бол гэдэг нь мэдээж анхаарал татаж байна.
Түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүлээлт үүсгээд буй. Тэгвэл өчигдөр болох байсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал ирц хүрээгүйн улмаас хойшлогдоод байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Тус компанийн албан сайтад мэдээлснээр 10 дугаар сарын 8-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болох аж.
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдэгдсэн юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )