Зарим ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа

2018 оны 09 сарын 27

 “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 450  сая төгрөгөөр нэмэгдүүлж, 5  тэрбум төгрөг болгон, компанийн бүтэц, бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэрийг СЗХ-ноос гаргалаа. Тус хорооны зүгээс 2016 онд 236 тоот тогтоол гарган, ердийн даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийнхыг 6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх хугацааг 2018 онд хангаж дуусгахаар заасан. Тэгвэл “Улаанбаатар хотын даатгал” ХХК  хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр уг тогтоолын хэрэгжилт 90 хувьтай болж буй аж.

Мөн Хөтөлийн “Цемент шохой” ХК Улаанбаатар хотод терминал болон тээрмийн цогцолбор байгуулахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилтыг босгох зорилгоор хаалттай хүрээнд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар шийджээ. Компанийн ТУЗ-ийн энэ шийдвэрийг СЗХ  хэлэлцээд, нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр болсон байна. Ингэснээр “Цемент шохой” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2 876 840 893 ширхэг хувьцаатай болж байгаа юм.

СЗХ-оос  “Инвескор капитал” ХХК-д үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, “Завхан нөхөрлөл”, Хужиртайн булгийн ундарга”, “Дэлгэрэн арвижих капитал” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгалаа. Холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангаж, зөрчил дутагдлаа өгөгдсөн хугацаанд арилгасан “Мэжик капитал ББСБ” ХХК-ийн түр түдгэлзүүлээд байсан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ. Мөн “Эй Эс Ай Би” ХХК-ийн даатгалын зуучлагчийн, “Их Монгол инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top