Сар бүр 20 гаруй мянган татвар төлөгч иргэн АЗТАН болж байна

2018 оны 10 сарын 02

Сар бүр сугалааны тохирлоор 20 гаруй мянган татвар төлөгч иргэн азтан болдог.  2018 оны наймдугаар сарын  1-31 хүртэлх хугацаанд цахим системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын тохирлоор 10 сая төгрөгийн азтан 1, таван сая төгрөгийн азтан 20, нэг сая төгрөгийн 196 азтан тодорсон. Харин есдүгээр сарын сугалааны тохирол 2018 оны аравдугаар сарын 21-нд явагдана.

Хэрэв хэрэглэгч та www.ebarimt.mn цахим сайтад сугалаагаа бүртгүүлж азтан болсон тохиолдолд 90 хоногийн хугацаанд багтаан дараах хоёр хэлбэрээр хүсэлтээ гаргаж баталгаажуулна. Нэгдүгээрт, www.ebarimt.mn сайтад нэвтрэн орж сугалаанд хонжвор хожсон мэдээллийн ард байх БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарж, хүсэлтээ илгээн баталгаажуулна. Хоёрдугаарт, гар утасны аппликейшнд өөрийн хаягаар нэвтрэн орж, андройд үйлдлийн системтэй хэрэглэгч СУГАЛААНД ХОНЖВОР ХОЖСОН мэдээллийн дор байх, IOS үйлдлийн системтэй хэрэглэгч ТОХИРЛЫН МЭДЭЭ цэсэнд байх БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарж, хүсэлтээ илгээнэ.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1,000,000 (нэг сая) төгрөг буюу түүнээс дээш төгрөг хожсон бол цахимаар хүсэлтээ баталгаажуулж, Улаанбаатар хотод бол ТЕГ-ын Орлогын газарт, хөдөө орон нутагт бол аймгийн Татварын хэлтэст, суманд бол татварын байцаагчид холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар,  хүсэлтээ хоёр хувь хэвлэж биечлэн өгнө. Та азтан болж хонжвор авах хүсэлтээ баталгаажуулсан бол ажлын 20 хоног буюу нэг сарын дараа таны бүртгэлтэй дансанд орно. Таны мэдээлэл алдаатай бол буцаагдсан төлөвт орох бөгөөд энэ тохиолдолд өөрийн мэдээллээ засварласны дараа дахин хүсэлтээ илгээж баталгаажуулах хэрэгтэй.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top