Хүлээгдсэн ТЭЗҮ-д энэтхэгчүүд дахин ЗАСВАР хийжээ

2018 оны 10 сарын 03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шав тавьж буй доорх зураг бол Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан өдрийн түүх. Тодруулбал, 2018.06.22-ны өдөр. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болсон ба 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.  БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэхийг юун түрүүнд сануулъя.


Дорноговьд барих тэрбумын өртөгтэй газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г Энэтхэгийн  “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулсан. Тэрийг нь Италийн компани хянаж буй талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тэгвэл  “Кинетик Технологи” компани ТЭЗҮ-ийн төсөлд хяналт, шүүмж хийж дуусгажээ. Тэдний шүүмж УУХҮЯ болон Энэтхэгийн талд хүргэгдээд байгаа аж. Манай тухайд шүүмжийг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэх бол Энэтхэгийн тал хэдийнэ шүүмжтэй танилцан, зарим засварыг нэмж хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Шав нь тавигдчихсан тул бүтээн байгуулалтын ажил яагаад эхлэхгүй байна вэ гэдэг асуулт яах аргагүй дагаж буй. Ер нь уг үйлдвэрийн ТЭЗҮ-тэй холбоотой мэдээллүүд эхнээсээ л чимээ багатай байсан учраас ТОДРУУЛСАН мэдээллийг хүргэх нь зөв болов уу.

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨӨС ДУНШСАН ТЭЗҮ

Энэ үйлдвэрийн Урьдчилсан ТЭЗҮ-ийн төсөл 2016 онд хийгдсэн байдаг. Харин нарийвчилсан ТЭЗҮ энэ оны гуравдугаар сард цаасан дээр буусан. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр "Престиж Инженеринг" ХХК ажиллаж,  үйлдвэрийн байршил, дамжуулах хоолойн трассын төлөвлөлттэй холбоотой байр зүй, геодези, инженер-геологи, усны судалгааны ажлуудыг 2017 оны арваннэгдүгээр сараас хийсэн гэх мэдээлэл бий. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих болсон нь үйлдвэрээс гарах бэлэн бүтээгдэхүүнийг гол зах зээлд нийлүүлэх дэд бүтэц, газрын тосны ордуудын байршил, түүхий тос дамжуулах хоолой тавих газарзүйн байршил, улс орны хөгжлийн бодлого зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзсэнтэй холбоотой.


Цаасан дээрх төслийг 2022 он гэхэд газарт буулгахын тулд ажил ямар төлөвлөгөөний дагуу явагдах вэ гэдэгт анхаарал хандуулъя.

  • Юуны түрүүнд Төслийн нарийвчилсан ТЭЗҮ бэлэн болсон байх ёстой. Тэгвэл өнөөдрийн тухайд 100 хувь хүлээн зөвшөөрөгдсөн ТЭЗҮ эцсийн байдлаар батлагдаагүй байна.
  • Үйлдвэр байгуулах талбайн бэлтгэл ажлыг эхлүүлэх нь төлөвлөгөөний гол хэсэг. Нэгэнтээ шаваа тавьчихсан учраас талбай бэлэн, ажил эхлэхийг л хүлээж байгаа юм.
  • Мөн Төслийн менежментийн компанийг сонгон шалгаруулах,  Үйлдвэрийн инженер-техникийн зураг төслийг боловсруулах, Үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын барилгын материалыг импортлох, Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, барилгын ажлыг эхлүүлэх,  Түүхий тос дамжуулах хоолойн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх, Түүхий тос дамжуулах хоолой болон өргөх станцуудыг суурилуулж угсрах ажлыг хийж гүйцэтгэх зэрэг ажлуудыг хийсний дараа ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХ ёстой. Энэ бол төслийн гүйцэтгэлийн дэс дараалал.

ХҮЧИН ЧАДАЛ БА ХҮРЭХ ЗАХ ЗЭЭЛ

Дөрвөн жилийн дараа үүдээ нээнэ гэж буй тус үйлдвэр  жилд 1.5 сая түүхий тос боловсруулж евро-4,5 стандартын шаардлага хангасан автобензин, дизель түлш, онгоцны түлш, ахуйн болон автотээврийн шингэрүүлсэн шатдаг хий, парафин вакс, полипропелин зэрэг дагалдах нефть-химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм. Газрын тосны бүтээгдэхүүний хэт хараат байдлаар олон жил замнасан манай улсын дотоодын зах зээл энэ үйлдвэрээс ямар үр ашиг хүртэх вэ гэдэг нь гол сэдэв. Жил бүр 1-1.1 сая тонн шатахууныг 1 тэрбум ам.доллараар импортлож, валютаа урсгадаг манай улсад гарц хэрэгтэй байгаа.


Тэгвэл газрын тосны нөөц, олборлолтын түвшин үйлдвэр байгуулах хэмжээнд очиж, жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг экспортолж байгаа тул, үндэсний хэмжээний томоохон төслөө ажил хэрэг болгочихвол Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь  дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж мэргэжилтнүүд тодотгож байна. 

 

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(64.119.17.176) 2018 оны 10 сарын 04

Harin tiimee hezee duusaj hezee ajil ehleh yam be erih barigchid hudlaa shoudahaa zogsooj ajlaa turgen hiigeechee esvel bas l neg eeljit shou yam uu iimerhuu baidlaar ajillaad baihad hen ta nariig demjih yam be

0  |  0
Зэв(172.68.255.164) 2018 оны 10 сарын 03

Ганц үйлдвэр барих гэж юу болж байнаа.

0  |  0
...(59.153.115.17) 2018 оны 10 сарын 03

яасан ч дуусдаггүй ТЭЗҮ юм яасан ч эхэлдэггүй ажил юм. ямар зовлот тавилантай юм энэ монгол улс.

0  |  0
z(66.181.187.245) 2018 оны 10 сарын 03

YAG ONOHIIG ONOL GEDEG TEZU-G TEGEJ HIIDEG YUM

0  |  0
Top