Хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн тоо олон байна. Тухайлбал, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай замын төсөл юм. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай зам барихаар шийдвэрлэсэн. Зам баригдсанаар Бичигт-Зүүнхатавч боомтын эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх дэд бүтцийн баталгаа бий болно. Ингэснээр экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж улмаар ачаагаа БНХАУ-ын Тяньжин, Жинжоу, Далиан боомтоор далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд, БНАСАУ-д гаргана гэх төлөвлөгөө дагаж байна.
Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай авто зам Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ба Монгол Улсын хил буюу Бичигтийн боомт хүрч төгсөх зураглалтай. Азийн замын сүлжээний АН32 буюу Мянганы замын хэвтээ тэнхлэгийн нэг хэсэг Өгий нуур-Батцэнгэл- Ихтамир сумдыг хатуу хучилттай авто замаар холбох аж.
Тодотгоход, Сүхбаатар аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог. Тэгвэл уг салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд аймгийн хөгжлийн бодлого чиглэж буй аж. Тиймээс Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам баригдсанаар Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болох боломж нээгдэж, гуравдагч зах зээлийн үүдийг нээнэ гэгдэж буй юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
togotgood hogjuul