Монголын шатарчдын түүхэн амжилт буюу мөнгөн медаль

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Монголын шатрын шигшээ багийн тамирчид Гүржийн Батуми хотноо болсон 43-р олимпиадад амжилттай оролцоод эх орондоо ирсэн билээ. Ялангуяа эрэгтэй багийнхан манай шатрын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт шалгаран, “В” ангилалд мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Тиймээс энэ удаад дэлхийн шатрын олимпиадын мөнгөн медальт эрэгтэйчүүдийн шигшээ багийн төлөөлөл багийн ахлагч, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, холбооны менежер Г.Баатар, эрэгтэй багийн ахлагч их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нартай ярилцлаа.  


-Гүржийн Батуми хэмээх үзэсгэлэнт хотод 43 дахь удаагийн олимпиад болж өндөрлөв. Манай эрэгтэй, эмэгтэй багийнхан амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүд маань түүхэн амжилтын эзэн боллоо. Энэхүү амжилтыг гаргахад хүчин чармайлт гаргаж, хувь нэмрээ оруулсан бүх хүнд баяр хүргэе. Тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлэх  үү?

Н.Н: -Маш өндөр төвшинд, хамгийн олон орны багийг хамруулсан тэмцээн болж өнгөрлөө. Бид уг олимпиадад эртнээс бэлтгэж, тамирчдаа хоёр ч удаа вакум орчинд нэгдсэн бэлтгэлд хамруулсан. Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа олимпиадад оролцох эрх авсан шатарчдаа Тэрэлж дэх жуулчны бааз болон Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр “Их тэнгэр”-т долоо хоногийн турш нэгдсэн цугларалтад гаргасан. Энэ нь манай шатарчдын амжилтад эерэг нөлөө үзүүлсэн болов уу. Мөн тамирчид маань хувийн бэлтгэлээ маш сайн хангасан. Багийн ахлагчийн хувиас дүгнэхэд манайхны бэлтгэл нэлээд өндөр төвшинд байлаа. Энэ удаагийн олимпиадад оролцоход шатарчдад маань дэмжлэг үзүүлсэн Монголын шатрын холбоо, шатарчдын гэр бүл, найз нөхөд, дэмжсэн албан байгууллагууддаа нийт багийнхаа өмнөөс талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэгээр, дэмээр Монголын эрэгтэй шатарчид 185 орноос 22 дугаар байрт шалгарч, “В” ангилалд мөнгөн медалийн эзэн болж том амжилт үзүүлээд ирлээ. Тэмцээнд оролцсон 185 орныг чансаагаар нь таван ангилалд хуваадаг. Чансаагаар эрэгтэй баг 46, эмэгтэй нь 16 дугаарт эрэмбэлэгдсэн. Ингээд олимпиадад явахаас өмнө эмэгтэйчүүд эхний 10-т, эрэгтэйчүүд амжилтаа ахиулах зорилготой явсан. “Их тэнгэр”-т нэгдсэн бэлтгэл хийж байхад биднийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг нар үдэн гаргасан. Ингэхдээ олимпийн наадамд оролцож буй баг тамирчдыг яаж үддэг, яг тэр жишгээр үдэн гаргах ёслол хийж, манайханд урам хайрласан. Их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Н.Баттулга нар бусдыгаа төлөөлж тамирчны тангараг өргөж, төрийн дууллаа эгшиглүүлж, Г.Занданшатар сайд бидэнд төрийн далбаагаа гардуулан өгсөн. Энэ олимпиадад Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр болон миний бие багийн ахлагчаар ажилласан. Бид ямар ч байсан бүх хүний захиасыг нэр төртэйгээр биелүүлээд ирлээ.

Ц.Б: -Багийн дундаж рейтингээр 46 дугаарт эрэмбэлэгдэж, Монголын шатрын түүхэнд хамгийн өндөр чансаатайгаар оролцлоо. Багийн тоглолтыг маш сайн хийв. 11 өрөг тоглоход ердөө хоёр хожигдсон. “В” ангилалд түрүүлсэн багтай оноо тэнцүү байсан ч коэффцентийн зөрүүгээр хоёрдугаар байр эзэллээ. Бүх тамирчин хувьдаа боломжийн тоглосон гэж дүгнэж байгаа. Бүгд чансаагаа ахиулж, У.Насанжаргал маань их мастерын норм авсан. Миний хувьд нэгдүгээр ширээнд 10 тоглохдоо хоёр хожил, долоон тэнцээ, нэг хожигдсон амжилттай. Хувийн зорилгоо биелүүлж чадаагүй ч чансаагаа хадгалж тоглосон. Хожих боломжтой байсан нэлээд хэдэн өрөг алдсан. Ширээндээ 16 дугаар байр эзэлсэн байгаа. Энэ том амжилт үзүүлэхэд багийн нэгдмэл байдаг маш чухал нөлөө үзүүллээ. Баг нэгдээгүй байсан бол ийм амжилт гаргахгүй. Хамгийн сүүлд л гэхэд Нидерландын маш хүчтэй багийн буулган авсан. Энэ баг дэлхийд чансаагаар 13 дугаар эрэмбэтэй яваа. Тэднийг хожсоны үр дүнд манай баг мөнгөн медалийн болзол хангасан. Хэрвээ хожигдох юмуу, тэнцсэн бол байдал өөрөөр эргэж, бид медальгүй нутаг буцах байлаа. Нэгдүгээр ширээнд гэхэд супер их мастер Аниш Гири байх жишээтэй. Миний хувьд Аниш Гири хэмээх супер их мастертай тоглож тэнцлээ. Үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан олимпиад болсныг энд онцлоё.

Н.Н: -Нэг зүйлийг энд зориуд хэлмээр санагдлаа. Манай Ц.Батчулуун энэ жил анх удаа дэлхийн шилдэг 128 шатарчин оролцдог цомын тэмцээнд анх удаа оролцсон.Ц.Сайнбаяр ерөнхийлөгч, Ц.Батчулуун мастер, бид гурав өнгөрсөн жил Гүржийн Тбилиси хотод дэлхийн цомд оролцож байсан юм. Ц.Батчулуун мастер амжилтаа ахиулж, нэгдүгээр ширээнд багаа ахлан гол ачааллын дааж, үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж холбооны зүгээс дүгнэж байгаа.

С.Б: -Өмнөх хүмүүсийн хэлсэнчлэн яалт ч үгүй бахархам амжилт үзүүллээ. Шатар хувийн спорт ч гэлээ багаараа хэрхэн нэгдэж чаддагийг манайхан харуулж чадсан. Хүн бүр даалгавраа давуулан биелүүлсэн. Миний хувьд хоёр дахь удаагаа олимпиадад оролцож байна. Анх дөрөвдүгээр ширээнд байсан бол энэ удаа хоёрдугаар ширээнд тоглосон. Сүүлийн өрөг хүртэл үргэлж өөрөөсөө дээгүүр чансаатай шатарчидтай тоглолоо. Сул гэсэн өрсөлдөгч нараасаа найдвартай хожлуудаа авсан байгаа. Хүчтэй багуудаас дутуу зүйл харагдсангүй. Манайхан илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж харсан.

У.Н: -Шатарчин хүний мөрөөдөл нь олимпиадад оролцох. Тэгвэл миний мөрөөдөл энэ удаа биелж анх удаа олимпиадад өрсөлдлөө. Дэлхийн томчуудтай нүүр тулсан, сайхан дурсамжтай тэмцээн болсон. Энэ тэмцээнд оролцоод тоглож байгаа нь миний хувьд хамгийн том амжилт байлаа. Багаараа мөнгөн медаль аваад, их мастерын хоёр норм биелүүлнэ гэж бодоогүй явсан. Зүүд шиг л санагдаж байна. Сэлгээний тоглогчоор явсан учраас боломж олдвол түүнийгээ алдахгүй байх зорилготой. Надаас бусад нь олимпиадад оролцож байсан учраас харьцангуй туршлагатай. Өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Намайг ийм амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл бол манай багийнхан. Мөн Монголын шатрын холбооны зохион байгуулалт. Багийн уур амьсгал үнэхээр сайн байсны хүчинд бид өндөр амжилт үзүүлж, би их мастерын хоёр балл авлаа. Бүгдээрээ нэг зорилгын төлөө урагшилсан нь надад эерэг үр дүн өгсөн. Анхны олимпиад учраас бүх зүйлд сэтгэл хангалуун, тайван байж чадсанаар боломжийн амжилт үзүүллээ. Багийн тав дахь тоглогч тэр бүр олон тоглолт хийгээд байдаггүй. Дээд тал нь л зургаан тоглолтод оролцдог. Тэгвэл манай багийнхан маш том боломж олгосон. Би есөн өрөг тоглосон шүү дээ. Есөн өргөөс зургаа хожиж, гурав тэнцсэн. Олимпиадад багаараа тоглоно гэдэг асар том хариуцлага юм билээ. Багийн зохион байгуулалтын алдаанаас болж хоёр хожигдсоныг эс тооцвол маш сайн байсан гэж дүгнэж байгаа. Би энэ багаараа бахархаж байна. Нэг, хоёрдугаар ширээний тоглогчид найдвартай байсан учраас бусаддаа нэг их дарамт болсонгүй. Том багуудын тоглолтыг ажиглахад эхний гурван ширээ найдвартай тоглолт хийж, дөрөвдүгээр ширээнд гол эрсэдэлээ гаргадаг юм билээ. Энэ ч утгаараа эхний гурван ширээний тоглогчид үүргээ маш сайн биелүүлж байсан учраас надад тоглоход илүү амар байлаа. Ерөнхийдөө энэ олимпиад надад багийн тоглолт гэж юу вэ, нэгдмэл байдлын давуу тал ямар байдгийг мэдрүүлсэн. Холбооныхондоо, багийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. Дараа дараагийн олимпиадад улам сайн тоглохын төлөө хичээх болно.

-Олимпиадын эргэн тойронд болж өнгөрсөн сонин сайхан, онцлох үйл явдлаас товч мэдээлэл өгөх үү, багийн ахлагч?

Н.Н: -Манай багийн гуравдугаар ширээний тоглогч, олон улсын мастер Н.Баттулга Эрдэнэтэд тэмцээн зохион байгуулж байна. Дөрөвдүгээр ширээний тоглогч, олон улсын мастер Г.Мөнхгал маань өндөр чансаатай шатарчдын тойргийн тэмцээнд оролцож байгаа. Тиймээс дээрх хоёр тамирчин маань ирж чадсангүй. Манай хоёр шатарчин маш сайн тоглосон. Н.Баттулга сүүлийн өрөгт Нидерландын шатарчныг хожсоны дараа “Ван Вили бол миний шүтдэг шатарчин. Энэ хүнийг шатар тоглож эхэлсэн цагаасаа л шүтэж, тоглолтынх нь арга барилаас суралцдаг байлаа. Гэтэл олимпиад түүнтэй тоглох боломж гараад, бүр хожлоо. Энэ бол миний амьдралд мартагдахгүй сайхан үйл явдал болж байна” гэж хэлсэн. Манай шатарчид амжилт үзүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь санхүү. Багийнхан санхүүгийн тал дээр огт санаа зовоогүй. Тийм учраас ийм өндөр амжилт үзүүлж чадлаа. ФИДЕ-гийн ерөнхийлөгч болсон Аркадий Дворковичийг манай холбоо анхнаас дэмжиж байсан. Тэр ч утгаараа Монголд болсон Азийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах үеэр түүнд УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятавын хувийн урилгыг Дворковичид илгээж урьсан байгаа. Тэр хүн Азийн аваргын нээлт дээр ирэхдээ манай холбооныхонтой танилцахын сацуу Монголын шатрын хөгжлийг нүдээр үзсэн. Түүнчлэн яагаад түүнийг дэмжиж байгаагаа бид тодорхой хэлсэн. ФИДЕ-гийн шинэ ерөнхийлөгч Дворкович Монголд ирэхдээ манай холбоонд багагүй мөнгө хандивласан. Түүгээр нь бид тамирчдынхаа ирж, очих зардал, буудал, хоол, ая тухтай байх зэрэг нөхцлийг нь хангалаа. Манай тамирчид ч тэмцээнээс өөр зүйлд санаа зовохгүй байх боломж бүрдсэн учраас бүхий л чадлаараа тоглож,  өнөөдрийн энэ амжилтад хүрснийг тодотгох хэрэгтэй болов уу. Шатарчид маань амжилт үзүүлээд зогсохгүй Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ФИДЕ-гийн удирдах зөвлөлийн зургаан гишүүн нэг болсон баярт үйл явдал бас давхар тохиолоо. Монгол хүн олон улсын холбоонд ийм өндөр сонгуульт албан тушаал хашна гэдэ нэр төрийн хэрэг. Бас Монголын шатрыг холбоо, манай шатарчдыг олон улсад хэрхэн үнэлж, дүгнэж байгаагийн илрэл нь энэ. Манай баг анх удаа олимпиад болж буй газар штабаа байгуулаад, төрийн далбаагаа мандуулж, тэмцээндээ оролцохын өмнө төрийн дууллаа сонсоод өрөгөө эхлүүлдэг байлаа. Энэ мэтчилэн тамирчдын сэтгэл санааг өргөх шинэ зүйл санаачилсан нь бас үр дүнгээ өгсөн гэж бодож байна. “Төрийн дууллаа сонсдог болсноос хойш манай баг нэг ч хожигдсонгүй” гэж шатарчид маань ярихыг сонсох сайхан л байсан, надад. Сэтгэл санаа тайван байх, сэтгэл зүй өндөр байвал ямар ч тэмцээнд амжилт үзүүлнэ шүү дээ. Яваандаа шатрын спорт олимпийн наадмын төрлүүдтэй эн зэрэгцэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд нэг зүйлийг онцолж, талархал илэрхийлье. Тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав, Б.Саранчимэг нар шатарчид дээрээ ирж олимпиадыг үзэхийн сацуу багийнхандаа урам өгсөн. Энэ нь манайханд их дэм болсон шүү.

-Шатарчид нэгдсэн бэлтгэл хийхээс гадна хувийн бэлтгэлээ гадаад руу цуврал тэмцээнд явж хийдэг. Бэлтгэлийнхээ тухай ярих уу?

С.Б: -Олимпиадад багаараа оролцох ч хүн бүр өөрийн өрөгтөө анхаарал хандуулах ёстой. Хувийн бэлтгэлээ сайн хангаж байж багийн амжилт гарна. Тэр утгаараа өөрийн клуб болон дасгалжуулагчтайгаа бэлтгэлээ хийгээд явсан. Миний хувьд их мастер Ц.Батчулуун ахтай нэг клуб учраас бэлтгэлээ хамт хийсэн. Бид шатрын “Чингис” клубын тамирчин гэж явдаг. Сүүлийн дөрвөн жил Европын цуврал тэмцээнд оролцдог болсон байгаа. Энэ жил л гэхэд Франц, Швейцарь, Польшид болсон цуврал тэмцээнд өрсөлдөж, бэлтгэлээ хангасан. Тиймээс хувийн бэлтгэлээ дажгүй хангасан гэж бодож байна.

Ц.Б: -Энэ жил хоёр удаа багаараа цугларалтад гарсан. Энэ нь манай багийнханд давуу тал болсон байх. Өмнө нь ингэж нэгдсэн байдлаар бэлтгэлд гарч байгаагүй. Олимпиадын өмнө би Сингапурт болсон тэмцээнд түрүүлж, “Чингис” клубээс зохион байгуулсан тойргийн тэмцээнд оролцсон. Хувийн бэлтгэл нэлээд сайн байсан.

У.Н: -Би бэлтгэлээ өөрийнхөө “Гранд мастер чесс” клуб дээрээ хангадаг. Хувиараа л... Өөрийн бэлтгэлээ өөрөө л хангадаг. Бусад шатарчныг бодвол бэлтгэл хангадаг баг бий, надад. Оюуны өмчийн газрын дарга асан, гавьяат хуульч Н.Чинбат бидний бүх бэлтгэл, амралтын хуваарийг хариуцдаг. Мөн их мастер Б.Гүндаваа ахаас зөвлөгөө авч байна. Ер нь бэлтгэл сайтай байсан болохоор анхны олимпиаддаа харьцангуй форм сайтай оролцсон.

-Энэ олимпиадын хамгийн их сэтгэл хөдөлгөсөн өрөг нь яах аргагүй сүүлчийн өрөг байлаа. Дундаж чансаагаар манай шатарчдаас 200-гаар илүү чансаатай шатарчдыг хожиж мөнгөн медаль авсан. Энэ тоглолт та бүхэнд ямар дурсамж үлдээв?

Ц.Б: -Өрөг бүр чухал байсан. Гэхдээ Нидерландын багтай хийсэн тоглолт бүр ч чухал. Дээр хэлсэнчлэн хожих л шаардлагатай. Хожигдвол медальгүй. Шатрын олимпиад нь топ зэрэглэлийн шатарчидтай тоглох боломж гардгаараа онцлогтой. Дээр хэлсэнчлэн миний хувьд Аниш Гиритэй тоглож тэнцсэн нь үнэхээр бахархууштай. Энэ бол миний дээрээсээ хоёрдугаарт орох үзүүлэлт. Өмнө нь Энэтхэгийн их мастер Анандыг дэлхийн аварга цол эзэмшиж байхад нь тоглосон юм. Олимпиадын сүүлийн өрөг эрт эхэлдэг учраас өглөө бэлтгэл хийх боломж гардаггүй. Тиймээс зарим баг тактикийн тоглолт хийдэг. Гири ч надтай тоглохдоо үндсэн гараагаа хийгээгүй. Тэгээд эхнээсээ эн тэнцүү явсаар байгаад тэнцээгээр дууссан.

С.Б: -Хөгжилтэй олимпиад болж өнгөрсөн. Ширээний ард суухдаа шууд хожно гэж бодоогүй. Мэдээж тус тусынхаа үүргийг тултал нь биелүүлэх зорилготой. Нидерландтай тоглоход нэлээд асуудал гарсан. Миний хувьд хоёрдугаар ширээнд хараар тоглосон. Хараар тоглоход тэнцэнэ гэдэг нь даалгавраа биелүүллээ гэсэн үг. Гараагаа дажгүй эхлүүлсэн учраас тэнцүү явсаар дууссан. Хожих боломж байсан. Гэвч багийн амжилтыг бодоод хамгийн найдвартай замаар тэнцсэн. Нидерландын баг медалийн шаансгүй болсон учраас манайхтай тоглохдоо сэтгэлзүйн хувьд хүнд байдалд байсан байж болох юм. Би ингэж таамагласан. Сүүлийн өрөгт яагаад ч юм бэ Нидерланд хүчтэй санагдаагүй. Хэдийгээр топ их мастерууд байсан ч бид хожиж чадлаа. Эндээс харахад дараагийн олимпиадад бид топ зэрэглэлийн багуудтай өндөр төвшний тоглолт үзүүлэх боломжтой юм байна гэж хувьдаа дүгнэсэн.

Н.Н: -Хамгийн сүүлийн өргийн өмнө ширээнд суух бүрэлдэхүүнээ зохион байгуулагч оронд илгээдэг. Насаа маань нэг өрөгт тоглоход л их мастерын хоёр норм биелүүлэх боломжтой байсан. Гэтэл манай багийн мэдүүлэг ирээгүй гэдэг шалтгаанаар үндсэн бүрэлдэхүүнд Насааг багтаагаагүй оноолт гарч ирсэн. Тэр үед эрэгтэй, эмэгтэй бүх шатарчин нэгнийхээ төлөө, нэг сэтгэлээр нэгдэж чадсан нь үнэхээр гайхалтай. Ингээд тэмцээн эхлэхээс 30 минутын өмнө холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, мөн тэмцээний ерөнхий шүүгчийн хамт Нидерландын багтай уулзахдаа “Дөрөвдүгээр ширээнд У.Насанжаргал гэдэг шатарчин тоглох ёстой байтал нэр нь ороогүй байна” гээд хүнээ солих хүсэлт гаргасан. Харин нидерландчууд тэмцээн эхлэхээс 15 минутын өмнө бидний саналыг хүлээн авснаар Насаа дөрөвдүгээр ширээнд сууж, тэнцсэн. Зүгээр ч нэг тэнцээгүй. Их мастерын хоёр норм биелүүлж, багаа мөнгөн медаль авахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ бол багийн нэгдмэл байдлыг жинхэнэ утгаар нь харуулсан үйл явдал байлаа. Үүнийг онцлохгүй байхын аргагүй. Гурван тамирчин тэнцээд босоод явчихсан. Хамгийн сүүлд Н.Баттулга тоглоод үлдсэн. Нүүдлийг нь харахад мориороо ацалж, бэрсийг идсэн. Тэр цагаас хойш Ван Вилиг нүүдлээр дарамталсаар байгаад буулгаж авсан нь үнэхээр гоё. Тоглолтын өмнө бол Нидерландтай тэнцэх тухай л бодож байлаа шүү дээ.

У.Н: -Бүх өрөг хариуцлагатай байсан. Хувь хүн байсан бол хүссэнээрээ л тоглоно. Гэтэл багийн ажиллагаа учраас өндөр хариуцлага шаардлагатай. Хэд хэдэн өрөгөө өмнөх орой нь бэлдсэн. Иран, Дани, Нидерланд гэсэн гурван орны шатарчин хамгийн хүнд, бас надаас чансаагаар илүү тамирчинтай оноолт таардаг юм байна. Сүүлээсээ өмнөх өрөг миний хувьд хамгийн чухал байсныг тэмцээний дараа мэдсэн. Сүүлээсээ өмнөх өрөгт сайн бэлдэж чадаагүй. Тэгээд тэмцээн бүр эрт бэлдсэн хувилбараа гаргасан. Нэг ёсондоо нуусан гилийн тугаа гаргасан гэсэн үг. Эцсийн боломжоо ашигласан нь манай багийнханд хүнд туссан байх. Тэр нь миний хамгийн сонирхолтой өрөг байлаа. Хамгийн сүүлийн өргийн хувьд Нидерландын дөрөвдүгээр ширээний тоглогчтай би өмнө Европын нээлттэй тэмцээнд оноолт таараад тоглож үзсэн гэдэг утгаараа айдас байгаагүй. Өмнө нь хожиж байсан учраас өөрийнхөө бэлдсэн тоглолтоо л гаргасан. Харин өрсөлдөгч маань намайг сууна гэж мэдээгүй учраас миний эсрэг хэрхэн тоглохоо бэлдэж чадаагүй болов уу.

-Г.Баатар ах та Монголын шатрын холбооны генсекээр ажиллаж байсан. Энэ удаагийн олимпиадын багийн бүрэлдэхүүнд багтлаа. Шатарчдаа хараад юу бодож байв, хувийн зүгээс ямар дүгнэлт хийсэн бэ?

-Өмнө нь манай шатарчид ажлынхаа хажуугаар шатар тоглож, бэлтгэлээ хийж, ажлаасаа чөлөө авч тэмцээнд оролцдог байлаа. Гэтэл одоо бүх зүйлээ зөвхөн шатарт зориулах боломжтой болсон байна. Дээрээс нь шатрын олон сайн программ дээр бэлтгэл хийж байна. Ер нь энэ спорт асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгааг анзаарлаа. Холбоо цаашид өндөр төвшний тамирчдыг яаж бэлдэх вэ, санхүүгээ дээшлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг байна. Өнөөдрийн амжилтаа ахиулж, илүү гаръя гэвэл санхүүгээ баталгаажуулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо манайханд ирээдүй байна. Бага насны шатарчид маань тив, дэлхийд тогтмол амжилт үзүүлдэг боллоо. Хоол ундаа хэрхэн тохируулах, яаж амрах, хэдийд бэлтгэл хийх зэргээ сайн төлөвлөж, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэвэл амжилт гаргахад ойрхон байна. Улам сайжрах боломж бий гэдгийг олж харлаа. Тамирчдынхаа гаргасан амжилт, үзүүлсэн тоглолтод сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл манай эрэгтэй, эмэгтэй шатарчид бүгд чансаагаа бага хэмжээгээр ч болов өсгөсөн. Рейтингээ өсгөнө гэдэг нь өөрийнхөө хэмжээнээс дээгүүр тоглосон гэсэн үг шүү дээ.

-Эмэгтэй багийнхаа амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Сүүлийн гурван олимпиадад тогтмол амжилт үзүүлж, байр сууриа хадгаллаа шүү дээ. Үүнээс ч илүү өндөр амжилт үзүүлэх боломж байсан байх?

Н.Н: -Нуугаад яах вэ, үнэнийг хэлэхэд эмэгтэй багаа илүү өндөр амжилт үзүүлнэ гэсэн хүлээлттэй байсан. Угаасаа тийм ч зорилготой Батумид очсон. Эрэгтэйчүүдийнхээ төвшинг ахиулж, эмэгтэйчүүддээ илүү найдвар тавьсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд их хүчтэй баг бүрэлдсэн. Гурван их мастертай. Эмэгтэйчүүд сайн тоглосон ч зорилгоо хараахан биелүүлж чадсангүй. Холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зэрэг ажиглагч нарын хэлснээр манай эмэгтэйчүүд цацаа, цалгиа ихтэй, савалгаатай тоглолоо. Хожих зүйл дээр хожигдож, хожигдож байсан газар хожсон. АНУ-ын багийг л гэхэд илт давуу хожиж яваад төгсгөлөө тааруу хийж хожигдсон. 151 орноос 20 дугаар байр эзэлж, амжилтаа хадгалсан. Т.Мөнхзулын хувьд олон улсын мастерын хоёр норм биелүүллээ. Сүүлийн өрөгт Энэтхэгтэй тоглож хожигдсон. Хэрвээ хожсон бол шилдэг 10-т багтах боломжтой байв. Өмнөх амжилтаа уруудуулаагүй учраас боломжийн амжилт үзүүлсэн гэж харж, дүгнэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд шагнал урамшууллын талаар та бүхний саналыг сонсмоор санагдлаа. Их мастерууд маань нэг бус удаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Ер нь амжилт үзүүлсэн тамирчид, багийг урамшуулахдаа алагчлаад байна гэсэн гомдол байдаг. Энэ талаар байр сууриа илэрхийлэх үү?

Ц.Б: -Шатар нь өөрөө чанга спорт шүү дээ. Шатрын спорт дэлхийд хөгжөөд 200 орчим жил болж байхад ердөө 16-хан дэлхийн аварга цолтон төржээ. Энэ бол нас, хүйс, жин харгалзахгүйгээр эрэгтэй, эмэгтэй цорын ганц дэлхийн аварга байдаг. Тэгэхээр хувийн төрөлд дэлхийн аварга болно гэдэг маш хүнд. Тиймээс шатрын спортыг арай өөрөөр үнэлэх ёстой байх. Азийн медаль, дэлхийн медаль гэхээр бусад спорттой дүйцүүлж, жиших боломжгүй юм. Мэдээж шатрыг төр засгаас сайн дэмжиж байж шатарчид амжилт гаргана. Олимпийн баг шиг ээ шигшээ багаа тогтмол баривал амжилт бүр харагдана. Медаль авсан тамирчдаа төр засгаас бусадтай адилхан сайн шагнаж, урамшуулах хэрэгтэй.

Н.Н: -Анх Г.Шийлэгдамба сайдын үед шатрын шигшээ баг байгуулагдсан байдаг. Улмаар 2016 оны сүүлчээр татан буугдсан. Энэ нь Риогийн олимптой холбоотой, төсөв санхүү тааруу гэсэн шалтгаанаар шатрын шигшээ багийг татан буулгаж, олимпийн төрлүүддээ гол анхаарлаа хандуулжээ гэж ойлгодог юм. Гэхдээ өнгөрсөн жилээс манай холбоо эрчимтэй хөөцөлдсөний дүнд 2019 оноос шатрын шигшээ баг байгуулахаар болсон. Ямар ч байсан эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр шатарчин, мөн хоёр дасгалжуулагч, нийт зургаан хүний орон тоотойгоор байгуулна. Үүнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар их дэмжлэг үзүүлж байгаа. Олимпиадын үеэр нэг зүйл ажиглагдсан. Бусад орон шатраа маш өндөр төвшинд хүлээж авдаг юм байна. Жишээ нь, ОХУ л гэхэд шатарчдаа олимпийн зэрэглэлийн тамирчидтайгаа адилтгаж хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, шагнаж урамшуулдаг. Тэмцээнд ирэхдээ ерөнхийлөгчийнхөө хувийн онгоцоор бууж байна. Цаашлаад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан байна билээ. БНХАУ л гэхэд шатрыг бүх спортынхоо хамгийн дээр нь эрэмбэлж байна шүү дээ. Манай улсын хувьд сүүлд байгуулагдсан холбооны идэвхтэй үйл ажиллагааны хүчинд УИХ-д шатрыг дэмжигчдийн бүлэг байгууллаа, ирэх жил шигшээ багтай болно. Илүү хичээвэл топ төвшний спортуудтай ижил хэмжээнд тамирчдынхаа амжилтыг үнэлүүлэх боломж бий. Холбооны зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Удахгүй ажлын маань үр дүн гарах байх. Олимпиадад эрэгтэй тамирчдынхаа үзүүлсэн амжилтыг Засгийн газарт танилцуулаад, мөнгөн шагнал олгуулах талаар хөөцөлдөж байна.

Г.Б: -Хоккейчид “В” ангилалд мөнгөн медаль авахад, “түүхэн амжилт” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, баяр хүргэж байсныг санаж байна. Олимпийн төрөл учраас хүлээн авсан байх. Шатрын спортын хувьд их мастер цолтой 1500 гаруй тамирчин л бий. Дэлхийд шүү дээ. Энэ цолыг авна гэдэг тийм амар биш. Тэгэхээр миний хувьд их мастер цолтой шатарчинд ядаж л дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчны мөнгөн шагналтай дүйцэхүйц шагнал олгомоор байгаа юм. Сар бүр нэг сая төгрөг ч гэдэг юм уу. 20, 30 жил хөдөлмөрлөсний дүнд их мастер цолонд хүрээд, түүнийгээ үр шимээр сар бүр улсаас сая төгрөгийн цалин авна гэдэг сайхан биз дээ. Хүний амьдрал, амжилт хүртэл тэс өөр болно. Олимпийн аварга шиг сард дөрөв, таван сая төгрөг авах нь хаашаа юм. Сая төгрөг гэдэг чинь хүний амьдралд нэлээд өөрчлөлт авчирна шүү дээ. Ямар ч байсан амьдралын баталгаа болно.

-Хэдхэн хоногийн өмнө их мастер Б.Мөнгөнтуултай ярилцлага хийсэн юм. Тэгэхэд “Их мастер цолонд хүртлээ 20 гаруй жил хувиасаа зардлаа гаргаад тэмцээнд оролцож явлаа. Их мастер болсон хойно ч энэ байдал яг л хэвээрээ. Их мастер цолтнууд нь ядаж улсаас зардлаа гаргуулдаг болох юмсан” гэж хэлж байлаа?

Г.Б: -Их мастер болчихоод тэмцээнд оролцох зардал хайгаад, байгууллагын хаалга тогшоод мөнгө гуйна гэдэг ичгэвтэр л дээ. Хуулиндаа их мастер цолтнуудад улсаас сар бүр цалин оруулна гэдгийг ямар нэгэн аргаар оруулчихвал шатарчид маань, тэр дундаа их мастерууд гуйлга гуйх шаардлагагүй болно. Их мастер цол авахын тулд асар их хөдөлмөрлөдөг гэдгийг л ойлгуулж чадвал болох гээд байгаа юм.

Н.Н: -Холбоо ч бас энэ тал дээр сайн ажиллана. Япон, БНСУ зэрэг том орнууд их мастергүй байхад манайд 10 байх жишээтэй.

Ц.Б: -Хүн амынх тоонд харьцуулбал гурван сая хүнтэй оронд 10 их мастер цолтой шатарчин байна гэдэг өндөр үзүүлэлт. Их мастергүй орон ч бий.

С.Б: -Эндээс шатрын спортын онцлог л харагдаж байгаа юм. Бусад спортын хувьд жин, эсвэл насны ангилалдаа амжилт үзүүлж, түүнийгээ үнэлүүлдэг. Гэтэл шатар нь жин, насны ангилалгүй. Мөн цолны төлөө л тоглодог. Дотоодын цол нь олон улсын хэмжээний мастер гээд дуусч байхад шатар нь түүний дээр олон улсын мастер, их мастер гэсэн хоёр цол байна. Тэгэхээр цолоор нь амжилтыг дүйцүүлдэггүй юм бол өөрөөр дүйцүүлэх ямар ч боломжгүй. Энгийн дэлхийн аварга гэж байхгүй. Эрэгтэй, эмэгтэй тус бүр цорын ганц дэлхийн аварга бий. Одоогоор эрэгтэй нь Магнус Карлсен, эмэгтэй Жү Вэнжүн. Бусад хүн нь цолоороо л ялгарч байгаа юм. Тиймээс Азийн аварга, дэлхийн аваргын медальтай харьцуулж, дүйцүүлэх боломжгүй.

Ц.Б: -Эсвэл чансаагаар нь эрэмбэлж шагнаж болох юм. Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд цол ахих тусам амьдрал нь дээшилж, амьжиргаа нь сайжраад л байдаг. Гэтэл шатарчид таван настай байхдаа ямар амьдралтай байсан их мастер болсон ч яг тэр хэвээрээ л байна. Одоо хүртэл тэмцээнд оролцох гэж бусдаас зардал гуйна, олдохгүй бол зээл тавина. Дээшээ цол ахих тусам л илүү их зардал гардаг.

Н.Н: -1990 он хүртэл намын хорооноос шатрын спортод их анхаарал хандуулдаг байсан юм билээ. Тэмцээн уралдаанд оролцоход зардлыг нь өгчихдөг, цалинжуулдаг тийм зүйл байсан. Яг үүний нэгэн адил Хятадын бахархал Хоу Ифань гэхэд төрийн тусгай хамгаалалтад, тусгай хангамж эдэлдэг байгаа юм. Тэгэхээр цаашдаа холбооны хувьд санхүүгийн хувьд сайн бэхжих ёстой гэдгийг ойлголоо. Зөвхөн шатар гэлтгүй даам, ой тогтоолтоор л гэхэд манайхан бүх дээд амжилтыг эзэмшиж байна. Тиймээс холбоо сайн ажиллахын сацуу төрөөс оюутны спортыг нэлээд бодлоготойгоор дэмжээд өгвөл тамирчид маань энэ бэрхшээлээс гарах болов уу, шагнахгүй байна гэж байнга гомдоллоод байхгүй биз. Эцэст нь шатрын спортыг байнга дэмждэг бүх хүнд талархал илэрхийлье. Шатрын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн холбооны үе үеийн удирдлагууддаа баярлалаа. Цаашдаа Монголын шатарчдын амжилтын буухиа улам бүр үргэлжлэх болтугай.

Ц.Б: -Спортод элэгтэй бизнесмэнүүддээ хандаж шатрын спортод хөрөнгө оруулалт хийж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт гаргаж яваа шатарчдаа дэмжээрэй гэж уриалмаар байна. Та бүхнийхээ дэмжсэн дэмжлэг, итгэсэн итгэлийг шатарчид үргэлж амжилт, зүтгэлээр хариулахын төлөө хичээх болно гэж хэлье.

 Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top