”Чингис хаан” рок дуурь 12 жилийн дараа дахин тайзнаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Монголын ууган урлагийн байгууллагуудын нэг Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга 86 дахь жилийнхээ нээлтийг "Чингис хаан" рок дууриар хийхээр болжээ. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга “Тоонот нютаг” бүжгийн цоморлиг, “Нарны охид” дуулалт жүжиг, "Хүннү" дуурь, "Нэр төр" бүжгэн жүжиг зэрэг нэрийн хуудас болсон том хэмжээний уран бүтээлүүдтэй.

"Чингис хаан" рок дуурийг одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан тавьж байсан түүхтэй. Дуурийн цомнолыг Д.Ганзориг, хөгжмийн зохиолыг С.Тараа нар бичжээ.

2006 онд тавигдсан "Чингис хаан" рок дуурийн Чингис хааны дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар бүтээж байсан бол өдгөө сэргээн тавигдах гэж буй рок дуурийн Чингис хааны дүрийг дуучин Б.Батбаатар дахин амилуулах юм.

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Л.Баттөр:

-Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ жил 86 дахь жилдээ өвөл цагийн нээлтээ хийж байна. Манай чуулгын өвөл цагийн нээлтийн тоглолтууд их өвөрмөц болдог. Захиргаа, уран сайхны зөвлөлийн гишүүд ярилцаад, "Чингис хаан" рок дууриар нээлтээ хийхээр болсон. "Чингис хаан" рок дуурь нь Азид анх удаа тавигдсан рок дуурь гэдгээрээ онцлогтой. Хамгийн анх 2006 онд тавигдахдаа тухайн жилийнхээ оны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртэж байсан. Рок дуурийн найруулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж хэлж болно. Бид өмнөх тавилтаа сэргээж, тайзнаа дахин амилуулж байна. Харин уран бүтээлчид, хувцас, тайзны хувьд харьцангуй шинэчлэл хийгдсэн. Бэлтгэл сургуулилтын хувьд 70 хувьтай хангагдаад явж байна.

Энэ удаад тавигдах "Чингис хаан" рок дуурийн бас нэгэн онцлог гэвэл манай чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар 10 жилийн дараа дахин Чингис хааны дүрийг бүтээн дуулах гэж байгаа явдал юм. Учир нь 10 жилийн өмнөх залуу дуучин Б.Батбаатар, одоогийн Гавьяат жүжигчин, тус чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар хоёрын хувьд цаг хугацаа, чадвар, туршлагын асар том ялгаа бий болсон байх. Магадгүй 2006 онд дуучин Б.Батбаатар омголон залуу Тэмүжиний дүрд илүү ойр байсан бол одоо буурьтай, алсын хараатай, хүчирхэг Чингис хааныг бүтээх болов уу гэж бодож байна. Түүнээс уран бүтээлч хүний арга ажиллагаа, дүр хэрхэн бүтээх зэрэг өргөн өнцөг харагдана. Хэрэв 2006 онд манай дуурийг үзэж байсан үзэгч одоо дахиад үзвэл ялгааг нь илүү олж харах байх.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top