Алдартай уран бүтээлчдийн мууртайгаа байгаа гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

"Урлаг бол маш хартай нууц амраг. Хэрэвзээ эр хүн яруу найраг, уран зураг, хөгжим, философи, уран барималд үнэхээр гарамгай авъяастай аваас тэр гарцаагүй муу нөхөр байдаг бөгөөд гэр бүлдээ зөвхөн шаналал зовиурыг л авчрагч болдог" гэж Америкийн нийтлэгч, яруу найрагч Ральф Эмерсон хэлсэн байдаг.

Дэлхийн хамгийн алдартай суут сэтгэгч, уран бүтээлчдийн амьдралын түүх "ганцаардал" гэх үгтэй нягт холбогддог. Магадгүй тэд ийм алдартай болоход, дахин давтагдашгүй, суут бүтээлийг туурвихад ганцаардал хамгийн их үүрэг нөлөө үзүүлсэн байж болох юм. Бас тэднээс ажиглагддаг нэг ижил зүйл бий. Ихэнх алдартнууд зэвүүн, адтай гэж хүмүүсын тодорхойлдог муур тэжээдэг ажээ. Муур ч бас их ганцаардмал амьтан.

Ингээд хайртай амьтантайгаа гэрэл зурагт мөнхөрч үлдсэн алдартнуудын зургуудаас хүргэе.

Ай Вэйвэй

Түүнийг Хятадын тэрслүү үзэлтэн гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Өөрийн контемпорари уран бүтээлүүдээрээ шударга бус бүхний төлөө хүчтэй зогсож чаддаг. Тэр бол орчин үеийн Хятадын хамгийн алдартай зураач. Эрх чөлөөний тод өнгө, дуу хоолой.


Жон Кейж

20-р зууны Америкийн авангард хөгжмийн зохиолч, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, хөгжмийн онолч, мөөг судлаач. Нэгэнтээ тэрээр "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн хэлсэн байдаг. 


 

Маяа Лин

Америкийн алдарт дизайнер, архитектурч, уран барималч. Америкийн хамгийн шилдэг шийдэл бүхий барималуудын нэгт түүний "Vietnam Veterans Memorial" /1982/ ордог. Вашингтон хотод байрладаг уг нь хөшөөнд дэлхийн түүхэнд цуст мөрөө үлдээсэн дайн болон террорист үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн олон зуун хүмүүсийн нэрс сийлээтэй байдаг байна.


Энди Уорхол

Энди Уорхол бол Словак-Америкийн зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч, поп-арт урлагийн томоохон төлөөлөгч. 1965 онд байгуулагдсан Америкийн рок хөгжмийн домогт "Velvet Underground" хамтлагийн продюсерээр ажиллаж байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч оюунаа дайчилсан сод авъяастан байжээ. Түүний 1963 онд зурсан "Найман Элвис" хэмээх Элвис Преслигийн хөрөг 100 сая долларын үнэ хүрсэн нь "хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн бүтээлүүдийн" 11-т орсон сод бүтээл юм.


 

Жоржи О”Кифф

Америкийн зураач Жоржи О”Киффийн нэгэн хөрөг зураг ихэд алдартай.  Зураачийг дэлхий дахинд алдаршуулсан тэрхүү гэрэл зургийг түүний нөхөр Альфред Стиглиц авсан гэдэг.  Тус зураг 2006 онд Нью-Йоркд 1,360,000$-аар худалдагджээ.


 

Анри Матисс

20-р зууны Францын зураач . Эхэн үеийн зургууд нь реалист хэв маягтай байсан ч Винсент Ван Гог, Поль Гоген нарын зургуудын нөлөөгөөр илүү чөлөөтэй зурдаг болсноор "Өнгөний мастер" гэж нэрлэгдэх болсон.


 

Герберт Тобиас

Германы алдарт гэрэл зурагчин Герберт Тобиас нь 1950-аад оны үед ихэд алдаршиж байв. Түүний загварын болон дайны үеийн гэрэл зургууд хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог. 1953 онд авсан загварын гэрэл зургууд "Vogue" сэтгүүлд хэвлэгдэж байжээ. 


Жан-Мишель Баския

Америкийн нэрт зураач Жан-Мишель Баския-гийн 1982 онд туурвисан нэгэн нэргүй уран зураг Нью-Йоркт болсон Sotheby’s компанийн дуудлага худалдааны явцад 110,5 сая доллароор зарагдаж үнийн дээд амжилт тогтоож байсан.  Цэнхэр дэвсгэр дээр хар будгаар хүний толгойг дүрсэлсэн энэ уран зураг дуудлага худалдаа эхэлснээс хойш ердөө 10 минутын дараа зарагдсан гэдэг.


 

Пабло Пикассо

Испанийн суут зураач, кубизмыг үндэслэгч, гайхалтай авангард зургуудийн эзэн Пабло Пиккасо. Амьдралдаа тун ч олон эмэгтэйчүүдтэй холбогдож байсан тэрээр эмэгтэй хүний ер бусын гоо үзэсгэлэнгээр хөглөгдөж цоо шинэ бүтээлүүдээ туурвих санаагаа олдог байсан гэдэг. Түүний "Women with cat, 1900" бүтээл нь ихэд алдартай.


 

Франсуаза Саган

Францийн алдарт зохиолч. 18 насандаа утга зохиолын сургуульд орох шалгалтандаа тэнцээгүйн улмаас "Сайн уу, гуниг минь" гэх анхны бэсрэг романаа бичсэн гэдэг. "Сайн уу, гуниг минь" франц орон даяар олон мянган хувь борлогдож, зохиогчоо нэр алдарт хүргэх замыг нээсэн билээ.


 

Одри Хепбёрн

Оскар, Тони, Эммигийн шагналт Их Британийн нэрт жүжигчин Одри Хепбёрн. Түүний аав нь Английн чинээлэг банкир, ээж нь Нидерландын гүнгийн охин байв. Тэр 1999 онд Америкийн кино институтээс гаргасан "Бүх цаг үеийн дэлгэцийн 100 од" жагсаалтын гуравт бичигдсэн.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top