Энэ долоо хоногт нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг ZINDAA.MN сайт тоймлон хүргэж байна. “Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсонтой холбоотойгоор KFC сүлжээ хоолны газруудын үйл ажиллагааг НМХГ-аас шалгаж эхэлсэн бол, Нийслэлийн тээврийн газраас хувиараа такси үйлчилгээг эрхлэгчдийг торгосонтой холбоотойгоор Засгийн газраас энэ шийдвэрийг цуцаллаа. Мөн Нийслэлийн удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нийгмийн салбарт өрнөсөн долоо хоногийн тоймыг хүргэж байна.
“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ САЛБАРУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА
“Зайсан KFC” түргэн хоолны газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн билээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулсан юм. Шинжилгээгээр ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн төдийгүй тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь тогтоогдсон. Даваа (2019.02.18) гаригаас эхлэн тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгаж эхлээд байна.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад албаныхан даваа гаригт /2019.02.18/ Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 143 ажилтантай хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голруу нийлүүлж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэх юм.
ХУВИАРАА ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХГҮЙ
Хувиараа такси үйлчилгээ эрхэлж, иргэдэд үйлчилсэн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай бөгөөд Нийслэлийн тээврийн газар хяналт шалгалтын хүрээнд нийт зургаан иргэнийг торгосон тухайгаагаа даваа гаригт (2019.02.18) мэдээлсэн юм. Энэ нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Гэвч хувиараа такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газрын лхагва /2019.02.20/ гаригийн хуралдаанаараа цуцаллаа. Тодруулбал, Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Такси үйлчилгээ Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт, шалгалт хийх ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж, энэ хүрээнд энэхүү торгуулийн арга хэмжээг аваад байжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуй нэгж, байгууллагыг нэг сая төгрөг, иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байсан юм. Тиймээс энэхүү шийдвэрийг Засгийн газраас цуцалж, хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг торгохгүй байхаар шийдвэрлэлээ.
ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН АЛБА ДОТООД АЖЛЫН ӨДӨРГҮЙ БОЛЛОО
Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.
Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна. Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм. Нийслэлийн Газрын алба нь иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРЫН БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
"Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд пүрэв /2019.02.21/ гаригт боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа. Шүүх хуралдаанд шүүгчээр Д.Мягмаржав, прокуророор О.Багшбаяр, өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нар оролцов.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноосон. Харин Д.Жавхлан, М.Амарболд нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hiij dugnedeg
Delguuriin kamer huniig har uhaanaar analiz hiideg boloh n chuhal