Хагас сайн өдөр болгонд зохион байгуулагдах товтой “Хэвтүүл” жагсаал утга агуулгатай ч уур бухимдал багатай, нэг үгээр бол нэр шигээ тайван, хэвтээ болж өнгөрчээ. Хаврын синдром хэмээх улстөржсөн шоу акциуд дуу дуугаа авалцдаг хавар эхэлчихээд байхад “уран сайханчид” маань хөг хэмнэлээ нийлүүлэхгүй хаачиж орхив?!
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгуульд 25 хүний санал авсан ч энэ зэрэгт хандаа хага даруулах учиргүй Жагаа ах хаачив, телевизийн эфирт түүнтэй заамдалцдаг Гүндалай хаачив гээд хайж үзвэл сонгуулийн өмнөх жилийн хаврыг ашиглах ёстой фигурууд одоохондоо нам жим.
Хавар голдуу өрнөдөг улстөрийн акциуд ихэнхдээ нийгмийг бүхэлд нь хамарсан, эсвэл нэг хэсгийг нь хамарсан уур бухимдал, стресс дээр тоглож байж амжилт олдог теоромтой. Энэ өнцгөөс харвал “Хэвтүүл” жагсаал төдийлөн давлагаа үүсгэхгүй байхыг бодоход нийгмийн бухимдал хэсэгтээ цочроонд автахгүй “хэвтээ” байдалд шилжжээ. Нэг үгээр бол олон нийтийн бухимдал нэг удаагийн “эмчилгээ”-ний дараах байдалд шилжсэн гэж хэлж болохоор ажиглагдаж байна. Тэгвэл тэрхүү “эмчилгээ” нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 27, энэ оны нэгдүгээр сарын 10-нд болсон “МАНАН дэглэмийн эсрэг” уриатай бүх нийтийн жагсаал байв уу?
АРД ТҮМНИЙ ДУНД НЭР ХҮНД НЬ УНАСАН “АРД ТҮМЭН” ЮУ БОДОЖ БАЙВ?
Олон нийтийн санаа бодлын тандалт судалгааг ардчиллын эхэн үеэс хойш тасралтгүй хийж ирсэн “Сант Марал” төв гэж байгууллага бий. Тус төвийн ээлжит судалгааны дүн ил гарах бүрт тэндээс Топ-10 улстөрчийн рейтингийг л хэвлэлийнхэн онцлон ярихын хэрээр бусад санал асуулгуудынх нь дүнг үл ойшоосоор иржээ. Уг нь олон нийт гэж эзэн бие бий. Тэрхүү олон нийтэд санаа бодол гэж “эзэн” ч бий.
Ард түмэн-олон нийт бол харанхуй хар масс. Тэдэнд бодол санаа гэж байхгүй, байлаа ч тэр нь буруу гэсэн үзэл хандлага, итгэл үнэмшил дундаж давхарга буюу өөрийгөө сэхээтэн гэж тооцдог хэсгийнхэнд давамгай болсныг энэ дунд нь холилдон тууж яваа хэн ч анзаарна. Одоо бол бүр ч тод анзаарагдаж байна. “Ард түмний санаа бодол” гэж ярьсан улстөрчдийг “популист” гэж нэрлээд тэдний хаацайлж буй ард түмний нэг хэсэг байхаасаа зарим иргэн ичиж байгаагаа соошл хуудсаараа илэрхийлсэнтэй та ч бас таарч байгаа биз ээ.
Тэгвэл ард түмнийхээ дунд нэр хүнд нь навсайтал унасан тэрхүү “ард түмэн” гэж хэн байна аа. Үнэндээ бол тэр “ард түмэн” бол нэр хүндтэйгээ адилхан амьдрал ахуй нь навсайтал унасан хүн амын бараг тал хүртэлх хувь нь юм.
Хавар голдуу өрнөдөг улстөрийн акциуд ихэнхдээ нийгмийг бүхэлд нь хамарсан, эсвэл нэг хэсгийг нь хамарсан уур бухимдал, стресс дээр тоглож байж амжилт олдог теоромтой. Энэ өнцгөөс харвал “Хэвтүүл” жагсаал төдийлөн давлагаа үүсгэхгүй байхыг бодоход нийгмийн бухимдал хэсэгтээ цочроонд автахгүй “хэвтээ” байдалд шилжжээ
Тэд чухам юу бодож ирснийг олон нийтийн санаа бодлын тандалт судалгааг ардчиллын эхэн үеэс хойш тогтмол хийж ирсэн Сант Марал төвийн дата-гаас шүүж үзвэл тун сонирхолтой “өгөгдлүүд” анзаарагдана. Тус төвийн ээлжит судалгаагаар гардаг топ-10 улстөрчийн рейтингээс бусдыг нь хэвлэлийнхэн төдийлөн ойшоолгүй явж ирснээс биш өнөөх “ард түмэн” их олон зүйл дээр санаж боддог байсныг юуны өмнө дурдаад үүнийг ярихын тулд 2016 ба 2018 оны гуравдугаар сард хийгдсэн судалгааны дүнг түшиглэе.
Нэг. “Шударга болон шударга бус үйлдлүүдээс хамаарч нийгмийн давхаргуудад хожсон болон алдсан хүмүүс бий. Та өөрийгөө аль хэсэгт нь оруулах вэ” гэсэн асуулгад 2016 онд хөдөөгийнхний 34.9%, хотынхны 31.2%, нийт иргэдийн 33.3% нь өөрсдийгөө “алдсан хэсэгт нь илүү ойр” гэж үзэж байв. “Заримдаа алдаж, заримдаа хожиж байна” гэсэн хариултыг нийт иргэдийн 37.3 хувь нь өгч байж. Харин 2018 оны судалгаагаар яг дээрх асуултад иргэдийн өгөх хариултын хувь хэмжээ өөрчлөгджээ. Шударга бус үйлдлээс хожсон гэх иргэдийн тоо цөөрч, алдсан гэх иргэдийн хувь хэмжээ өссөн байлаа. Мөн заримдаа алдаж, заримдаа хожиж байна гэж өөрийгөө боддог иргэдийн тоо ч буурчээ.
Хоёр. “Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь илүү байна уу” гэсэн асуулгад 2016 оны судалгаагаар нийт иргэдийн 72.5 нь “шударга бус нь илүү” гэсэн бол 2018 оны судалгаагаар тэдний 84.3 хувь нь “шударга бус нь илүү” гэж хариулжээ. Шударга нь тал нь илүү гэж үзэгсдийн хувь хэмжээ энэ хоёр судалгааны хооронд буурчээ.
Гурав. “Улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэдэг эсэх” гэсэн асуултад тус хоёр судалгааны дүнг харьцуулбал УИХ, Засгийн газар, хуулийн байгууллагад “их итгэдэг” болон “итгэдэг” гэсэн хариулт өгөгсдийн хувь хэмжээ буурч, “бараг итгэдэггүй, “огт итгэдэггүй” гэсэн хариулт өгөгсдийн тоо хэмжээ өссөн байна.
Дөрөв. “Хэрэв засгаас Таны хүлээж байгааг биелүүлэхгүй бол яах вэ” гэсэн асуулгад хариулт өгөхдөө 2016 оны судалгаагаар иргэдийн 2.9 хувь нь “шүүхэд хандана” гэж байсан бол 2018 онд 1.8 хувь нь л шүүхэд өгнө гэсэн байна. Мөн “гудамжны жагсаалд оролцоно” гэсэн хариултыг 2016 онд 7.1 хувь нь сонгосон байх бол 2018 онд энэ хувь хэмжээ 9.7 хувь бол өссөн. “Аль нэг иргэний нийгмийн байгууллагыг дэмжинэ” гэж үзэгсэд 2016 онд 15.2 хувиас 2018 онд 20.8 хувь болж нэмэгдсэн байх бол “юу ч хийхгүй байдал сайжрахыг хүлээнэ” гэж үзэгсэд хоёр оны хооронд 29.3 хувиас 32.2 хувь болж нэмэгджээ.
Тэгэхээр дээрх санал асуулгуудаас харвал “харанхуй хар масс” маань нэгдүгээрт, нийгмийн шударга бус явдал нэмэгдэж байна гэдэгт бухимдаж байсан. Хоёрдугаарт, шударга бус явдлаас хохирч байна гэж үзэх мэдрэмж нэмэгдэж байсан. Гуравдугаарт, төр засагт итгэх итгэл нь унасаар байсан. Дөрөвт гэвэл тэр бүхийн төлөөнөө шүүхэд хандах итгэл нь саарч, гудамжны жагсаал, иргэний нийгмийн байгууллагыг дэмжих магадлал нь өсч, хамгийн гол нь юу ч юм болохыг хүлээх хүлээлт нь өсч байжээ.
Ард түмэн гэгдэж буй олон нийтийн бухимдал нэмэгдэж, төр засагт болон шүүхэд итгэх итгэл нь буурч, ямар нэг өөрчлөлтийг хүлээж байсан хүлээлт дээр өнгөрч буй өвлийн “МАНАН” тэмцэл, жагсаал цуглаан амжилттай болж, тэмцлийн гол агуулга болох УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага нь биелсэн гэж харагдаж байна.
Нийгэмд шударга бус явдал нэмэгдэж байна гэсэн мэдрэмж, гомдол, шударга ёсны төлөөх засаглалыг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэй субъектүүд түүнийгээ гуйвуулж, завхруулж буй жишээнүүд ард түмэн хэмээх навсгар хэсгийнхэнд бухимдал төрүүлээд удаж байжээ. Энэ бухимдлыг сэтлэх, халууныг бууруулах том шалтгаан хэрэгтэй байв. Нийгмийн сэтгэлзүйн ийм хөрсөн дээр “МАНАН” тэмцэл, хоёр удаагийн жагсаал дэмжлэгтэй болсон хэрэг. “Харанхуй хар масс” юу бодож байгааг мэдэх, тэдний өмнөөс тэсрэх, дэлбэрэх үйл явц дүн өвлөөр болоод өнгөрсөн. Хаврын синдром халдварлах магадлал тэр хэрээр буурчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
М.Энхболдийгоо зайлуулаад ард түмний амьдрал сайжраад ШУДРАГА ЁС тогточихсон юм чинь юундаа жагсах билээ жагсаалын мөнгө өгөхгүй унждаг болсон байна лээ одоо би жагсахгүй
жинхэнэ ард түмэн гээд байгаа масс бол хэзээч зохион байгуулалттайгаар жагсаж чадахгүй, харин хэнэ/хэсэг нэг нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зохион байгуулаттайгаар мөнгөөр хийгдэх жагсаалд бол оролцоно. энэ нь монголд жагсаал цуглаан мөнгөөр хийгддэг гэдгийг харуулж байх шиг байна.
Хэвтүүл нь унтуул болсон юм байлгүй дээ. ЗААвал хавар бүр ухаан мадаггүй хии хоосон мэдрэлтэж яахна вэ.Юм юм бодоцгоог дээ.
Zasgiin gazriin zarim ajil surjin ehleed darjin tegsdeg boloo yu geltei baih.Negee erdenet yu bolj bainaa.Notlogdohgui baahan material tsugluulchihaad zogschih bolloo..........
Яахав дээ зохион байгуулагч нь хүссэнээ авсан эргээд өөрт нь аюултай болсоноос нэр төдий хэлбэрт орчихсон. Ер жагсаал тэмцэл 100сая илүү өртөгөөр болдог тухай цензургүй нэвтрүүлгээр яригдаж бсн.
Буруу сэтгэж байна их мэдэгчээ. Их шуурга давалгааны өмнөх түр зуурын нам гүм. Битгий монголчуудаа бас тэд сэрээд ажиглаж байгаа. Хулгайчид, урвагчдыг өөрсдийхөн зохиосон хуулиар бус байгалиас заягдсан инстиктээрээ шийтгэх болно. Түүхүүд дандаа тийм байсан. Өөрөөр хэлбэл буруутан нь үр удмаараа төлөөсөө төлж байсан.