Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ хуралдаж хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Хуралдаанаар, “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталлаа. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг.
Мөн хуралдаанаар “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ. Эдгээр үнэт цаас “МИК актив найм ТЗК” ХХК-аас “МИК актив найм ТЗК” ХХК-уудын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Хороо үнэт цаасыг анхлан бүртгэсэн болон тусгай зориулалтын компани (ТЗК)-ууд холбогдох гэрээ хэлцлийг эцэслэн байгуулах хүртэлх хугацаанд зээл төлөгдөх, хаагдах, багцаас хасагдах зэргээр бүртгэгдсэн үнэт цаасны тоо буурсанаас гарсан зөрүү юм.
Түүнчлэн, “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орууллаа. Мөн “Ард секьюритиз ҮЦК” ХХК оноосон нэрээсээ “ь”-ийг хасах хүсэлт ирүүлснийг зөвшөөрч, “Ард секюритиз ҮЦК” ХХК болгон, шинэчилж бүртгэхээр болов.
Холбогдох хууль, журмын нөхцөл шаардлагыг хангасан “Дэвжих нэхий ББСБ” ХХК, “Дарь финанс ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Эн Вай Эн” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олголоо. Түүнчлэн, “Андын сор” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болгов.
Сэтгэгдэл ( 0 )