-ДАЛАЙН ТҮВШИН 2100 ОН ГЭХЭД 10 САНТИМЕТРЭЭР БАГАСАХ БӨГӨӨД ЭНЭ ТҮВШИН ЦААШИД Ч МӨН БАГАССААР БАЙХ ТӨЛӨВТЭЙ-
Хүн төрөлхтний өмнө тулгарч буй нэн түвэгтэй сорилт бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудал гарцаагүй мөн. Дэлхий дээр дулаарал, уур амьсгалын өөрчлөлт асар хурдацтай явагдаж байгаа нь терроризмоос дутахгүй аюул заналыг дуудаж байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо буюу IPCC байгууллагаас "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт, галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна. IPCC-гийн энэхүү дүгнэлтийг “Их найм” болон дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг юм.
2015 оны сүүлээр Парис хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чуулганаар дэлхийн улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах үүрэг хүлээсэн төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мөрдөх нэгдсэн зорилтуудыг хэлэлцэн тохиролцсон билээ. Тэр нь дэлхийн дулаарлын хэлбэлзлийг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт байв. Одоогийн байдлаар дэлхийн цаг уурын дулаарал нь аж үйлдвэрийн өмнөх үеэс даруй нэг хэмээр илүү байгаа бөгөөд цаг уурын дулаарлыг цельсийн 1,5 хэмээс доогуур түвшинд барих ажлууд хэрэгжих хэрэгтэй байгаа юм.
Цельсийн 1,5 хэмээс доогуур түвшинд барих гэдэг нь дэлхийн улсуудын гаргаж буй хүлэмжийн хийн хэмжээг хоёр дахин бууруулах буюу одоогийн зорилтот түвшин болох цельсийн хоёр хэмийн тал нь гэсэн үг. Цельсийн 1,5 хэмийн зорилтыг биелүүлэхийн тулд улс орнууд ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг дэмжигч анхдагч орнууд ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үүнээс гадна дэлхийн улсууд их хэмжээний талбайд ойжуулалт хийх, нүүрсхүчлийн хийг ангилан газрын гүнд булах технологийн тусламжтай агаар мандалд тархах нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах ажлуудыг хийх шаардлагатай байгаа билээ.
Дээр дурьдсан зорилтот ажлуудыг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Холбооны Засгийн газар, бундестаг 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 40 хувиар бууруулах, 2050 он гэхэд 1990 оны хэмжээнээс даруй 80-аас 90 хувиар бууруулах зорилтыг аль 2007 онд баталж байжээ. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд Герман улс үүнээс ч илүүг хийх хэрэгтэй. Учир нь “2050 оныг хүртэл 80-аас 95 хувь хүртэл бууруулсан байлаа ч цельсийн 1,5 хэмийн хэмжээндээ хүрэхгүй” гэсэн дүгнэлтийг Потсдамын Уур амьсгалын өөрчлөлтийг судлах институтээс гаргажээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарын “Agora Energiewende” - Берлин хотын судалгааны багийнхан Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа 2040 онд биш, харин 2035 он гэхэд бүгдийг нь хааж байж энэ зорилтоо биелүүлж чадна гэдгийг тодорхой жишээгээр үзүүлсэн байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо буюу IPCC-тэй хамтран төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой "1.5C-Бидэнд хугацаа байна уу?" сэдэвт арга хэмжээг энэ сарын 16-17-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр "1.5C-ын дэлхийн дулаарал" тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын хувьд Парисын гэрээг 2016 онд соёрхон баталсан ба үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах, 2020 он гэхэд энэ зорилтоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор ажиллаж буй.
АГААРЫН ХЭМ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДСЭН БҮС НУТГААР АЗИ ТОДОРЧ БАЙНА
IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибиг "Азийн бүс нутаг болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт"-ийн талаар тавьсан илтгэлдээ "Сүүлийн арван жилийн хугацаанд агаарын хэм хамгийн ихээр нэмэгдсэн бүс нутгаар Ази тодорч байна. Үүнд тус бүс нутгийн өндөр өргөрөгт байрлах, аж үйлдвэржилт, үйлдвэржилт зэрэг эрчимтэй явагдаж буй гэх хүчин зүйлүүд хамгийн их нөлөөлж байна. Түүнчлэн Азийн ихэнх улсуудад сүүлийн үед орж буй хур тунадас огцом нэмэгдсэн ба улирал, байршил хамааралгүйгээр байгалийн хурц, гамшигт үзэгдлүүд ихэд ажиглагдах болсон нь судалгаагаар нотлогдсон. Мөн судалгааны явцад Азийн бүсэд сүүлийн таван зууны турш ажиглагдаагүй их үер усны гамшиг XX зуунаас эхлэн ажиглагдаж байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нэгэнт ямар ч аргагүй болсон. Хэрэв бид одооноос уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ахицтай хүчин чармайлт гаргаж чадвал XXI зууны дунд болон сүүл үед дэлхийн хэм 2-3 хэмээр нэмэгдэх болно. Хэрэв тэгж чадахгүй бол XXI зууны сүүл гэхэд дэлхий зургаан хэмээр дулаарах тооцоотой байна" хэмээн танилцууллаа.
2100 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ДАЛАЙН ТҮВШИН 10 САНТИМЕТРЭЭР БАГАСНА
Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Рой "Дэлхийн дулаарал 1.5 хэмд хүрэхэд хэр их хэмжээний өөрчлөлт дагуулах" илтгэлдээ "Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс эхлэн хүний санаатай болон санаатай бус үйлдлүүд нь дэлхийн хэмийг нэг хэмээр дулааруулаад байгаа. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хоол тэжээл зэрэгт аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломжтой хэдий ч нийгмийн бүх талын хүчин чармайлтыг шаардах болно. Түүнчлэн энэ хэмийг нэмэгдүүлэхгүй, тогтоон барьснаар бусад Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг биелүүлэх үндэс суурийг тавих болно гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг хоёр хэмээр нэмэгдүүлэх болон 1.5 хэмд тогтоон барих нь маш их хэмжээний өөрчлөлт, үр дагаврыг авчрах болно. 2100 он гэхэд дэлхийн далайн түвшин 10 сантиметрээр багасах бөгөөд энэ түвшин цаашид ч мөн багассаар байх төлөвтэй байна. Энэхүү амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмийг удаашруулахын тулд эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэж, эдийн засгийн эргэлтийг байгаль орчинд ээлтэй болгож, аж үйлдвэржилтийн орчныг өөрчлөх зэрэг шаардлагатай болно" хэмээн танилцууллаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улсуудын үзэглэсэн "Парисын гэрээ"-ний хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд болон урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тавьж, нийгэм эдийн засгийн тогтолцоог ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.
Н.ЦЭРЭНБАТ: ЗАСГИЙН ГАЗАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 улсын тоонд ордог бөгөөд нийт хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Тиймээс Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр онцгой анхаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын бодлого, зохицуулалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцдаг бөгөөд үндсэн чиг үүргийнхээ дагуу үндэсний хөтөлбөр болон олон улсын конвенц, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор салбарын яамд, агентлаг , холбогдох талуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, бодлого, зохицуулалтыг сайжруулах, уялдааг хангах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, ногоон санхүүжилтийг бий болгох, чадавхижуулах чиглэлээр бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтын ажиллагааны олон болон хоёр талт механизмын хүрээнд идэвхитэй хэрэгжүүлж байна. Эдгээр хүчин чармайлтын зэрэгцээ та бидний ажилд зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд ч цөөнгүй байна. Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарал багатай, тогтвортой хөгжил рүү эргэлт буцалтгүй шилжиж байгаа учир Монгол Улс нэгэн адил эдийн засаг, нийгмийн бүх түвшинд эрс шинэчлэлийг авчирсан ногоон, тогтвортой хөгжлийн тогтолцоо руу шилжих өөрчлөлтийг цаг алдалгүй хийх нь чухал болоод байна” хэмээсэн юм.
2015 оны сүүлээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 1990 онтой харьцуулахад 28 хувиар, 2020 он хүртэл жилээс жилд гурван хувиар буурч байгаа. Эрчим хүч үйлдвэрлэгч, аж үйлдвэр, тээвэр гээд бүхий л салбарт нүүрсхүчлийн хийг багасгах зорилтууд үйлчилж байгаа бөгөөд хэрэгжилтийг жил бүр шалгаж, тодорхой түвшинд хариуцлага тооцох тухай заажээ. Түүнээс гадна Холбооны байгаль орчин, байгаль хамгаалал, барилга, цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын яам “Цаг уурын дулаарлаас урьдчилан сэргийлэх 2050 он хүртэлх төлөвлөгөө“-г боловсруулсан бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 21 дүгээр зууны дунд үе хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 0 )