13 компанийн дилер, андеррайтерийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит  хуралдаан болж, Даатгал, Үнэт цаас, Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, Хяналт шалгалт зохицуулалтын газруудын нийт 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдаанаар “Инвескор ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 227 /Хоёр зуун хорин долоон/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 71,727,918 /далан нэгэн сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван найман/ ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрчээ.

Мөн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг  компанид олгож, нэг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын томилолтыг зөвшөөрч, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн батлахаар болсон байна.

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид, даатгалын  зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, “Нийтийн тээврээр зорчигчийн гэнэтийн ослын даатгал”-ын бүтээгдэхүүнийг бүртгэхийг нэг компанид, мөн “Номин даатгал” ХХК, “Мөнх даатгал” ХХК-дад  салбар нээх зөвшөөрөл олгож, нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлтийг бүртгэхийг болон албан тушаалтны өөрчлөлтийг бүртгэхийг зөвшөөрчээ.

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хоёр компанид өгч, нэг компанийн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгож, банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэг компанид олгожээ.

Үнэт цаасны 13 компанийн үнэт цаасны дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн үнэт цаасны гурван компанийн зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Нэг компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг,  нэг ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, хоёр ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, нэг  ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top