Р.Булгамаа: Монгол төрийн анхаарах ёстой гол субъект бол хүүхэд

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлсэн, тэдний амь насанд халдсан гэх сэтгэл сэрдхийлгэм хэргүүд шил дараалан гарч, нийгэм тэр даяараа энэ асуудлаас гарах гарц гаргалгааг хайж эхлээд байна. Тиймээс бид хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг түүнтэй хэрхэн тэмцэх талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын төр өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаж байгаа юу? Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье?

-Хүүхэд хамгааллын тухай ярихын тулд яалт ч үгүй гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг,  гэр бүлийг төрөөс хэрхэн дэмжиж байгаа талаар ярих хэрэгтэй байх.  Эрх зүйн зохицуулалтын хувьд Үндсэн хууль хийгээд салбар хуулиудаар энэ төрлийн харилцааг нилээн өргөн хүрээтэй зохицуулсан хэдий ч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн анхан шатны нэгж бол гэр бүл байна. Тийм болохоор  гэр бүлд чиглэсэн бодитой бодлого хэрэгтэй болсныг нийгмийн өнөөгийн дүр төрх харуулж байна.   Өөрөөр хэлбэл гэр бүлийг дэмжсэн, гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн бодлого, хариуцлагын тогтолцоо байхгүйгээс эцэг эхийн хариуцлагагүй байдал хүүхдийн хүмүүжилд шууд утгаараа нөлөөлж байна.

Гэтэл эрх зүйн орчныг нь харвал өнөөдрөөс 20 жилийн өмнөх буюу 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль үйлчилж байна. Угтаа нийгмийн хөгжлийг дагаад хуулиар зохицуулах шаардлагатай гэр бүлийн олон шинэ тутам харилцаа бий болж байгаа. Тухайлбал, хамтран амьдарч байгаад үр хүүхэдтэй болоод салалт үүсэхэд хөрөнгийн хувьд эцэг, эх хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх вэ, цааш хамтран амьдрахгүй гэх шийдвэр гаргахад тухайн гэр бүлийн харилцааг хэрхэн дуусгавар болгох, эд хөрөнгийн маргааныг хэрхэн шийдэх, түүнчлэн хамтран амьдрагч нэрээр гэр бүлийн дүр үүсгэж, эцэг эхийн хариуцлагаас зайлсхийж байгаа энэ үйлдлийг яаж зохицуулах вэ, нийгэмд тодорхой болоод байгаа ижил хүйстний асуудал болон хүүхэд үрчлэлтийн асуудал, тээгч эхээр хэрхэн хүүхэд тээлгэх зэргийг хуулиар зохицуулах шаардлага бий болсон.

Түүнчлэн Үндсэн хуульд заасан эцэг эх байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг гэр бүлийн хуулиар илүү тодорхой дэлгэрэнгүй орох хэрэгтэй юм. Тухайлбал, хүүхдээ орхиод явсан эцэг, эхэд хүлээлгэх хариуцлага юу юм бэ гэдэг нь Гэр бүлийн хуульд ч тэр, Эрүүгийн хуульд ч тэр тодорхой байхгүй байна. Хуучин эрүүгийн хуульд эцэг эх байх үүргээсээ татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт байсан бол өнөөдөр байхгүй болсон нь учир дутагдалтай. Бодит байдал дээр эцэг , эх хэн нэг нь хүүхдээ орхиод ор сураггүй болох , эсхүл гадаадад гарах зэргээр олон жил  хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгох үүрэг хариуцлагаас мултардаг ч тэдэнд хүлээлгэх хариуцлага оновчтой бус буюу алга болсон он жилүүдийн хариуцлагыг нэхэх боломж хуулиар байдаггүй. Эцэст нь хэлэхэд үндсэн хуулийн 16.11-т Гэр бүл, Эх нялхас, төрийн хмагаалалтанд байна гэж заасан байдаг бөгөөд шуудхан хэлэхэд Монголын төр хүүхдээ хамгаалж хайрладаг төр байж чадахгүй байна.

-Гэр бүлийн тухай хууль гээд ярихаар хүүхдийн тэтгэмжийн асуудал их яригддаг. Үүнийг шийдэх гарц гаргалгаа ямар байж болох вэ? Мөн гэр бүл салалттай холбоотой хүүхдийн эрхийг зөрчсөн ямар үйлдлүүд илүү анзаарагддаг вэ?

-Гэр бүл салахад хамгийн гол хохирогч субъект нь хүүхэд болдог. Өөрөөр хэлбэл, гэр бүл салалтаас үүсч байгаа хамгийн гол уршиг нь хүүхэд дээр ирж буудаг.  Энэ зүйлийг зөвхөн тэтгэмж өгснөөр шийдвэрлэнэ гэдэг нь дэндүү учир дутагдалтай. Тодруулбал, гэр бүлийн нэг гишүүн нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгох үүргээ орхиод явдаг. Хүүхэд хайр, халамжаар дутагдаж үлддэг. Тэтгэмжийн тухайд бол эргэж харахаар асуудал бас байдаг. Үндсэн хуульд нас хүйс, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлаж үл болно гэж заасан байхад өнөөдөр нийгмийн тулгуур үндсэн нэгж болсон гэр бүл дэх харилцаан дунд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг 0-11 нас хүртэлх хүүхэдтэй бол амьжиргааны доод түвшний 50 хувиар бодож олгоно, 11-18 хүртэлх настай хүүхдэд 100 хувь бодож олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, насны байдлаас нь хамаараад ялгаварлан гадуурхаж байгаа процессыг өөрчлөх хэрэгтэй. 1 настай ч бай 16 настай ч бай хүүхдийн хэрэгцээ шаардлага ямар ч ялгаагүй байх учиртай.

Мөн хүүхдийн тэтгэмжийн санг төрөөс байгуулж, хүүхдэд сар бүр дансруу нь шилжин ордог, тэтгэмжээ төлөх ёстой эцэг болон эхээс төр өөрөө гаргуулж авдаг механизм руу очих хэрэгтэй.  Эргээд салсан эхнэр, нөхрөө тэжээх гэж байгаа юм шиг ханддаг байдал бий. Тэтгэмж төлж байгаа процедурт маш их асуудал байна. Нэгдүгээрт тэтгэмж төлж байгаа иргэн орлогоо нуух, орлоготой хэдий ч төлөхгүй зугтдаг, төлье гэвч чадваргүй нэг хэсэг байгаа. Тэтгэмж авч байгаа хүний хувьд ч энэ асуудлын араас явахаас ч тээр шаах ийм хүндрэлтэй асуудлууд байдаг. Тиймээс тэтгэмжээ төлөхгүй хүмүүсийг албадан ажил хийлгэж тэтгэлэг төлүүлэх зэрэг төрийн зохицуулалт хэрэгтэй харагддаг.

Сүүлийн үед хүүхэд өсөж торниж байгаа гэр бүлийн хөгжлийн асуудал орхигдохын зэрэгцээ гэр бүлийн бат бөх байдал алдагдах, гэр бүл цуцлах салах үйл явц түгээмэл болсон. Хуучин цагт гэр бүл салах нь ховор тохиолдол байсан бол одоо гэр бүл болох, салах асуудал энгийн  үзэгдэл болж дээ.  Энэ зүйл байдаг л жирийн үзэгдэл болж байгаа нь хамгийн эмгэнэлтэй юм. Хүүхэд төрсөн цагаас эхлэн хуваарьт өмчтэй байх ёстой. Гэр бүл саллаа гэхэд өмч хүүхдэд мөн хуваарилагдах, хүүхэд өмчтэй үлддэг зарчмыг хуулиар илүү тодорхой болгох шаардлагатай байгаа. Өнөөдөр эцэг эх нь хоорондоо тохироод би байраа авна, чи машинаа ав гэх мэтээр саллаа гэхэд хүүхэд өмчгүй үлддэг.

Хамгийн гол орхигдож байгаа зүйл бол эцэг эх гэрлэлтээ цуцлуулж болно, цаана нь хүүхдийн асран хамгаалах асуудал тэр чигтээ орхигдож байгаа. Эцэх эх саллаа, эргээд хүүхэдтэйгээ уулзуулдаггүй. Орхиод явсан ээж, аавдаа гомдох, үзэн ядах сэтгэл өвөрлөн хүүхдүүд өсөж байна. Хайраар дутсан хүүхэд хандлага буруутай болж торнидог.  Энэ байдал нь эргээд хүүхэд  гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгтэн болох нөгөө л эрсдэл рүү түлхэж байгаа. Тэгэхээр тухайн хүүхдийг боловсролтой, ёс зүйтэй зөв хүн болгохын тулд аав хүнийхээ хайрыг, ээж хүнийхээ энхрийллийг хүүхдэддээ өгч байдаг ахуйн шинжтэй боловч энэ харилцааг хуулиар зохицуулж өгөхгүй л бол өрөөсгөл гэр бүлд өссөн хүүхэд гэмт хэрэгт өртөх магадлал хамгийн өндөр байгаа юм.  Монгол хүн үнэт зүйлтэй болж, тэрийгээ үр хүүхдэддээ зааж, өвлүүлдэг баймаар байна.

-Гэр бүл салалтын тоо нэмэгдэхийн хэрээр, хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл бий болж байна гэж ойлгож болохоор байна. Гэхдээ салалт, эцэг эхийн харилцаа, хүүхэдтэй уулзуулж байх гэх мэт ахуйн шинжтэй зүйлсийг хуулиар зохицуулах боломж байгаа гэж үү?

-Монгол улсын шүүхийн байгууллагаас гаргасан статистик тооноос үзэхэд, сүүлийн таван жилийн байдлаар шүүхийн журмаар нийт 15 мянган гэр бүл салсан байна. Үүнд, захиргааны журмаар буюу хоорондоо эд хөрөнгийн маргаангүй, үр хүүхдүүд нь насанд хүрсэн тохиолдолд өргөдлөө өгөөд салж байгаа тоог оруулбал энэ тоо 20 мянга гаруй болдог. Сүүлийн жишээ авахад, ШЕЗ-өөс гаргасан мэдээгээр 2014-2018 онуудад нийт 14 876 гэр бүл салсан. Эдгээрээс 2270 хэрэг дээр эцэг тогтоох, 4511 тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг.  Тэгэхээр энэ бүх тооны ард хүүхдийн эрх ашиг хөндөгдөж үлддэг. Сүүлийн үед эцэг ба эх байх эрхийн тухай маргаан шүүхээр их шийдвэрлэгддэг болсон нь мөн анхаарал татаж байгаа асуудал.

Гэр бүл цуцлуулсны улмаас эцэггүй, эхгүй өсөж байгаа хүүхдүүдийн эрхийн асуудал, хүмүүжил төлөвшилтийн асуудал маш хүнд нөхцөлд байгааг дээрх тоон статистик тодхоноо харуулна. Энд би юу гэж хэлэх гээд байна гэхээр Монгол улсад гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд болж байна. Хүүхэд ёс суртахууны доголдолд орж байна, хүүхэд амьдралд итгэх итгэлгүй болж байна, ямар нэгэн хэлбэрээр гэмт хэрэгт өртөх, үйлдэх асар их эрсдэлд орж байна.

Салаад явсан л бол хамаагүй мэт ханддаг, хариуцлагаас зугтдаг томчуудын увайгүй үйлдлийг бид ямар нэгэн байдлаар, тэр тусмаа хуулиар зохицуулахгүй бол болохгүй нь ээ. Энэ салалтын ард нэг айл дор хаяж хоёр хүүхэдтэй гэж тооцоход, 30 орчим мянган хүүхэд ээжгүй, аавгүй үлдэж байгаад асуудал байна. Шүүх шийдвэрээрээ асрамжийг мэдээж хэн нэгэнд нь үлдээдэг ч , хуульд заасан хэмжээний тэтгэлгээ төлсөн болоод л  хүмүүжүүлэх , асрах үүрэг хариуцлага шууд хаягддаг. Ингээд эцэг эх байх үүргээсээ зайлсхийсэн томчууд, тэдэнд хүлээлгэх хариуцлага байхгүйн улмаас хүүхдүүд ард нь сүүдэрт даарах цэцэг шиг гундуухан байна.

-Сүүлийн жилүүдэд хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон гэх аймшигт хэргүүд гарах болжээ. Үүний учир шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Ер нь гэмт хэрэгт өртөөд байгаа хүүхдүүдийн дийлэнх  хувь нь өрөөсгөл гэр бүл буюу салсан гэр бүлд өсөж торниж байгаа хүүхэд, эцэг эхийн хайхрамжгүй байдал, хариуцлагагүй, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд орхисноос гол төлөв үүсч байна. Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг 18-45 насныхан  үйлдэж  байгаа бөгөөд тэдгээрийн  80 гаруй хувь нь ажилгүй,  бүрэн дунд боловсролтой, боловсролгүй этгээдүүд байна. Таны асуусанчлан, ялангуяа бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт өртөгсдийн 72 хувь нь хүүхэд байгаа. Жилд дунджаар 250 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Жил ирэх тусам энэ тоо өссөөр байна. Насны байдлаар нь авч үзвэл 2-17 насныхан. Хамгийн багадаа 1.8 настай эрэгтэй хүүхэд байсан. Нөгөө талаас бэлгийн хүчирхийлэлд хөвгүүд хүртэл өртдөг болсон байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дөрвөн хувь нь хөвгүүд. Өнгөрсөн 2018 онд гэхэд 12 эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоо бий. Хамгийн сэтгэл сэрдхийлгэм нь хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд, хүчирхийлэгч нарын 80 гаруй хувь нь хохирогчийн ойр дотны хүмүүс, 40 гаруй хувь нь ураг төрлийн шинжтэй хүмүүс байна гэж судалгаагаар гарлаа.Төрсөн аав нь хүртэл охиноо хүчирхийлж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Хүний ёсонд баймгүй, ийм харгис хэрцгий үйлдэл гарсаар байгаа нь харамсалтай.

Эндээс юу харагдаж байна гэхээр ерөөсөө л ажилгүйдэл гэдэг үүний нэг шалтгаан болж байна. Бас архидан согтуурч байна. Саяхан гурав хоног архи худалдахгүй байхад гэмт хэргийн гаралт 60 хүртэл хувь буусан байна. Та бод доо, гуравхан хоногт 60 хувь буурч байна. Энэ юу харуулж байна гэхээр архины хэрэглээний асуудалд ямар нэгэн дэвшилт хийхгүй бол гэмт хэргийн гаралт буурахгүй байсаар байна.  Ялангуяа ахуйн хүрээнд хүүхдийн дэргэд найз нөхдөөрөө нийлж архиддаг бүдүүлэг байдлаа нийтээрээ халж , зориулалтын газраа хэрэглэдэг болмоор байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гаргасан тоогоор, сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэрэгт өртсөн хүүхдийн тоо эрс өссөн буюу 2822 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, мөн 4933 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон. Үүнээс 1005 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болсон бол жилд 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Энэ бол ердөө л эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн зүйл. Эцэг эхийн хариуцлагын асуудлыг номер нэгт тавих ёстой.

-Тэгвэл бид цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг өдөр бүхэн шахуу сонсогдож байна. Сүүлдээ бүр байдаг л нэг үзэгдэл мэт хүлээж авах болж. Магадгүй бид ямар үед цочрох вэ. Өөрийн хүүхэд өөрийн ойр дотны хэн нэгний хүүхдэд аюул нүүрлэхэд л босч ирэхийг үгүйсгэхгүй. Миний хувьд  харин эсрэгээрээ “Хүүхдийн хүчирхийлэлд цэг тавья” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Хүүхдийн хүчирхийлэлд одоо л цэг тавья. Бид цаашдаа хэчнээн  муу мэдээ сонсох ёстой юм бэ. Магадгүй маргааш бидний хүүхдэд аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид энэ асуудалд цэг тавихгүй л бол гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаатай ялгаагүй. Жинхэнэ айдас гэдэг зүйл хүүхдийг гэрт нь ч тэр, гадаад орчинд ч тэр байна гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр бид нөлөөллийн ажил, урдчилан сэргийлэх ажлыг түлхүү хиймээр байна. Тэр этгээдүүдэд хүрч ажиллах, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлэхгүйн тулд нийгэмд нөлөөллийн ажил хэрэгтэй. Мэдээж хэрэг үйлдэх магадлалтай хүмүүсийн талаар мэдээллийн сан үүсгэх, хороо цагдаагийн хэлтсээр дамжуулан хяналт тавих хэрэгтэй.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үндэсний хэмжээнд хүн бүрийн оролцоотойгоор хийхгүй бол болохгүй нь ээ. Миний хүүхэд биш гэдэг үүднээс хандаж хэрхэвч болохгүй. Иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх шаардлагатай. Тиймээс энэ тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм байна гэж бодож байгаа.

-Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх маш олон зүйлийг хийж байгаа гэдэг ч жил ирэх тусам ийм хэрэг нэмэгдэж байна. Бодит хийгдсэн ажлууд юу байна вэ?

-Ер нь хүүхэд хамгааллын чиглэлээр төсөв нэмэгдүүлэх, энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх талаар сүүлийн гурван жилд их ажил хийгдсэн. Хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх асуудалд УИХ-ын гишүүн З.Нарантуяа,  АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа тэргүүтэй эмэгтэйчүүд их хурлын эмэгтэй гишүүдэд хандаж хүсэлт хүргүүлж байсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жил хүүхэд хамгааллын мөнгө төсөвт 5.5 тэрбум төгрөг болж суусан. Мөн энэ онд хүүхэд хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшилт гаргах шаардлагатай гэдэг асуудлыг шат шатандаа тавьж ирсэн. УИХ-ын эмэгтэй гишүүд ч мөн энэ асуудлыг их дэмжсэн. Үүний дүнд хүүхэд хамгаалалд зарцуулах төсөв энэ жил найман тэрбум төгрөг болж өссөн.

Сүүлд УИХ-ын эмэгтэй гишүүд маань хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, шийдэлд хүрэхээр ажиллаж эхэлсэнд маш их талархаж байгаа.

-Хүүхэд хамгааллын чиглэлд төсөв өмнө байгаагүй ихээр нэмэгджээ. Харин үүнээс бид үр дүн хүлээж байна. Энэ чиглэлд хийсэн ажлын үр дүн хангалттай байж чадаж байна уу? Та юу гэж харж байна вэ?

-Төсөвт суусан мөнгөн дүн хэдий өссөн ч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болон, хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байгаа тоонд төдийлөн бодитой үр дүн харагдахгүй байгаад сэтгэл эмзэглэж байна.  Цаашид хүүхэд хамгааллын чиглэлд зөвхөн төсөв нэмээд орхих биш, төрийн зүгээс  иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах, иргэд эцэг эхчүүдийн үүрэг хариулцагын нэмэгдүүлж олон талт хамтын ажиллагаа хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Мөн соён гэгээрүүлэх ажил учир дутагдалтай байна. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийг төрөөс хамгаалах, сэтгэл зүйн эмчилгээ болон, эрүүл мэндийн эмчилгээнд хамруулах тэдэнд нийгмийн иргэн болоход туслах энэрэнгүй бодлого хэрэгтэй байна.

-Харгис үйлдэл хийсэн, удаа дараа хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд бид хэрхэн хандах ёстой юм бэ? Өнөөдөр манай шүүх хуулийн байгууллагаас гэмт хэрэгтнүүдэд оноож буй ял шийтгэл хэр зохимжтой вэ?

-Энэ хэрцгий үйлдэл гаргаад байгаа этгээдүүдтэй  хуулийн хүрээнд тодорхой хариуцлага тооцдог болох зайлшгүй шаардлагатай болоод байна.  Бид хариуцлагын асуудлыг хурцаар тавихгүй л юм бол энэ гэмт хэргийн тоо буурахгүй нь ээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-д хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай тодорхой заасан байгаа. Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, сэтгэцийн өвчтэй, мансуурсан сарнисан, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 1-5 жилийн хорих ялтай. Хүндрүүлэх нөхцөл буюу бүлэглэж, гэр бүлийн хамаарал бүхий, хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, хоёр буюу түүнээс дээш олон удаагийн давталттай, зүй бус аргаар хүчирхийлсэн тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг хүчирхийлсэн бол 5-12 жилийн ялтай. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд хүчиндүүлээд нас барсан бол 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Эндээс өмгөөлөгч хүний хувьд харахад, хуульзүйн хариуцлагын асуудлыг хуулийн хүрээнд тодорхой гаргаж ирэхгүй бол бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн тоо буурахгүй гэдэг нь нэгэнт илэрхий байна.  Бүх насаар нь хорих ял хуульд байгаа. Жил гаруйн өмнө “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс бүх насаар нь хорих ял өгсөн. Энэ шүүхийн шийдвэрийг гарснаас хойш гэмт хэргийн тоо буурах болов уу гэж судлаач хүний хувьд итгэж байсан. Гэтэл цагдаагийн байгууллагатай хамтраад энэ төрлийн хэргийг судалж үзэхэд буурахгүй байгаа. Бүх насаар нь хорих ял нь  гэмт хэрэгтний сэтгэхүйд огтхон ч нөлөөлөхгүй байна. Айхгүйгээс аягүй гэдэг үг байдаг даа тийм сэтгэл зүй ч байхгүй байна. Тэгвэл бид өөр арга руу шилжих ёстой байна.

-Жишээлбэл ямар арга байж болох вэ?

-Гадаадын улс орнуудад химийн тариа тарьж хүчирхийлэгчдийг хөнгөлөх арга хэрэглэдэг туршлага бий. Энэ аргыг бид яагаад сонгож болохгүй гэж. Эсвэл хорих ялын хугацааг маш өндөр, тодорхой болгож өгөх ёстой.

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цаазлах хэрэгтэй гэх хандлага иргэдийн дунд түгээмэл байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс нийгмийн шаардлагын дагуу хууль санаачлах эрхийнхээ хүрээнд, бага насны хүүхэд хүчирхийлж, амь насыг нь хороосон үйлдэлд цаазаар авах ял  оногдуулах тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө буюу 2017 оны 11-р сарын 27-нд Хуульзүй дотоод хэргийн яамаар дамжуулан УИХ-д хүргүүлсэн, одоо хэр нь салбарын яамнаас албан ёсны хариу ирээгүй.  Хэрхэн яаж шийдвэрлэх нь УИХ, хууль тогтоогч эрхэм гишүүдийн шийдэх  асуудал. Хүний ёсонд нийцэмгүй үйлдлүүд гарч, бяцхан хүүхдүүдийн амь нас хохирч байгаа энэ аймшигт зүйлийг зүгээр л хараад суух ёстой юм уу. Хэрвээ хүний ой санаанд багтамгүй ийм гэмт хэрэг гарахгүй, гардаггүй байсан бол ийм хэлбэрийн эрүүгийн хариуцлагын тухай хөндөж тавихгүй байсан байхаа.

-Хохирогчийг сэтгэлзүйн талаас нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах тал дээр та нилээн дугардаг. Үүнд ямар шийдэл байж болох вэ? 

-Гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүд бие эрхтэн, сэтгэл санаа, нэр төрийн хохирол амс ч тэдний гэр бүл мөнгө санхүү, эд материал, амьдралынхаа алтан цаг хугацаагаар хохирч үлддэг. Бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тухайд хохирогч хүүхдүүд нь сэтгэлзүйн өөрчлөлттэй болж үлдсэн байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очоод үзэхэд, хэргийн хохирогч хүүхдүүд маш хүнд байдалтай байдаг. Харин энэ сэтгэлийн эмгэгийг ойлгох, эмчлэх тухай ойлголт манайд байхгүй байна. Гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал тодорхойгүй байдаг. Сэтгэл санааны хохирол тооцсон тохиолдол маш цөөн байдаг. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхэд хоёр хэрэг шийдсэнээс өөр сэтгэл санааны хохирлын талаар бодит жишээ болгочихлоор хэрэг их цөөхөн.

Ерөнхийдөө шүүхийн процедурт гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирлыг шийдэх байдал их учир дутагдалтай байгаа. Яагаад гэхээр нотлогдохгүй байна гэж үздэг. Таны сэтгэл яаж гэмтсэн юм бэ, сэтгэл санаа хохирсон гэдгээ юугаар нотлох юм бэ гэх мэтээр ханддаг. Сэтгэл гэдэг бол эрхтэн. Тэгвэл бусад орнуудад сэтгэл хэдэн хувьтай гэмтсэн бэ, хэрхэн гэмтсэн бэ гэдгийг нарийн мэргэжлийн сэтгэл зүйч эмч нар тодорхойлж дүгнэлт гаргаад, түүнийг үндэслэж энэ хүн сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай, эмчилгээний хугацаа ийм байна гэх дүгнэлтийг үндэслээд шүүх шийдвэр гаргадаг юм байна.

Гэтэл манайд хохирогч хохирсноороо  л үлддэг. Түүгээр ч зогсохгүй хохирогчийн ар гэрийнхэн давхар давхар хохироод явж байдаг. Нөгөө охиноо эрүүл саруул болгох гээд, хэргийг нь үнэн зөв шийдүүлэх гээд ажил албаа орхиод хууль цагдаа эмнэлгээр явсаар цаг хугацаа өнгөрдөг. Энэ бол манайд байгаа бодит байдаг л зүйл. Яагаад бид гэм хорын, сэтгэл санааны хохирлыг тодорхой болгоод тооцож өгөхгүй байгаа юм бэ, гэдэг асуудалд тодорхой дэвшил, шийдэл хэрэгтэй байгаа юм. Мөн судлаач хүний хувьд, хохирсон бага насны хүүхдүүдийн онгон хальсыг нөхөж өгөх мэс ажилбарыг төлбөрийг төрөөс даадаг байх ёстой гэдэг саналыг холбогдох байгууллагуудад удаа дараа гаргасан боловч төдийлөн үр дүнгүй л байна.  Төр хүүхдээ хамгаалах ёстой шүү дээ. Гэмт хэрэгт өртсөн тэр хүүхдийг бүхий л талаас нь нөхөн сэргээх ажлыг хийх ёстой. Дээрээс нь хохирогч хүүхдүүдийн хувийн нууц, нэр хүндийг хамгаалах тал дээр заавал ажиллах ёстой. Хохирогчийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгдөг, нэр төрд халддаг, олон нийтэд зарладаг үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

-Гэмт хэргийн, ялангуяа хүчирхийллийн тухай мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэвэл зохилтой юм бол? Эсвэл бүр мэдээлэхгүй байх хэрэгтэй юу? Хүчирхийллийн тухай мэдээлэл, дараагийн хэргийн сэдэл болдог гэх?

-Би анх удаа энэ сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд энэ талаар ярихад маш их эмзэглэдэг. Ер нь бол хэргийн талаар дэлгэрэнгүй ярих тусмаа хэрэгтнүүдэд сэдэл өгдөг гэдэгтэй санал нэгддэг. Ялангуяа сэтгэц өөрчлөлттэй хүмүүс би сонирхоод үзье гэх бодол төрдгийг үгүйсгэх аргагүй.  Аав нь охиноо хүчинджээ, ах нь дүүгээ хүчирхийлжээ гэдэг мэдээллийг олон нийтэд хүргээд байх шаардлага байхгүй. Гэтэл манайхан хүчирхийлүүлсэн хүүхдийн зургийг нийтлэхээс наагуур мэдээлэл тавьдаг, нөгөөтэйгүүр сошиал ерөнцөд олны хандалтыг олноор авч байна хэмээн хөөрч хохирогчийн сэтгэл болон гэр бүлийн сэтгэлзүйд хүнд дарамт үүсгээд байж байдаг шүү дээ. Энэ бол өнөөдрийн байгаа л бодит дүр төрх.

Цаашлаад бид яг үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдээд байгаа хэрэгтнүүдийн сэтгэлзүйг ч судалж тогтоомоор байгаа юм.  Яагаад ямар учраас сэдэл төрсөн бэ, яаж таслан зогсоох вэ гэдэг талаар бодитой ажил хийх ёстой. Тийм учраас мэдээллийн талаас нь цензуртэй авч үзэх ёстой. Ялангуяа хууль, хяналтын байгууллагууд хэвлэлийн хурал хийгээд мэдээлээд байдгаа болих хэрэгтэй. Миний өмгөөлж байсан олон хэрэг дээр хууль хяналтынхан түрүүлж дуугарч байсан тохиолдол байсан. Тухайлбал, прокурорын байгууллагын албан тушаалтан шүүх шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө урьдчилан “Гэмт хэрэгт хамаарал бүхий иргэн нь онгон байжээ, гэм буруугүй гэдэг нь тогтоогдлоо” гэж мэдээлсэн ч шинжилгээгээр үгүй гэдэг нь тогтоогдсон тохиолдол бий. Энэ мэтээр төрийн албан хаагч нар ялангуяа энэ эмзэг асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гэм буруугийн нөхцөл байдлыг нарийн тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд ч мөн зөв хандлага хэрэгтэй. Мэдээллийг түгээхдээ маш хариуцлагатай ёс зүйтэй байх ёстой. Хууль дүрэм гэхээсээ илүүтэй насанд хүрсэн хүмүүсийн хүн ёсны асуудал юм шүү дээ. Үүний цаана хүүхэд давхар хохирч байгааг бодолцох хэрэгтэй.

-Нөгөө талаас гэмт хэрэгтнийг бус хохирогчийг буруутгах хандлага нийгэмд бий?

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүд төрийн хамгаалалтад, өглөө өдрийн хоолтойгоор санаа амар сууж байхад нөгөө талд хохирогч нар наранд мөнхийн айдас хүйдэстэй алхаж яваа. Энэрэнгүй ёсны зарчим гэмт хэрэгтнүүдэд үйлчлээд төрийн хамгаалалтад байж болдог юм бол хэргийн золиос болсон хохирогч нарт мөн энэрэнгүй ёсны хишгийг хүртээмээр байна. Тийм учраас хохирогч нарт төрийн хамгаалалт байх ёстой гэдгийг хэлмээр байгаа юм.  Гэрч хохирогийн эрхийг хамгаалах тухай хуулийн 19-р зүйлийн дагуу хохирогч хүүхдүүдийг тодорхой хугацаанд  төрийн хамгаалалтанд авдаг байх хэрэгтэй. Яагаад гэхээр хохирогч болсон охидуудад гэр бүл, хамаатан садан, ойр дотны хүмүүсээс ч гомдлоо татаж ав, тэгэж хэл ингэж хэл гэх мэтээр улам бүр  дарамт ирдэг. 

Эцэст нь хэлэхэд, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал нь зөвхөн эмэгтэйчүүд эхчүүдийн асуудал  биш юм шүү. Нийгэм даяараа энэ асуудлын эсрэг тэмцэх хэрэгтэй. Эрэгтэйчүүд, аавууд ч мөн адил үүнд хамтарч, нөлөөлж байж л энэ зүйлийг таслан зогсооно. Гэмт хэргийн тоог бууруулах биш одоо л цэг тавья. Өнөөдөр бид зөвхөн сүүлийн гуравхан жилийн дотор 4933 хүүхдээ гэмт хэргийн хохирогч, 2822 хүүхдээ бид гэмт хэрэгтэн болгочхоод дайны байдалд байгаа мэт нөхцөл байдал үүсэн байхад зүгээр л хараад сууж хэрхэвч болохгүй.

Top