АНУ Оросын эсрэг хоригоо өргөжүүлэх гэж байна уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

АНУ Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хоригоо өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Хоригийн хоёр дахь багцыг бэлтгэж байгаа гэх мэдээлэл байгаа талаар “RT” агентлагийн тоймч, шинжээч нар өгүүлсэн байлаа. Гэхдээ Оросын эсрэг авах шинэ арга хэмжээнүүд батлагдаагүй байгаа юм. Төрийн департаментад ярьж байгаагаар хориг тавих шийдвэрийг “Оросын стратеги”-ийг гаргасныхаа дараа Цагаан ордон удирдан чиглүүлэх гэнэ. Шинжээчдийн дүгнэж буйгаар Москвагийн эсрэг шинэ хориг тавих асуудлыг хөндөж байгаа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Орост хийх айлчлалын “хүрээнд” гарч ирж буй асуудал аж. Юу гэсэн үг вэ гэхээр Доналд Трампыг Москватай харилцахаас урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ юм.

ТРАМП ДАХИАД ГАРЧ ИРНЭ ГЭХ АЙДАС

ОХУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээний талаарх баримт бичиг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Ерөнхийлөгчид хүрчээ. “Бид хоригийн талаар ярилцсан” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон ярьсан ч илүү тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг эхний хоригийг 2018 оны наймдугаар сард тавьсан байдаг. АНУ-ын химийн болон биологийн зэвсгийг 1991 оноос хойш цэрэг дайны зориулалтаар хэрэглэхийг хориглосон хуультай холбоотойгоор хориг тавигджээ. Хоёр дахь хоригийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарын уулзалтын сургаар ярьж эхэлсэн гэж шинжээч нар үзэж байна. АНУ Доналд Трампыг “барьж байх” Оросын эсрэг бодлогын хүрээнд энэ асуудал сөхөгдөв үү?

ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулах боломжийг Доналд Трампад олгохгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн Трамп дахиад сонгуулийн кампанит ажил хийж эхэлсэн нь дайснуудыг нь бүх үйлдлээ түүний эсрэг чиглүүлэхэд хүргэв үү? Тэд Трампад Ерөнхийлөгчийн эхний хугацааныхаа үр дүнг хүмүүст харуулах боломж олгохгүй байж, дахиад Цагаан ордонд суулгахгүйн тулд ажиллана.

Мөн Трамп, Путин нарыг дахиж уулзуулахгүйн тулд дайснууд нь бүгдийг хийж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

СКРИПАЛИЙГ ХОРДУУЛСАН НЬ

Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэрэг 2018 оны гуравдугаар сарын 4-нд гарсан билээ. Тэднийг Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй байхад нь олсон байдаг. Тэдэн дээр анх очсон цагдаагийн ажилтан болон нийт 21 хүн тархи мэдрэлийг саажуулдаг хорт бодисын нөлөөнд өртсөн гэх. Энэ хэргийн дараа Их Британи улс Оросоос тайлбар шаардаж, зарим улс ОХУ-ыг уг хэрэгт шууд буруутгасан. ОХУ тагнуулч асны хэрэгт хамааралгүйгээ илэрхийлсний дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Орос улс Их Британийн шаардлагыг үл тоолоо гэж үзэж, 23 дипломат ажилтныг нь хөөсөн билээ. Мөн бусад хоригийг тавьсан байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тагнуулч асан Сергей Скрипалийн хэргийн талаар “Солсбери хотод ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн мөрдлөгөд бид оролцоход бэлэн байна. Энэхүү эмгэнэлт явдлын талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдлээ. Тэгээд толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл гэвэл уг бодис дайн тулаанд ашигладаг байсан хордуулах бодис байсан бол Сергей Скрипаль болон түүний охин газар дээрээ нас барах байсан. Энэ хэрэг нь тодорхой зүйл. Оросыг буруутгахаасаа өмнө болсон явдлын учрыг ойлгох хэрэгтэй” гэсэн байдаг. Путин түүнчлэн Орост уг бодис байдаггүйг хэлсэн юм. Тэрбээр “Бид химийн зэвсгээ олон улсын ажиглагч нарын хяналт дор устгасан” гэжээ.

“НОВИЧОК”

Сергей Скрипаль болон түүний охин Юлияг “Новичок” гэх мэдрэл саажуулдаг бодисоор ОХУ хордуулсан гэж Их Британийн зүгээс буруутгасан ч уг эргэлзээтэй яриандаа баттай баримт хавсаргаагүй юм. Америкийн засаг захиргаа ч мөн Орост уг хэргийг тохохыг хүсч байгаа гэх.

Төрийн департаментын дүгнэж буйгаар хоёр дахь хориг нь Оросын эдийн засгийн 70 хувийг хамарч, хэдэн зуун сая ам.долларын хохирол учруулах аж. Шинжээчдийн таамаглалаар дараах дүр зураг харагдаж байгаа гэнэ. Нэгдүгээрт, хориг үнэхээр бэлтгэгдсэн, хэрэгжүүлэх боломжтой. Хоёрдугаарт, хоригийн талаар нууцалж байгаа, эсвэл огт байхгүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Майк Помпеог харилцан ашигтай харилцааг үүсгэх, өөрт нь хэрэгтэй яриа хэлэлцээрийн төлөө Путин руу илгээсэн гэх. Магадгүй түүнд Оросын тусламж, байг гэхэд Оросын зүгээс төвийг сахисан байр суурь хэрэгтэй байгаа. Хэрвээ энэ нөхцөлд Вашингтон Москвагийн эсрэг ээлжит хоригоо тавьбал асуудал үүсч мэдэх юм.

ОРОСЫГ БУРУУТГАХ ШАЛТАГУУД

“Новичок” гэх химийн бодис нь Орост байдаг гэж Их Британийн мөрдөн шалгах албаныхан мэдээлж байв. Тагнуулч асныг хордуулсан гэх хоёр орос эрэгтэйн нэрийг ч зарлаад амжсан. Харин ОХУ уг мэдээллийг хуурамч гэж мэдэгдсэн юм.

13 жил хоригдох ялтай байсан Сергей Скрипаль нь тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдсан хүмүүсийг солилцох хүрээнд 2010 онд АНУ-д шилжиж, тэндээсээ Их Британид суурьшсан байдаг. Германы Тагнуулын алба Их Британид Оросын тагнуулч асныг хордуулсан бодистой адил зүйлийг 1990-ээд онд хүлээж авч байсан гэсэн мэдээлэл тус улсын “Zeit” сонинд гарчээ. Германы Холбооны тагнуулын алба 1990-ээд онд “Новичок” гэх бодисыг дуурайлгаж хийсэн химийн хорт бодисыг Оросын эрдэмтэн Германд өгснийг илрүүлж байсан гэх. “Zeit”, “Süddeutsche Zeitung” сонин болон “NDR”, “WDR” радиогийн сэтгүүлч нарын хамтран эрэн сурвалжилсан мэдээллээр дээрх химийн бодисын туршилтын талаар Холбооны тагнуулын алба болон Бундесвер (ХБНГУ-ын зэвсэгт хүчин)-д нууц мэдээлэгч мэдээлэл өгч байжээ. Түүнийг Оросын эрдэмтэн байсан гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрээр Герман руу зугтан очиж амьдарч байжээ. Тухайн үед ХБНГУ-ын Канцлер байсан Хельмут Колийн ярьснаар Германы Тагнуулын алба уг бодисыг холбоотнуудтайгаа хуваалцсан аж. Тэр дундаа Америк, Их Британийн Тагнуулын албанд дамжуулжээ.

Тэгвэл Их Британийн Хатан хааны прокурорын алба тус улсад хордсон Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хөнөөхөөр завдсан сэжиглэгдэж байгаа хоёр орос эрэгтэйн нэрийг өнгөрсөн намар зарласан билээ. Тэднийг Александр Петров болон Руслан Боширов гэсэн байна. Энэ талаар “РИА Новости” агентлаг Хатан хааны прокурорын албаны мэдээн дээр үндэслэн мэдээлжээ. Сэжиглэгдэж буй оросуудыг дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Скрипалийг хөнөөх оролдлого хийсэн, Ник Бейл гэх цагдааг хөнөөхийг завдсан, аллага үйлдэхээр хуйвалдаж, санаатайгаар бие махбодийн хүнд гэмтэл учруулсан, химийн зэвсгийн тухай хуулийг зөрчиж “Новичок” гэх бодисыг ашиглаж, эзэмшсэн гэсэн зүйл ангиуд аж.

Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамнаас Их Британийн зарласан нэрс, зураг нь хуурамч гэж мэдэгджээ. Удалгүй АНУ “Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн дараа Холбооны мөрдөх товчоо АНУ-аас орогнол хүсч тус улсад амьдарч байгаа оросуудын аюулгүй байдалд сэтгэл зовниж байна” гэх мэдэгдэл хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top