Энэ оны эхний улирлын байдлаарх “Арилжааны банкуудын өрсөлдөөний тойм”-ыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргажээ. Банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм.
Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан. Тэрчлэн Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан АКТИВ, ЗЭЭЛ, АШИГ, ХАРИЛЦАХ БА ХАДГАЛАМЖ гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулжээ.
Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь ТОМ-3 банк, ДУНД-3 банк, ЖИЖИГ банкууд гэж ангилж байна.
Актив нь таван их наяд төгрөгийг давсан Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкууд ТОМ-3 банк бол, актив нь 1-5 их наяд төгрөгийн хооронд байгаа Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк ДУНД-3 банк юм. Харин актив нь нэг их наядаас доош хэмжээтэй дараах банкууд жижиг банкуудад тооцогдож байна.
Арилжааны банкуудын үзүүлэлтүүдээс танилцуулъя.
Нийт актив 33,5 их наяд төгрөг
Банкны салбарын нийт актив энэ оны нэгдүгээр улиралд 33,5 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0,4 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4,6 их наяд төгрөгөөр өслөө.
ТОМ-3 банк нийт активын 68,2 хувь, Дунд-3 банк 23,8 хувь, жижиг банкууд 8 хувийг эзэлж байна.
1 жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банкны актив 14,7 хувь, ДУНД-3 банкны актив 20,1 хувь, жижиг банкуудын актив 44,1 хувиар тус бүр өсчээ.
Ашиг = 80,8 тэрбум төгрөг
Банкуудын өөрийн хөрөнгө нэгдүгээр улирлын байдлаар 3,35 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,19 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Харин банкны салбарын ашиг нэгдүгээр улирлын байдлаар 80.8 тэрбум төгрөгийн ашигтай байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банкны ашиг 15 хувиар буюу 15 тэрбум төгрөгөөр буурч 81 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. ДУНД-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тэрбум төгрөгөөр өсч 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Харилцах ба хадгаламж 19,8 их наяд төгрөг
13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 19,8 их наяд төгрөг байна. Үүнээс 67,7 хувийг ТОМ-3 банк, 25,3 хувийг ДУНД-3 банк, долоон хувийг жижиг банкууд эзэлж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банк 21 хувиар, ДУНД-3 банк 35 хувиар, жижиг банкууд 35 хувиар тус бүр харилцах ба хадгаламжийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл харилцах болон хадгаламжийн хэмжээ 25 хувиар өсчээ.
Банкны нөөц = 4,4 их наяд төгрөг
Банкны нөөц 4,4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1,9 их наяд төгрөгөөр өсчээ.
Чанаргүй зээл 11,4%
13 банкны нийт зээл 16,5 их наяд төгрөг байна. Үүнээс 64,9 хувийг ТОМ-3 банк, 27,2 хувийг ДУНД-3 банк, 7,9 хувийг жижиг банкууд бүрдүүлж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банк 20,7 хувиар, ДУНД-3 банк 28,1 хувиар, жижиг банкууд 52,2 хувиар тус тус зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд 24,7 хувь өсчээ.
Нэгдүгээр улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,85 их наяд төгрөг буюу нийт зээлийн 11,4 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ОЛОН БАНКААР ЯАНА ВЭ НЭГТВЭЛ ТААРНА