-Зүүн аймгуудад ноолуур хямдарч, 75-80 мянган төгрөгт хүрчээ-
Улсын хэмжээнд ноолуурын ханш ямар үнэтэй байгаа талаар мэдээлэл хүргэе. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гуравдугаар сарын сүүлчээс ноолуурын худалдан авалт эхэлж, 135 мянган төгрөгт хүрч байв. Хаврын эхэн үед ноолуурын ханш өндөр байдаг ч ноолуур элбэгших тусам үнэ нь буурдаг. Энэ жил өндөр үнэтэй худалдаалж байсан ноолуурын үнэ дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын дунд үе хүртэл ихэнх аймгуудад тогтмол буурсан байна. Хамгийн өндөр үнэтэй байсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ноолуурын үнэ буурч 75000-85000 төгрөгт хүрээд байна. Энэ нь ноолуур худалдан авалт буурсан, ноолуурын чанар муудсантай холбон тайлбарлаж буй юм. Эм ямаа, борлонгийн ноолуур хялгас ихтэй байдгаас ноолуур худалдан авагчид үнээ бууруулжээ.
Сүхбаатар аймгийн ноолуур ханган нийлүүлэгч М.Батзориг “Манай аймагт малчид ямаагаа самнаж дуусч байгаа учраас ноолуур ирэх нь багассан. Гуравдугаар сарын сүүлээр айлууд ямаагаа самнаж эхэлсэн. Энэ үед ноолуур дээд тал нь 135 мянган төгрөгт хүрч байсан. Ноолуур үнэтэй байсан учраас малчид ноолуураа хадгалаад байлгүй үнэтэй дээр нь өгдөг. Одоо харин ноолуур өгөх малчид цөөн байна. Ирж байгаа ямааны ноолуур хог, шороо ихтэй байна. Ийм ноолуурыг цааш нь худалдахад дургүй байдаг” гэлээ.
Харин баруун болон төвийн зарим аймгуудад малчид ямаагаа самнаж ноолуураа борлуулах ид үе үргэлжилж байгаа юм. Өчигдрийн /2019.05.21/ байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Өмнөговь зэрэг аймгуудад ноолуур 90-100 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад ноолуур 110 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс үзэхэд ноолуурын ханш сүүлийн өдрүүдэд өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт нутгийн ихэнх хэсгээр цаг агаар сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурсан. Цаг агаарын байдалтай холбоотойгоор ямаагаа самнаж, ноолуур борлуулж буй малчдын тоо цөөрсөнтэй холбоотойгоор ноолуурын эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Иймд ноолуур худалдан борлуулагч ченж нар ноолуурын худалдан авах үнээ 5000-10000 төгрөгөөр нэмсэн аж. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад аймгуудад дээрх үнээр ноолуурын ханш нэмэгдсэн гэж байв.
Харин Эмээлт захад ноолуур 97-100 мянган төгрөгөөр худалдан авч байна. Хөдөө аж ахуйн биржээс ноолуур ямар үнээр худалдан авч байгаа талаар тодруулахад “Гэрээт компаниудаараа дамжуулж ноолуурын арилжаа хийдэг. Ноолуур 118 мянган төгрөгөөр арилжаалагдаж байгаа” гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт гаргасан ноолуурын үнийг хоёр хоногийн өмнөх өдрийн /2019.05.21/ үнэ ханштай харьцуулсан мэдээллийг хүргэж байна.
№ |
Аймгууд |
Ноолуурын ханш /Үндэсний статистикийн хорооны мэдээ 2019.05.15/ |
Ноолуурын ханш /2019.05.21 Өдрийн байдлаар/ |
1 |
Архангай |
90.000 |
92.000 |
2 |
Баян-Өлгий |
85.000 |
85.000 – 90.000 |
3 |
Баян-Хонгор |
100.000 |
104.000 -110.000 |
4 |
Булган |
100.000 |
95.000-100.000 |
5 |
Говь-Алтай |
90.000 |
97000 |
6 |
Говь-Сүмбэр |
90.000 |
90.000 |
7 |
Дархан-Уул |
80.000 |
85.000 |
8 |
Дорноговь |
85.000 |
95.000-100.000 |
9 |
Дорнод |
80.000 |
80.000 -85.000 |
10 |
Дундговь |
95.000 |
95.000 |
11 |
Завхан |
90.000 |
90.000 |
12 |
Орхон |
85.000 |
80.000 |
13 |
Өвөрхангай |
95.000 |
98.000-100.000 |
14 |
Өмнөговь |
100.000 |
93.000 |
15 |
Сүхбаатар |
80.000 |
75.000-80.000 |
16 |
Сэлэнгэ |
120.000 |
110.000 |
17 |
Төв |
85.000 |
85.000 |
18 |
Увс |
98.000 |
100.000 |
19 |
Ховд |
90.000 |
95.000 |
20 |
Хөвсгөл |
100.000 |
95.000 |
21 |
Хэнтий |
80.000 |
85.000 |
Сэтгэгдэл ( 0 )