Судалгаа: Иргэдийн 48.3 хувь  нь ломбард, хувь хүнээс зээл авчээ

2019 оны 05 сарын 27

Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны 2019 оны 1 дүгээр улирлын үр дүнг өнөөдөр /2019.05.27/ Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ танилцууллаа. Иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой уг судалгааг СЗХ, МУИС хамтран 2016 оны 3 дугаар  улирлаас хойш хийж буй. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаарх судалгааны дүнг МУИС-ийн багш, Дэд профессор Б.Соёлмаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулжээ. Хамрагдсан иргэдийн 40.2 хувь  нь өнгөрсөн зургаан  сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Зээл авсан байдал нь өмнөх улиралтай ойролцоо гарчээ.  Нийт иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12 хувь нь ломбарднаас, 6.1 ББСБ, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авчээ. Зээл авсан иргэдийг зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 78.2 хувь, ломбард 29.9 хувь, хувь хүн 18.4 хувь, ББСБ 15.2 хувь эзэлж байна. Иргэдийн 48.3 хувь  албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ.

Хот, хөдөөгийн иргэдийн зээл авсан байдал

Иргэдийн 14.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 77.3 хувь нь үгүй, 7.9 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн ердөө 3.9 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцож байжээ. Сонирхож байсан иргэдийн 20  хувь нь өмнө нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан бол 80 хувь нь оролцож байгаагүй байна. Эндээс үзэхэд үнэт цаасны арилжаанд оролцохыг сонирхож байсан иргэд ч үнэт цаасны арилжаанд оролцох байдал доогуур байна. Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгааныг асуухад 36.9 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 65.1 хувь нь мэдээлэл байхгүй гэж хариулсан. Түүнчлэн, 13.4 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй шалтгаанаар сонирхдоггүй байна.

 Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол

2019 оны 1 дүгээр  улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 3 пунктээр буурчээ. Нийт иргэдийн 73.8 хувь нь даатгалгүй бөгөөд энэ нь өмнөх судалгаатай харьцуулахад 6.9 пунктээр өндөр байна.Өндөр орлоготой бөгөөд өндөр боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд илүүтэй даатгалд хамрагддаг. Мөн түүнчлэн, боловсролын түвшин доогуур иргэд даатгалын талаар мэдэхгүй гэж илүүтэй хариулжээ.

 Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгалд хамрагдаагүй байна. Энэ нь 2018 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 21.6 пунктээр өссөн байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 12.8 хувь нь даатгалд хамрагдаагүй гэжээ. Даатгалд итгэдэггүй гэдэг хариулт 12.8 байгаа нь 2018 оны 1 дүгээр  улиралтай харьцуулахад 2.1 пунктээр өсчээ.

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг 2016 оны 3 улирлаас эхлэн тандан судлаад байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2018 оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг өсчээ. Тухайлбал, 2019 оны 1 дүгээр  улиралд СЗХ, хөрөнгийн бирж болон ББСБ-д итгэдэг иргэдийн хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5, 6.3 болон 0.7 пунктээр тус тус нэмэгдсэн. СЗХ-д итгэх итгэл 2017 оны 1 дүгээр  улиралтай харьцуулахад 11.9 пунктээр өсчээ. ББСБ болон даатгалын компаниудад итгэх итгэл аль аль нь 5.5 пунктээр нэмэгдсэн. Харин Монголбанкинд итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад 14.2 пунктээр буурчээ.

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл бүлгээр

 Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байсаар байна. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байдаг нь судалгааны дүнгээс харагдаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top