Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл“-ийг авч хэлэлцэн, зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид “Хуулиар зээлийн хүүний дээд хязгаар тогтоох нь олон сөрөг үр дагаварт хүргэдгийг олон улсын туршлага харуулж байна. Зээлийн хүүний дээд хязгаарыг хатуу тогтоох нь жижиг, дунд бизнес эрхлэгч, бага орлоготой иргэд болон орон нутгийн зээлдэгчдэд хүрэх зээлийн үйлчилгээг хумьж, хүртээмжийг бууруулж, эргээд албан бус зээлийн үйлчилгээ хөгжих нөхцөлийг бий болгох, санхүүгийн байгууллагуудын шимтгэл өсөх зэрэг сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй” гэхчлэн тодотгосон байна. Мөн Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны сорилтуудаа амжилттай даван туулахад олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэг, итгэлцэл чухал хэвээр байна. Хууль тогтоох байгууллагаас зах зээлд зээлийн хүү тогтох тогтолцоонд шууд оролцож, чөлөөт эдийн засгийн зарчмаас ухрах нь олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, чиглэлтэй харшлахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтод ч сөргөөр нөлөөлөх болно. Зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах нь зүйтэй” гэсэн байна.
Зөвлөмжийг Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл, Монголын банкны холбоонд тус тус албан тоот бичгээр хүргүүлжээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )