Даатгалын компанийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэчилсэн журам туршилтаар хэрэгжиж байна. Даатгалын тухай хуульд заасны дагуу туршилтаар хэрэгжүүлж буй шинэчилсэн журмын зорилго нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдал, компанийн удирдлага, хяналтын орчин болон эрсдэлийн удирдлагын түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, даатгагчийн эрсдэлийн түвшинг тогтоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад чиглэж буй аж. Уг журмаар зайны хяналт болон газар дээрх шалгалтыг хэрэгжүүлэх арга, аргачлал болон тайлан боловсруулах загварыг тогтоож өгсөн.
Санхүүгийн Зохицуулах Хороо нь журмыг боловсруулахдаа Дэлхийн банкны болон Люксембургийн зөвлөхүүдтэй хамтран ажиллажээ. Журам дараах бүтэцтэй аж.
• Даатгагчийн талаарх тайлан, мэдээ, мэдээллийг цуглуулах
• Даатгагчийн үйл ажиллагаанд зайны хяналт хийх
• Газар дээрх шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх
• Газар дээрх шалгалтын тайлан бичих
• Хариуцлага тооцох
Журамд заасны дагуу хянан шалгагч нь зайны хяналт болон газар дээрх шалгалтыг хийх, даатгагчийн эрсдэлийн түвшинг даатгагчид учирч болох эрсдэлийн үнэлгээ болон даатгагчийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний хамаарлаар тодорхойлох аж.
Учирч болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлох аргачлал нь зайны хяналт болон газар дээрх шалгалтын хувьд ялгаатай тодорхойлогдсон бөгөөд зах зээлийн нөлөөллийн үнэлгээг даатгуулагчийн тоо, даатгалын компанийн салбарын тоо, даатгалын хураамжийн орлого, даатгалын бүтээгдэхүүний багцын эрсдэлийн үнэлгээг харгалзан тогтоох юм. Зайны хяналт хэрэгжүүлсний үр дүнд даатгагчид учирч болзошгүй эрсдэлийг тогтоож, газар дээрх шалгалтыг хэрэгжүүлэх хүрээг, тухайлбал даатгагчид ямар асуудал, эрсдэл тулгарч болзошгүй байгаад төвлөрч ажиллах боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )