Цаасан мөнгийг Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээнд хэрэглэж эхэлсэн бөгөөд түүний хаанчлалын оны цолоор Жи Юань (1264-1294 он) хэмээн нэрлэжээ.
Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан мөнгө юм. Юань улсын энэхүү мөнгөн тэмдэгт нь “1 күан” буюу “1 хэлхээ” хэмээн нэрлэгдэнэ.
“Хэлхээ” гэдэг нь 100 ширхэг зоосон мөнгөний хэлхээг хэлэх бөгөөд цаасан мөнгөн дээрх “1 хэлхээ” нь 100 ширхэг зоостой тэнцэх нэрлэсэн үнэтэй гэсэн утгыг агуулдаг аж.
Мөнгөн тэмдэгт дээрх дийлэнх бичээсийг хятад ханзаар бичсэн. Тэмдэгтийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” гэсэн үгийг дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ.
Тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазын ялтай. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнийг мөнгөөр шагнана. Энэхүү цаасан мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй бөгөөд бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн утга бүхий хятад бичээстэй байв.
Сэтгэгдэл ( 0 )