Монголын үнэт цаасны зах зээлд гадны компани орж ирлээ

2019 оны 06 сарын 07

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Райнос Ассет Менежмент Монгол” ХХК манай улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахаар нээлтээ хийлээ. Тус компани нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан байгуулан үйл ажиллагаагаа эрхэлж буй анхны гадаадын компани юм.

Энэ үйл явдал нь сүүлийн жилүүдэд Санхүүгийн зохицуулах хорооноос санхүү, хөрөнгийн зах зээлд хэрэгжүүлсэн бодлого зөв байж, зах зээлийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжсэнийг, улмаар дотоод гадаадын хөрөнгө оруулалт хийх тааатай нөхцөл бүрдэж эхэлснийг нотолсон үйл явдал болж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг сэргээхийн тулд яах ёстой вэ гэдгийг сүүлийн гурван жилийн хугацаанд судалсан. Нөхцөл байдлыг аваад үзэхэд хөрөнгийн зах зээл дээр борлогдож байгаа бараа бүтээгдэхүүн гэж байхгүй,  нөгөө л бүртгэлтэй 300 гаруй компани  хоорондоо арилжаагаа хийгээд байж байгаа юм. 2014, 2015 оны дүр зургийг харахад хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын бонд нийт арилжааных нь 98 хувийг дангаараа гаргаж байсан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2016 онд нэг их наяд гаруй төгрөг байсан бол 2018 оны төгсгөлд 2.6 их наяд төгрөгт хүрч байгаа юм. Засгийн газрын бондыг 2017 оноос эхлээд арилжихаа больсон. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг болж өссөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурласан өсөлт болсон.  Энэ өсөлтийг зөв шингээх хэрэгтэй. Хэт их халалт бий болох юм бол эргээд сөрөг нөлөөтэй байдаг. Өсөлтийг хэрхэн яаж тогтвортой байлгах вэ  гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын алхмуудтай зайлшгүй холбоотой. Бид энэ хэмжээний зах зээлийг бий болгохын тулд  хүчин чармайлт гаргасан” гэж байсан.

Тэгвэл манай хөрөнгийн зах зээлд гадны компани ийнхүү орж ирж буй нь дотоодын компаниудыг илүү чадавхжуулах, өрсөлдөх чадварыг өсгөхөд нөлөөллөө үзүүлж, санхүүгийн салбарын хөгжилд үр нөлөө дагуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top