Энэ оны эхний улирлын байдлаарх “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал” судалгаанаас харахад хэрэглэгчдийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлгээ болон ойрын ирээдүйн талаарх хүлээлт мэдэгдэхүйц сайжирсан гэж судлаачид үзэж байгаа юм.
Хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж буйд ажлын байрны олдоц сайжирсан нь зонхилох нөлөөг үзүүлжээ. Ойрын зургаан сард удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах эрэлт тогтвортой байх хандлагатай байна. Хамгийн их эрэлттэй байдаг томоохон эд хогшил, цахилгаан бараа болон автомашин худалдан авах төлөвлөгөө үл ялиг өсөлттэй харин үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлөвлөгөө буурах хандлагатай байна.
Хэрэглэгчид ирэх нэг жилийн хугацаанд инфляцийн түвшин 4.4 хувь орчим, ам.долларын ханшийг ойрын зургаан сарын хугацаанд 2655 орчим байхаар хүлээж буйг судалгаанд дурджээ.
ЭН-АР-СИ-СИ ХХК болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал” улирал тутмын тайланг 2009 оноос хойш хийж буй юм.
“Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” болон түүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг. Энэ нь эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг юм. Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй байгаагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хэрэглэгчдийн итгэл дээшилбэл бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Харин эдийн засгийн байдал муудахын хэрээр хэрэглэгчдийн итгэл буурвал хэрэглэгчид хэрэглээгээ багасгана гэж үздэг.
Сэтгэгдэл ( 0 )