“Сорилтууд Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно”

2019 оны 06 сарын 13

Энэ жил сонгуулийн өмнөх жил учраас эдийн засагт нөлөөлөх улс төрийн эрсдэл нэмэгдэнэ гэдэгтэй эдийн засагчид санал нийлж буй. Дотоодын ийм эрсдэлээс гадна тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайнтай холбоотойгоор манай уул уурхайн орлого саарах эрсдэл нэмэгдэх магадлалтай байгаа. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголын эдийн засгийн цаашдын төлөв, сорилтуудтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.

“Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байна. Гэхдээ эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр, бидэнд хийх ажил их байна.  Тухайлбал, Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад ГВАН-өөс дөрөв дахин давсан гадаад валют шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Энэхүү өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно. Энэ сорилтыг даван гарахын тулд өнөөдрийн бидний хийх ёстой эн тэргүүний зүйл бол ГВАН-ийг нэмэгдүүлэх явдал.

Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд доноруудын өмнө хүлээсэн зарим үүрэг амлалт нь богино хугацаандаа ‘өвдөлт’ мэдрүүлэхээр байсан хэдий ч дунд, урт хугацаатай ‘эрүүл, чийрэг’ болгоход тус дэмтэй билээ. Үүрэг, амлалтаа амжилттай хэрэгжүүлж, цаашид ‘нэр нүүртэй’ хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангах, тэдний дэмжлэгийг авч тулгарч буй сорилтыг хамтдаа амжилттай даван туулахад стратегийн чухал ач холбогдолтой. Иймд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна. Үр дагаварт нь бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Иймд дан ганц Монголбанкнаас гадна Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.

Дэлхийн худалдааны дайн бодитоор бий болж байгаагаас глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэл өндөр байна. “Үүлэн чөлөөний нар”-тай байгаа дээр ‘байшингийнхаа дээврийг засах’ буюу  дунд хугацааны сорилтуудыг даван туулах бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал, гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох шаардлага өндөр хэвээр байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямаа(202.126.88.131) 2019 оны 06 сарын 14

Офшор бүсэд байгаа мөнгөөр хангалттай дарна доо.

0  |  0
Top