АНУ-ын Өмнөд Каролина мужийн дэлхий даяар хамгийн их үг мэддэг хэмээн алдаршсан Чейсер хочтой нохой 16 насандаа хорвоог орхилоо гэж Independent сонинд бичжээ.
Түүнийг 2004 онд Жон Пилли гэгч хүн худалдан авчээ. Олон жилийн туршид эзэн нь бордер-колли үүлдрийн нохойтойгоо өдөрт дөрвөөс таван цаг сургуулилт хийдэг байсан гэнэ. Эзэн нь Чейсерт нэг зүйлийг 40 удаа үзүүлж, нэрийг нь хэлсний дараа тухайн зүйлээ нууж, нохойгоороо олуулдаг байсан аж.
Сургуулилтын явцад эзэн нь 800 тоглоом, 116 бөмбөг, 26 нисдэг таваг болон олон тооны хуванцар зүйлсийг ашигладаг байж. Үүний үр дүнд бордер-колли нийт 1022 эд зүйлийг таньж сурсан байна. Үүнийхээ төлөө Чейсер дэлхийн хамгийн ухаантай нохойгоор нэрлэгдэж байжээ.
Түүний эзэн Жон Пилли өнгөрсөн онд 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж. Түүнээс хойш Чейсерийг эзнийх нь охин нь тэжээж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )