ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Өнөөдөр 2019.08.05. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, бороотой.

Өнөөдөр Буркина Фасод Тусгаар тогтнолын өдөр бол Хорватад Ялалтын, Иранд Исламын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ЗХУ-ын Ардын жүжигчин Владимир Федосеев, Бразилын     алдартай цохилтот хөгжимчин Аирто Морейра, Оросын цэрэг, нийгмийн зүтгэлтэн Владимир Квачков, жүжигчин Наталья Лапина, Францын улстөрч Марин Ле Пен, Латвийн Ерөнхий сайд асан Валдис Домбровскис, Зөвлөлт, Армяны хөлбөмбөгч Роман Березовский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1905 оны энэ өдөр Бельгид ням гарагийг амралтын өдөр гэж зарлажээ.

1914 оны энэ өдөр АНУ-ын Кливлэндэд дэлхийн анхны цахилгаан гэрлэн дохиог суурилуулжээ.

1924 онд Туркт олон эхнэр авахыг хориглов.

1939 оны энэ өдөр Халхын голын байлдаанд Оросын нисгэгч Михаил Ююкин дэлхийд анх удаагаа шатаж буй онгоцоор газарт буужээ.

1940 онд Латви ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон байна.

1963 оны энэ өдөр Москвад ЗСБНХУ, АНУ болон Их Британийн төлөөлөгч нар агаар, сансар, усан доор цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ.

2016 оны энэ өдөр Рио-де-Жанейрод Зуны XXXI олимп нээлтээ хийж байлаа.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд буужээ. Бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин архи уух, тамхи татахыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top