Хятад улс АНУ-аас Хонконгийн хэрэгт оролцохгүй байхыг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Бээжин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын цэргүүд Хонконгийн хил рүү ойртож байна гэсэн мэдэгдлийн дараа Вашингтонд хандан тус бүс нутгийн хэрэгт хошуугаа дүрэхгүй байхыг анхаарууллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн яам “Бид энэ асуудлаар нэг бус удаа өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Хонконг нь Хятадын дотоод бодлогод хамаардаг. Бид дахин Америкийн талд хандан Хонконгийн хэрэгт хошуугаа дүрэхгүй байхыг уриалж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Трамп өчигдөр АНУ-ын тагнуулын мэдээллээс иш татан “Хятад улс Хонконгт эмх замбараагүй байдал болж байгаатай холбоотойгоор армиа тус бүс нутгийн хил рүү илгээсэн” гэж мэдээлсэн юм.

Хонконгийн жагсагч нар нисэх онгоцны буудлын барилгыг эзэлсний улмаас энэ сарын 13-нд Хонконгт бүх нислэг цуцлагдсан билээ. Гэхдээ Доналд Трампын мэдэгдлээс өмнө олон улсын зарим хэвлэл Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг Хонконгийн хил рүү ойртож байгаа тухай мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч талуудад болгоомжтой, хүлээцтэй байх хэрэгтэйг анхааруулжээ. Тэрбээр мөн “Асуудал бүх талд, ялангуяа Хятадын талд нааштай шийдэгдээсэй гэж хүсэж байна. Асуудлыг эвээр шийдээсэй. Хүний амь бүү үрэгдээсэй” гэсэн байна.

Хонконгийн нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн болжээ. Хонконгчуудын тэмцлийг Бээжингийн эрх баригчид терроризмын эсрэг хуулийн дагуу хүч хэрэглэн зохицуулах төлөвлөгөөтэй байж магадгүй гэж таамаглах ажиглагч байгаа юм. Саяхан АНУ-ын дипломатч Хонконгийн тэмцлийн удирдагчтай уулзсан гэсэн мэдээлэл гарсны дараа Хятадын эрх баригчид улс орных нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг Вашингтонд анхааруулсан билээ.

Өөрсдийн толгойгоо өөрсдөө мэдэхийг хүссэн хонконгчуудын тэмцлийг Хятад улс сүүлийн 27 жилд болж байгаагүй томоохон жагсаал гэж дүгнэсэн. Эх газраас үүнийг анхааралтай ажиглаж буй. Эмх замбараагүй байдал намжихгүй байвал цэрэг оруулахаас өөр аргагүй гэж тус улсын зарим улстөрч үзэж байгаа аж.

Хонконгт жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа учир улс орнууд тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандан жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.39.141.217) 2019 оны 08 сарын 17

huuliig guuli bolgogchidtai temtsej baigaa yum shde .... mongold bol 65 ats vvnees aimaar ervvgiin hereg vildeed .... tonoj deeremdeed gudraad alaad zaraad suuj baigaa shvvdee mongolchuudaa . 1 iig bodoh

1  |  0
Top