Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд, сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн сургалт зохион байгуулан эцэг, эхийн бүлгэм, сургуулийн зөвлөмж, мэдээлэл өгч ажиллана. Мөн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд орсон оюутан, сурагчдын судалгааг өдөр бүр гаргаж тухайн сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг өгөх ажээ.
Түүнчлэн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгалтын ажлуудыг тогтмол зохион байгуулж, 21 наснаас доош хүн согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн газруудад хуулийн дагуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх юм.
Иймд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож цагдаагийн байгууллагатай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )