Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас цаг үеийн зарим асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
-Бичил уурхай эрхлэгчдийг цэгцлэх асуудлыг ҮАБЗ дээр хэлэлцсэн байна. Бичил уурхай эрхлэгчдийн асуудал ҮАБЗ дээр ярих хэмжээнд хүрсэн үү?
-Монгол Улсын газар нутаг эвдэрч доройтож байна. Газар нутгийг ухсанаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ Монгол Улсын иргэд эдэлж чадахгүй байна гэдэг асуудлыг бид сүүлийн 10 жил ярьсан. Үүнийг цэгцлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар тодорхой ажлууд хийж байгаа. Өчигдөр ч бас Ерөнхий сайд МҮХАҮТ-ын төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн. Хуулиа биелүүлээд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг Монголын төр дэмжинэ. Харин хууль бус аливаа үйл ажиллагаа хийж буй бол иргэн, хуулийн этгээд хэн бэ гуайн ч үйлдлийг үргэлжлүүлэхгүй гэдгээ хэлсэн. Бичил уул уурхай эрхлэгчдийг цэгцэлнэ. Төр бодлоготой болно.
-Бүгдийг хаана гэсэн үг үү?
-Бүгдийг хаана гэхээсээ илүү тодорхой болгоё гэж байгаа юм. Яг аль бүс нутагт хэдэн хүн хэдэн төгрөгийн орлого олоод байгаа юм бэ гэдгийг тодорхой харах хэрэгтэй. Нэг газар 200 гаруй хүн очоод сард дунджаар 500 гаруй мянган төгрөгийн зардал гаргаад ажилладаг. Гэтэл 10 хүрэхгүй хувь нь гаргасан зардлаа нөхөж байгаа. Тэгэхээр хаяж ч болдоггүй, байж ч болдоггүйгээс болж уул уурхайн салбар тодорхойгүй байдалд байгаа нь үнэн. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
Архангай аймгийн Цэнхэр сумтай холбоотой асуудал яригдаад байгаа. 2007 онд УИХ-аас ажлын хэсэг очиж ажилласан. Өнөөдөр 2019 он. Бид бахь байдгаараа байгаад, аливаа нэг асуудлыг түр гал унтрааж ирснээр юу ч өөрчилж чадаагүй. Харин өнөөдрийн байдлаар эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд 177.8 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Зөвхөн эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээхэд ийм мөнгө хэрэгтэй. Эзэнтэй мөртлөө нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн газар цаана нь бий. Тийм учраас цэгцлэх ажлыг хийнэ. Энэ утгаараа БОАЖЯ-наас 2018 оны хоёрдугаар сарын 2-нд 202 компанид албан бичиг хүргүүлсэн. Монгол Улсын хууль дүрмийг биелүүл, үүнийг биелүүлэхэд БОАЖЯ бүрэн дэмжинэ. Харин хууль бус аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хатуу хариуцлага тооцно гэсэн. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр шаардлага өгсөн мэтээр асуудлыг төөрөгдүүлж байна. Тийм учраас асуудлаас зугтах гэж, хариуцлагаас бултах гэж хэн нэгнийг буруутгадаг хуучин муухай зангаа бүгдээрээ больё.
-Нинжа нарыг хориглосноор асуудал бүр хурцдахгүй юу?
-10 жилийн өмнөх нинжа нар төмпөнтэй байсан бол өнөөдөр бүгд экскаватортой болсон байна. Архангай аймгийн Цэнхэр суманд 2016 экскаватор, 186 ковш байна. Тэнд байгаа мотор, бусад техник хэрэгслийг ярьсангүй шүү. Тэгэхээр экскаватор, ковштой хүмүүс бичил алт олборлогчид биш. Бүгд татвараас нуугдсан хүмүүс. Төр ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг шийдэхэд мөнгө хүрэлцдэггүй. Гэтэл уул уурхайгаас хууль бусаар, хуулийг хийдүүлж олж байгаа албан бус орлого их байна. Үүнийг цэгцэлье гэж байгаа юм. Зарим аж ахуйн нэгжүүд ард иргэдийг турхирч, нинжа нарт газар нутаг эзлэгдлээ гээд байгаа. Тийм зүйл байхгүй. Үүнээс хойш орон нутгийн удирдлагууд тухайн бүс нутагт хууль бусаар аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээсэн.
-Нөхөрлөл болон ажиллаж байгаа нинжа нар эхнээсээ нөхөн сэргээлт хийж эхэлсэн гэсэн. Эдгээр хүмүүст яаж хандах вэ?
-Нөхөн сэргээлт нэрээр нөхөрлөлүүд алт олборлож байгаа нь бодит үнэн. Цаашид энэ ажиллагааг өөрчилнө. Ил тод болгоно. Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бүгдийг хаах гээд байгаа юм биш. Хэдэн төгрөг олох гэж хэдэн төгрөгийн байгаль орчны баялгаа сөнөөсөн юм бэ гэдгээ гаргах гээд байгаа юм. Үнэхээр Монгол Улс уул уурхайгаа түшиглэсэн эдийн засагтай болсон. Сайн тал бий. Гэхдээ саар нь ихэсчихээд байна. Нийтлэг ард иргэдийн амьдрах орчин бохирдоод байгааг жил болгон ярьдаг мөртөө үүнийг цэгцлэх гэхээр сөрөг мэдээлэл түгээж болохгүй. Миний хувьд бохирдсон бор шар усыг хүүхдүүддээ уулгаж чадахгүй. Өмөөрөөд байгаа хүмүүс бор шаргал усаа өөрсдөө уу гэж хэлмээр байна. Үнэхээр цэвэр ус ууя гэж байгаа бол системтэй ажил хийх ёстой. Дэлхий дээр өнөөдөр усыг хэн ч хийгээгүй. Усыг зүгээр савлаж байгаа гэдэг үнэнтэй нүүр тулмаар байна.
-Нөхөрлөл, нинжа нарын тоо судалгааг гаргасныхаа дараа яах вэ?
-Эхлээд үйл ажиллагааг нь зогсоогоод тодорхой мэдээллүүдийг нь цуглуулна. Дүгнэлт гаргана. Цэвэр байгаль, цэвэр ус, ой модоо хойч үедээ үлдээе гэж байгаа бол асуудал шийдэгдтэл байгалийнхаа талд байх ёстой. Үүнийг эсэргүүцээд байгаа бол уурхайн хажууд тоосжилттой орчинд амьдарч, бохир усыг хэрэглээд үзээрэй.
-Бичил уурхайд 12 мянган хүн ажиллаж байгаа. Эдгээр хүний ажлыг байрыг хэрхэх вэ?
-Өнөөдөр системийн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Бичил уурхай эрхлэгчид ажлын байртай байна гээд орхисноор татвар төлөгч байгууллага цөөрч нийгмийнхээ салбарт хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тиймээс бүгдийг зогсоогоод байгаль орчинд ээлтэй, аж үйлдвэрийг бий болгохын тулд нэгдэх хэрэгтэй байна. Бүх хүний эрхийг дээдлэх ёстой боловч нийтийн эрх ашгийн төлөө хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хязгаарлахаас аргагүй. Төр засаг ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-наас 10 мянган хүнд үнэ төлбөргүй сургалт хийсэн. Бичил уурхай эрхлэгчид тухайн бүс нутагтаа аялал жуулчлалын чиглэлээр ажиллах боломжийг нь бий болгож байгаа хэрэг. Үндсэндээ бид бүгдээрээ Монголдоо амьдарна. Тиймээс хууль бус, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг зогсоох ёстой.
Сэтгэгдэл ( 2 )
Эзэнгүй орхигдоно гэж яаж ч бодсон байхгүй шүү битгий луйварчид дээрэмчидээ хамгаалаад бай цагдаа мөрчид нь олж чаддаггүы юм бол нутгийн иргэд бариад өгнө за юу
bichil uurkhay gedeg oylgoltyg burmusun uguy khiikh kheregtey , buteej amidar, ukhaj bish