Монголын нүүрсний зах зээлд заналхийлж буй бодит нөхцөлүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Биднийг Үндсэн хууль ярьж, эрх мэдлийн төлөө ам булаалдаж суух зуур ОХУ нүүрсний зах зээл дээр гол тоглогч болно гэдгээ зарлаж, хятадууд нүүрснийхээ импортыг танана гэдгээ мэдэгдлээ. Түүгээр ч зогсохгүй оросууд 120-200 сая тонн нүүрс олборлон экспортоо нэмэгдүүлж нүүрсний зах зээл дээр тэргүүлэгч болно гэдгээ ил тод тунхаглах болов. ОХУ-ын энэхүү “тунхаг”-т дурдсан 200 сая тонн гэдэг нь өнөө бидний таван жилийн турш олборлож буй нүүрсний хэмжээтэй тэнцэнэ гэхээр манай зах зээлийг залгихад бэлэн байна гэдгийг харуулсан хэрэг. Энэ бол манай нүүрсний зах зээл рүү өнгөлзөж байгаа хамгийн том заналхийлэл.

Манай улсын хувьд нүүрс, зэс, алт гэсэн тулгын гурван чулуун дээр өл хоолоо залгуулдаг айл гэхэд болно. Гэтэл нэг тулах чулууг оросууд шууд бус утгаараа “булаана” гэдгээ зарлаж байгаа нь ирээдүйд манай эдийн засагт учрах асар том хохирол байж болох юм.

Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин айлчлалынхаа үеэр манай улсад зөвхөн нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаагийн цаана чухам ямар учир байгааг мэдэх юм алга. Хөрөнгө оруулна гэдэг сайн хэрэг ч их гүрэн яагаад “зөвхөн нүүрс” хэмээн онцлов гэхээр ямар нэг алсын бодлого барьсан байхыг үгүйсгэхгүй. Их гүрэн нэгэнт л гол тоглогч болно гэдгээ зарласан бол цаана нь гарч таарна.

Бид нэн даруй дэд бүтцийн асуудлаа шийдэхгүй бол нүүрсний зах зээлээ хойд хөршид алдахад бэлэн байгааг мэдэгдсэн хэрэг. Зүүнбаян-Ханги чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлыг эхлүүлээд ажил нь чамгүй амжилттай өрнөж байгааг салбарынхан дуулгасан. Энэ чиглэлийн төмөр замыг дотоодын хөрөнгөөр, дотоодын хүчээр босгохоор төлөвлөн ажиллаж буй. Бид Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрээс Сайншанд хүртэлх 27 километр төмөр замаа богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн гэхээр төмөр зам барих нөөц боломж байгааг харуулсан хэрэг. Гэхдээ 27 километр, 414 километр хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа бий. Эдийн засагт ямар ч хүндрэл гарсан энэ чиглэлийн замыг богино хугацаанд тавих шаардлага зүй ёсоор тулгарчээ. Тодотгож хэлбэл оросууд бидэнд дохио өгөөд эхэлсэн. Сүүлийн арваад жил шийдлээ олох гэж зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia” чуулган мөн л урьд өмнөх зүйлээ ярьж, гарц шийдэл хайсан хэвээрээ байгаа ч бидэнд томоохон сануулга өгсөн нь том олз юм. Одоо төмөр зам төдийгүй боловсруулах үйлдвэрээ бариад эхлэхийг давхар сануулж буй.  Хил гаалийн асуудлаа цэгцэлж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргах цаг болсон гээд олон зүйлийг санууллаа. 

Баримтаас харахад “Эрдэ­нэс Тавантолгой” компани түүхий нүүрсээ сайндаа  л 70 ам.доллароор борлуулж байхад дэргэд нь үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компани нүүрсээ боловсруулж угаагаад 180 ам.доллароор зардаг гэх. Тэгвэл манай нүүрс борлуулах гол цэг Бугатад нэг тонн баяжуулсан нүүрс 250 ам.доллар байгаа гэхээр бидний өдгөө экспортолж байгаа түүхий нүүрсний үнийг даруй дөрөв дахин нугалсан үнэ. Үнэн хэрэгтээ зарим жил түүхий нүүрсний үнэ навс унаж байсан тохиолдол бий гэхээр эрсдэлтэй.

Манай улсад экспортын 20 гаруй уурхай ажиллаж тэд нийт 40 орчим сая тонн нүүрс олборлодог гэсэн тооцоо бий. Тэгвэл үүнээс Монгол Улсад нийт 36 сая тонн нүүрс экспортолж байгаа нь төслийнхөө хүчин чадлын 30 гаруй хувийг ашиглаж байна гэсэн үг. Бид жилийн жилд л төсвийн төсөөлөлдөө 40 орчим сая тонн нүүрс экспортолж нэг их наяд гаруй төгрөгийн татвар бүрдүүлнэ гэсэн мөрөөдөл төлөвлөдөг, түүнийгээ хуульчилдаг. Энэ жилийн хувьд ч 42 сая тонн нүүрс экспортолж, 1.2 их наяд төгрөгийн татвар бүрдүүлэх төсөөлөлтэй ажиллаж байгаа. Нүүрсээ баяжуулаад гаргахаар үнэ өндрөөс гадна олборлолт бага байна гэсэн үг. Бидний төсөөлөөд байгаа 1.2 их наяд төгрөгийг 40 гаруй тонн түүхий нүүрснээс бус 30 шахам тонн баяжуулсан нүүрснээс авч болно гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж буй. Цаг хугацаатай уралдахгүй бол хөрөнгө хүчтэй их гүрэн нүүрсний зах зээлийг нөмрөөд авахыг хэн байг гэх юм.

“Coal Mongolia”  чуулганы үеэр манай нүүрсний гол зах зээл болсон Хятад энэ оны эцсээр нүүрсний импортоо танах төлөвтэй байгааг шинжээчид дуулгасан нь бидний хувьд тун таагүй мэдээ. Төсөвт 42 сая тонн нүүрс экспортлоно гээд заачихсан, хятадууд нүүрсний импортоо танана гээд танилцуулчихсан, долоодугаар сарын эцсийн байдлаар 21.7 сая тонн нүүрс экспортолсон байдалтай байгаа нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулж таарна. Үүний зэрэгцээ манай тээвэрлэлт, хил гаалийн нэвт­рүүлэх хүчин чадал гээд бодит нөхцөл байдлыг харахаар хуульч­лаад тогтоочихсон 42 сая тонн дэндүү хол санагдаж байна. Бид өнөөдөр автомашинаар зардал өндөртэй нүүрс тээвэрлэдэг учраас тонн тутамдаа 30 ам.доллар алддаг нь ч маш том нөлөөлөл юм.

Бид хэдий болтол нүүрснийхээ үнийг нэг центээр нэмэгдэхэд баярлаж, хоёр центээр унахад айж явах ёстой юм. Зах зээлтэй уралдаж, өрсөлдөх чадвараа сайжруулчихаад сууж байхад ямар ч айдас алга. Импортоо танана хэмээн мэдэгдэж байгаа хятадуудын коксжих нүүрсний хэрэглээ байсаар байх болно. Манайхаас авч л таарна. Гагцхүү бид дэд бүтцээ шийдчихээд тэдний аманд унахгүй байх нь чухал. Нүүрсний зах зээл дээр гол тоглогч болно, нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулна хэмээн ташаа тулж байгаа оросуудаас ч бэргэх хэрэггүй. Гагцхүү өрсөлдөх чадвараа дээшлүүлчихээр хамгийн ойр зах зээл дэргэд байна.

Орос Хятадаас, төмөрлөгийн үйлдвэрээс асар хол, Монгол Улс хиллэн оршиж байгаа гээд давуу тал олон байдаг. Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэглээ 75-80 сая тонн давдаг мэдээлэл бий. Тэдний хувьд Австрали, ОХУ, Индонезээс нүүрс авдаг. Бид дэд бүтцээ шийдээд, төмөр замаа бариад авбал энэ 80 сая тонны 50 илүү хувийг нийлүүлнэ гээд хичээвэл эдийн засаг тэлж, маш том эерэг нөлөөлөл үзүүлнэ. Нөгөө талаар манай улсын нүүрсний чанар сайн нь ч бидэнд дэмжлэг болж байна. Австралийн хувьд далайгаар нүүрсээ тээвэрлэдэг, өртөг бага байгаа нь давуу тал болдог учраас Хятадын нүүрсний 44 хувийг нийлүүлдэг томоохон түнш юм. Үүний араас Монгол Улс залгаж байгаа гэхээр бид дэд бүтцээ шийдэхэд ямар ч аюул алга.

“Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр Хятад Монголоос хэдий хэрийн хэмжээний нүүрс экспортлох нь манай нүүрсний үнээс ихээхэн шалтгаална гэсэн мэдээллийг хятадууд өгсөн. Энэ нь “манайхаас өөр зах зээл байхгүй шүү, танайд” хэмээн хатуухан сануулж байгаагаас өөрцгүй. Тэд биднээс нүүрс авах хичнээн их хэрэгцээтэй байгаа ч ийн мэдэгдэж байгаа нь бид бус тэд үнэ тогтоох оролдлого хийж байна гэж хардаж болохоор. Уг нь тэд Монгол Улсаас коксжих нүүрс худалдаж авах шаардлага их байна. Энэ ажиллагаа хэдий хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй юм гэж байна. Яагаад гэхээр “манайд төмөрлөгийн үйлдвэрлэл дээд цэгтээ хүрсэн. Ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ тийм ч их биш байх болно. Тиймээс өнөөдөр нүүрсний чанар тогтвортой байх хэрэгтэй. Монголчууд нүүрсний өртгөө тогтвортой барьж байх хэрэгтэй” гэх мэт битүү хатуу байр суурийг илэрхийлсэн нь цөөнгүй. Товчхондоо Монгол Улсын нүүрсийг бид өөрсдийнхөө тогтоосон үнээр авна, биднийг нүүрсээ хямд үнэтэй байлгаарай гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна. Энэ мэтчилэн манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлд заналхийлж буй зүйлс цөөнгүй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top