ЗИНДАА 2019.09.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

#1 В.ПУТИН МОНГОЛООР ДАМЖУУЛАН БАЙГАЛИЙН ХИЙН ШУГАМ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2019.09.09) “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авч уулзлаа. Миллер  Хятадад энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн байгалийн хий нийлүүлж эхлэх болсноо Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн юм. Алексей Миллер “2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс бид Хятадад байгалийн хий нийлүүлж эхэлнэ. Энэ бол түүхэн үйл явдал. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцтэй орон дэлхийн хамгийн том хэрэглэгчид хий нийлүүлэх болж байна. 30 жилд нэг их наяд куб метр байгалийн хий Хятадад нийлүүлэх болно” гэж мэдэгдлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавихыг үүрэг болголоо. “Газпром” Хятадын CNPC-тэй 2014 оны тавдугаар сард анх дорнод шугамаар байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Мөн 2015 онд Баруун Сибириэс Хятадад “Сибирийн хүч 2” баруун шугамаар хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч “Сибирийн хүч 2” шугам нь Алтайн БНУ-ын дархан цаазат газраар дайрах тул байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ГАЦУУРТЫГ “МАРТСАН” ДАРГА НАРТ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

"Гацуурт"-ыг мартсан төрийн ой санамжийг сэргээх ҮНДЭСЛЭЛ-үүд бийг төр засгийн байгууллагуудад эргэн сануулах үүднээс манай сонин цуврал нийтлэлүүдийг  хүргэж байсан билээ. Гол нь төрийн санах ой эргэн сэргэхээс өөр аргагүй шинэ нөхцөл байдал хуулийн дагуу үүсээд буйг энэ оны гуравдугаар сард тодотгон мэдээлж байв. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өчигдөр Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой. Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй”  хэмээн мэдэгдлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 АТГ: ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРЫН АВЛИГЫН БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЛЭЭ

Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэл хүргэж байна.  Тэрбээр "Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй байдаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ХАКЕРДСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийв. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм. 

Тэрбээр “Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллагын дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарсан. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ХАКҮХО ОЯКАТА БОЛБОЛ СҮМОГИЙН ХОЛБОО МОНГОЛЖИНО

Японы хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Никкан Гэндай дижитал”

Ёкозүна Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн болсон талаар хэвлэлүүд мэдээллээ. Ингэхээр тэр зодог тайлаад Сүмо бөхийн холбоонд оякатагаар үлдэх эрхтэй боллоо гэсэн үг. Хакүхо эртнээс энэ талаар ярьж байсан ч Японы иргэн биш тул чадахгүй байсан ч одоо түүнд саад байхгүй. “Япон хүний хувьд хичээн барилдах болно. 18 жил сүмо барилдсан үр дүн өнөөдөр гарч байна” гэж тэр хэлсэн. Түүний үгийг Японы сүмо бөхийн холбоо сэтгэл түгшин сонсож байлаа. Яагаад гэвэл Хакүхо их шүүмжлэл тавьдаг бөх. Ояката болчих юм бол хэлсэн үг бүр нь улам жинтэй болно. Хакүхо “Тойргийн барилдаан хэт олон байна, бөхчүүд гэмтлээ эдгээх, амрах цаг гарахгүй байна” гэж холбоонд гомдол тавьсан. Нэг үгээр хэлэхэд тэр “хувьсгалч” бөх. Хакүхогийн эртнээс хүсэж ирсэн нэг зүйл нь “Гадаад бөхчүүдийн тооны хязгаар”-ыг цуцлах. Одоо дүрэмд нэг дэвжээнд нэг гадаад бөх байж болно гэж заасан байгаа. Монголд сүмо болохыг хүссэн олон авьяастай, сайн залуус бий. Тэднийг сүмогийн ертөнцөд чөлөөтэй оруулахын тулд хоригийг цуцлах нь Хакүхогийн чин хүсэл билээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top