Японы шинэ газар ба дөрөв дэх үеийн сайд КОИЗҮМИ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 оноос хойших Засгийн газрын хамгийн том өөрчлөлтөө хийлээ. Японы Засгийн газрын тэргүүн ГХЯ, БХЯ, Хууль зүйн яам, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам зэрэг нийт 13 яамныхаа тэргүүнийг өөрчилсөн байна.

Сайд нарын шинэ танхимд Шинзо Абэтэй илүү ойр гэгддэг хоёрхон улстөрч суудлаа хадгалан үлдсэн юм. Тэд бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Сангийн сайд Таро Асо нар. Мөн Засгийн газрын хоёр гишүүн суудлаа солилцсон нь Гадаад хэргийн сайд Таро Коно Батлан хамгаалахыг тэргүүлэхээр болж, түүний байранд Эдийн засгийн сэргээх асуудал эрхэлсэн сайд Тошимицү Мотэги очжээ.

Түүнчлэн Эрүүл мэнд, хөдөлмөр, баялгийн сайд Кацүнобү Като, Нийт үндэсний асуудал эрхэлсэн сайд Санаэ Такаити нарын өмнөх тан­химын хоёр гишүүн эргэн ирсэн аж.

Үүнээс гадна Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр орж ирж байгаа 13 сайд байна. Тэдгээрийг дурдвал:

♦ Боловсрол, шинжлэх ухааны сайд Коити Хагиүда

♦ Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Такү Это

♦ Үндэсний газар, тээврийн сайд Казүёши Акаба

♦ Олимпиад, паралимпийн наадмыг хариуцсан сайд Сэйко Хашимото

♦ Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны сайд Ишшю Сугавара

♦ Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимүра

♦ Хүн амыг 100 саяас дээш түвшинд хадгалах асуудал, Окинава болон хойд газар нутгийн асуудал хамран эрхэлсэн сайд Сэйити Это

♦ Хууль зүйн сайд Кацүюки Кавай

♦ Байгалийн гамшгийн дараа сэргээх асуудал эрхэлсэн сайд Казүнори Танака

♦ Олон нийтийн аюулгүй байдал эрхэлсэн хорооны тэргүүн Рёта Такэда

♦ Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайд Наоказү Такэмото

♦ Бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сэйго Китамүра

♦ Байгаль орчны сайд Шинжиро Коизүми.
 


ШИНЖИРО КОИЗҮМИ ГЭЖ ХЭН БЭ?

 

Шинэ сайд нараас Ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү, 38 настай Шинжиро олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Тэрбээр Япон улсын дайнаас хойших түүхэн дэх сайд нарын танхимд орж ирсэн хамгийн залуу эрэгтэй улстөрч болжээ. Социологийн мэдээллээр бол ирээдүйд Ерөнхий сайд ч болох магадлал өндөр байгаа энэ залуу 2009 онд парламенын доод танхимын сонгуульд ялалт байгуулан анх гарч ирж байсан. Тэр цагаас хойш олон нийтийн санал асуулгаар Ерөнхий сайдын суудалд хамгийн удаан суусан гэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг Абэгийн хамгийн тохиромжтой залгамжлагч гэж гардаг байна. Түүний буурай өвөө, өвөө сайдаар ажиллаж байсан, эцэг Жүничироо Коизүми нь 2001-2006 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан аж. Тиймээс түүнийг дөрөв дэх үеийн сайд гэж хэлж болно.

Шинжиро Коизүми саяхан Кристель Такигаво хэмээх франц, японы эрлийз теле одтой гэрлэх гэж байгаа, ирэх оны эхээр бүл нэмэх гэж байгаагаа Засгийн газрын тэргүүний өргөөнөөс шууд зарласан нь япончуудын анхаарлыг ихэд татсан билээ. Гэхдээ тэдний хурим Карүизава амралтын газарт нууцлаг байдлаар болсон гэдэг. Коизүмигийн эхнэр “Fuji” теле сувагт удаан хугацааны турш ажиллаж байсан, харин сүүлд нь 2020 оны Олимпийг хүлээн авах хотын сонгуульд саналаа өгөхийг уриалсан гэдгээрээ олны танил болсон нэгэн юм байна.

Засгийн газар хэзээ албан ёсоор ажиллаж эхлэх вэ?

Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаднах Аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын суудлын эзэн ч тодорчээ. Энэ албыг Тагнуул, судалгааны хэлтсийг тэргүүлж байсан Шигэрү Китамүра толгойлох гэж байна.

Шинээр бүрдсэн сайд нарын танхимын гишүүдийн дундаж нас 61,5. Шинэ танхим өчигдөр орой Эзэн хааныг батлах ёслолд оролцоод, албан ёсоор бүрдсэнд тооцогдож эхэлжээ.

Ийнхүү Японы Засгийн газар бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулсан ч дотоод үйл ажиллагаа хэвийн үрэлжилнэ, шинэ өөрчлөлтөд бэлэн байна гэж Шинзо Абэ мэдэгдсэн байна.

Э.БОЛД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top