Нүүрсний ченжүүдийн халаасыг зузаалж, нүүгэлтсэн утаандаа амьдрах уу!

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Хэдхэн хоногийн өмнө дөнгөж 26-хан настай залуу хорт хавдраар өвчилсөн тухайгаа сошиал орчинд зарлаж, энэ өвчний гол шалтгаан хорт утаа байсан тухай онцолсон байв. Бид сүүлийн үед хэчнээн олон сайхан залуусаа цаг бусаар алдаж байна вэ. Өдөрт хэчнээн иргэн хорт утааны золиосонд эрүүл мэнд, амьдралаар дэнчин тавина вэ. Энэ асуултын хариуг хамтдаа хайя.

Энэ өвлөөс  “Тавантолгой түлш” компанийнхан сайжруулсан түлш худалдаалж эхэлж байна. Үүнийг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан их байгаа бололтой. Зарим нэг нь  төрийн энэ шийдвэр маш зөв гэж үзэж байхад, зарим нэг нь  энэ бол  утаагаар далимдуулсан бизнес гэх нь ч байна.

Уг нь, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ оны таван сарын эхний өдрөөс эхлэн түүхий нүүрсУлаанбаатар хотод оруулахын хориглосон. Энэ нь гэр хорооллын 200 орчим мянган өрхийг шахмал түлшээр хангах зорилготой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор зарласан юм. Харамсалтай нь, Ерөнхий сайдын санаачилсан энэхүү үйл ажиллагааг зориудаар саармагжуулах, иргэдэд худал мэдээлэл өгөх, өөрсдийн бизнесээ дэмжих зорилготой хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ  бол нүүрсний ченжүүд юм. Тэд өнөөдөр Эмээлт зах, Налайхын уурхайн бүх амнуудаас нойтон нүүрсээ гаргаж авчихаад хот руу оруулж өгөхөд бэлэн байгаа аж. Тодруулж хэлбэл, Засгийн газраас гаргасан шийдвэр буруу, одоо худалдаалж буй  шахмал түлш халдаггүй, үнс их гардаг гэсэн худал мэдээллийг зориудаар тараах нь тэдэнд ашигтай юм. Яагаад тэдэнд ашигтай вэ.

Нүүрсний ченжүүд 100 гаруй тэрбумаар эргэлддэг бизнестэй хүмүүс. Тиймээс энэ их мөнгөний урсгалаа хаалгахгүйн тулд “Тавантолгой” түлш компанийнхны эхлүүлсэн энэ ажлыг зориудаар харлуулах үйл ажиллагаанд хүч тавин ажиллаж байна. Тэгвэл шахмал түлш яагаад хэрэгтэй байна гэсэн асуулт зайлшгүй гарна. Хамгийн гол нь агаарын бохирдлыг бууруулахад гол үр дүнтэй арга хэмжээ болох юм. Бид сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос салья гэж амаа цангатал ярьсан хэрнээ яаж гарах аргыг олохгүй байсаар л байсан. Энэ бол бодит үнэн. Иргэд нойтон нүүрсээ санагалзсан хэвээр байгаа нь ч үнэн. Гэхдээ цаашдаа иргэдийн хуучирсан хэрэгцээг хангахын тулд олон нийт утаат хорондоо хордсоор байх юм уу. Мэдээж Монгол хүний нэг зан бий. Шинэ зүйлд дасахдаа маш удаан. Одоо хэрнээ социализмыг санагалздаг хүмүүс. Тиймээс эхний ээлжид шахмал түлшийг хэрэглэж үзчихээд дараа нь үр дүнгийнх нь талаар ярих хэрэгтэй. Тэгэхгүй бүх зүйлийг харлуулж, дордуулах нь нийгмийн хөгжилд хэчнээн их их хор уршигтай гэдгийг иргэд ойлгох нь чухал байна. Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн гол дэмжлэг бол иргэдийн дэмжлэг гэдгийг “ Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар онцлон хэлээд байгаа. Өөрөө ч гэсэн нүүрсний олигархи бүлэглэлүүдтэй ганцаараа тэмцэж байгаа бололтой. Иргэдийн хэрэглээнд нь таарсан шахмал түлшийг хэрэглээд сурчихвал энэ өвөл утаа өмнөхөөсөө хэд дахин багасах талаар судлаачид хэлж байна. Тиймээс энэ өвөл нүүрсний ченжүүдийн хэтэвчийг зузаалж, нүүгэлтсэн утаандаа өвөлжих үү эсвэл шахмал түлшний шинэ хэрэглээнд иргэдээ дасгах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирлээ.

Эх сурвалж: Өглөөний шуудан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (124.158.95.14) 2019 оны 09 сарын 24

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НЬ ИЛЧ САЙТАЙ БАЙВАЛ ИРГЭД АВНА Ш ТЭЭ, ИРГЭД Ч ГЭСЭН УТААТАЙ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ Л БАЙГАА Ш ТЭЭ, ХАРИН ЁС ЭХЛЭХИЙН ҮЕД ХАЛААЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛ МЭДЭЭЖ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ НҮҮРС ЛҮҮГЭЭ Л ОРОХ БАЙХДАА. ЗАРИМ ХҮМҮҮС ШАТААЖ ҮЗСЭН БНА ЛЭЭ. ҮНС ИХТЭЙ, ИЛЧ БАГАТАЙ, ЦААС ШИГ ХУРДАН ШАТАЖ БАЙНА Л ГЭЦГЭЭХ ЮМ. НААД ТҮЛШЭЭ МАГТАХ ЯАХАВ ЭЭ, АРД ИРГЭДЭЭ ХӨЛДӨӨЖ АЛАВ ДАА??? ХҮРЭЛСҮХЭЭ, ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАНА ШҮҮ???

0  |  0
Top