#1 МӨРӨӨДЛИЙН ТӨМӨР ЗАМААС БОЛЖ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР ГАЦАХ ВИЙ!
Дөрвөн жилийн өмнө Ч.Сайханбилэгийг засаг удирдаж байх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоо амлаад буцаж байв. Тэгэхдээ данс руу шууд шилжүүлчихгүй, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар л өгнө гэсэн юм. Харин Модигийн амлалтыг сонссоноос нэг жил хагасын дараа засгийн дараагийн кабинет нэг тэрбум ам.доллароор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх болсноо зарласан билээ. Яг өнөөдрийн тухайд Монгол Улс амлалтын нэг тэрбум ам.долларыг аваагүй. Тэр мөнгө газрын тосны үйлдвэрийн барилгын ажилд зарцуулагдах тооцоололтой. Өдгөө Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж дууссан гэгдэх автозам, төмөр замын санхүүжилт 250 тэрбум төгрөгийг Монголын Засгийн газар Хөгжлийн Банкнаасаа зээлсэн байр байдалтай байгаа.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэр мөнөөх нэг тэрбум дээр нэмээд 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Энэтхэгийн тал гаргасан нь тодорхой боллоо. Ер нь бол энэ мөнгийг олгох тал дээр Энэтхэгийн тал нааштай байр суурь илэрхийлсэн гэдгийг албаны хүмүүс өнгөрсөн тавдугаар сард хэлж ярьж байсныг сануулъя. Нэмж зээлэхээр болоод буй 236 сая ам.доллар нь газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцэд зарцуулагдах санхүүжилтийн зардал гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
#2 "АЛГА БОЛСОН ЖУУЛЧИН ХҮЙТНИЙ ОРГИЛД ГАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ"
Алтай таван богд ууланд авиралт хийхээр энэ сарын 18-нд тус оргилыг зорьсон АНУ-ын иргэн, 40 настай Патрик Жозеф сураггүй алга болжээ. Аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан энэ тухай дуудлагыг энэ сарын 21-ний үдээс хойш Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлэг Алтай таван богд ууланд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэл сураг гараагүй байна. АНУ-ын иргэнтэй хамт Австралийн таван иргэн явсан ба тэд бүгд үндсэн бааздаа эсэн мэнд иржээ.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодрууллаа.
#3 ТУСГАЙ САНГУУДЫГ ИЛЧИЛСЭН СЭТГҮҮЛЧДИЙН ТҮРҮҮЧ ЯЛЛАА
Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү ялж, өөрийн мэдээллийн үнэн зөвийг нотоллоо. Түүнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуулийн зөвлөх, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Балжмаа эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Харин Н.Алтанхуягийг өмгөөлж эрх зүйч Э.Билгүүн шүүх хуралд оролцсон юм. Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Арван сарын турш шүүх, цагдаад шалгуулж, олон улс дахь сэтгүүл зүйн хэллэгээр “түгшүүрт” автаж явсан би шүүх дээр яллаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти”-иараа ТЭДС-аас долоон жилийн хугацаатай хүүгүй зээл авсныг нь би өөрийнхөө эрхэлдэг tvmongoli.mn сайтдаа бичсэн юм. Харамсалтай нь шударга ёс хэмээн ярьдаг болсон энэ улстөрч маань үүнийг гүтгэлэг, нэр хүндэд захиалгаар халдсан хэмээн үзэж, хувь хүн болон компаниараа тус бүр хоёр нэхэмжлэл, гомдлыг цагдаа, шүүхэд зэрэг зэрэг гарган зарлан дуудах дөрвөн хуудсаар намайг дарамталж байлаа. Энэ удаад Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сайтын /tvmongolia.mn/“ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна” цуврал нийтлэлийг “бодит байдалд нийцсэн гэж шийдвэрлэлээ” гэжээ.
#4 Э.ЦЭНДБААТАР “ХЭЛМЭГДЛЭЭ” БУЮУ AIBA ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ХЭВЭЭР
ОХУ-ын Екатеринбург хотын “Екатеринбург Экспо” ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж, өчигдөр /2019.09.22/ өндөрлөлөө. Жүдо, чөлөөт бөхөөс ялгаатай нь боксын ДАШТ хоёр жилд нэг удаа зохиогддог билээ. Гэхдээ ОУОХ-ноос ДАШТ-ээс олимпын эрх олгохгүй гэдгийг зарласан. Энэ удаагийн ДАШТ-д манай найман боксчин оролцсоноос 57 кг-ын жингийн Э.Цэндбаатар л медалийн төлөө шалгаран үлдсэн. Токиогийн олимпын дараа мэргэжлийн бокст орно гэдгээ зарлаад байгаа Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Гэхдээ энэ бол алтын дайтай хүрэл байлаа. Сонирхогчдын боксын холбоо авлига, найраа хэт газар авсан тул ОУОХ-ноос шийтгэл хүлээгээд байгаа. Олимпод орохын тулд шинэчлэл хийсэн гэж байгаа ч үнэндээ байдал хэвээр үлджээ.
#5 Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарт сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Тэдний хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын эхээр прокурорт шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Тэгвэл Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд энэ сарын 26-ны пүрэв гарагт товлогджээ.
Сэтгэгдэл ( 2 )
biejeegui ajlaar hun eruu shuult tulgah ni ooroo es bus ajillagaa,neg torliin helmegduulel yum daa. Ctartekch geh Dorjzodoviin zohioson shemiig sonsson ni shiitguulj ,jinhene hiihiig sanaarhagch ni ard ni uldeh ni shudraga es uu? Oyun-Erdenii shudraga geh ni herees heterch helmegduulelt bolj huvirlaa!?.. Ih shudraga dur ch hetsuu shuu neg helmegdliig nogoogoor l solidog bichigdeegui huulitai l daa
biejeegui ajlaar hun eruu shuult tulgah ni ooroo es bus ajillagaa,neg torliin helmegduulel yum daa. Ctartekch geh Dorjzodoviin zohioson shemiig sonsson ni shiitguulj ,jinhene hiihiig sanaarhagch ni ard ni uldeh ni shudraga es uu? Oyun-Erdenii shudraga geh ni herees heterch helmegduulelt bolj huvirlaa!?.. Ih shudraga dur ch hetsuu shuu neg helmegdliig nogoogoor l solidog bichigdeegui huulitai l daa