#1 ГУТАЙ, ШУРГАДАГ, НАЙМТ ГОЛУУДЫГ ГАЗРЫН ЗУРГААС ХАСАЖ, БҮЛЭГ ОРДЫГ АШИГЛАХ ГЭЖ БАЙНА
Маргааш бас нөгөөдөр ч энэ улс оронд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнөөдрийн тухайд бид хөрөнгө мөнгөний хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлагдмал нөөц баялаг болох ашигт малтмалын орлогоор тэтгэн урагшаа алхаж байна. Гэвч дараа дараагийн жилд дан ганц уул уурхайг урдаа барьж урагшилна гэвэл эндүүрэл болох биз ээ. Хөрсөн доорх баялаг хэмжээ хязгаартайгаас гадна уул уурхайн салбар хамгийн их ХАРИУЦЛАГА нэхдэг онцлогтой. Харин манай тухайд ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ улам бүр газар авсныг үүц баялаг тээснийхээ төлөөсөнд золиос болж хохирсон, зэрэмдэглэгдсэн байгаль орчны дүр төрхүүд гэрчилнэ. Уул уурхайн салбар эдийн засагт тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгө дагуулж буй ч газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа, мөнгө босгохдоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, бүс нутгийн иргэдийн амьдрах орчныг үгүй хийхийг зөвшөөрч болохгүй л дээ. Энэ зохицуулалтыг төрөөс, төрийн нэгж байгууллагуудаас хийж, хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой ч эрх мэдлийн хэрэгжилт эрүүл бус байсныг хариуцлагагүй уул уурхайн баримтууд харуулдаг. Тиймээс уул уурхайн салбарыг илүү хариуцлагажуулахын тулд хэвлэлийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд баримтад түшиглэн нийтэлж, нэвтрүүлж, хэлж ярьж, тэмцэж буй нь эхнээсээ үр дүнг дагуулж буйг Тост, Тосон бумбын жишээнээс харж болно. Тэгвэл “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотоос энэ сарын 24-ний өдөр албан ёсоор эхлээд байна.
Хэнтий аймгийн хэмжээнд гурван жилийн өмнө 300 гаруй ашигт малтмалын лиценз бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар хайгуулын 100 гаруй лицензийг цуцалж, 226 лиценз үлдсэнийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлж байсан.
#2 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ДОРНОД АЙМАГ ХАЙГУУЛЫН 244 САНАЛААС ТАТГАЛЗСАН
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн эхэнд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа иргэний нийгмийн байгууллагууд болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлээд, Дорнод аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаарх цогц мэдээлэл өглөө.
#3 "СААРАЛ ЖАГСААЛТ"-ЫН ЭРСДЛИЙГ ТООЦОЖ ТӨСӨВ-ИЙГ БОЛОВСРУУЛСАН ГЭВ
Сонгуулийн жилийн буюу 2020 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд улс орны орлого, зарлагын тооцоолол хэрхэн тусгагдаад буйг Сангийн сайд өнөөдөр /2019.09.26/ танилцууллаа. Энэ 2019 оны төсвийг батлахдаа алдагдлыг нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр баталж байсан бол 2020 оны хувьд энэ хувь хэмжээг бууруулж, алдагдлыг нь 5.1 хувьтай тэнцүүлэн барихаар төсөлд тусгаад буйг тэрбээр хэлж байна. 2020 оны нэгдсэн төсвийн орлогыг энэ жилийнхээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг, зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2.1 их наяд төгрөг болж байна. Харин Сангийн сайдын хувьд энд яригдаж буй 2 их наяд давсан алдагдал угтаа бол нэг их наяд руу орно гэсэн зүйлийг хэлж байна. Тодруулбал, ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. Мөн тэрбээр “Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлнэ. Өмнө нь жилд хоёр удаа тодотгодог байсан. Цаашид төсвийг эрүүлжүүлнэ. Төсвийн алдагдлыг бууруулах бодлогоо үе шаттай хэрэгжүүлнэ. Алдагдлыг бууруулахын тулд шууд арга хэмжээ аваад байх нь нийгэмд, иргэдийн амьдралд цочир байдлаар нөлөө үзүүлдэг учраас, аль болох бага хэмжээнд мэдрүүлэхийн тулд арга хэмжээг үе шаттай авч, зардал бууруулах арга хэмжээг авч байгаа.
#4 Ц.САНДУЙ НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШИЛЛОО
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж мэдээлэв. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор ирээд байсан ч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.
#5 ХҮНДИЙН ӨРГӨЛТ: ОУХМ М.АНХЦЭЦЭГИЙН АНХДАГЧ АМЖИЛТУУД
Тайландын Паттая хотноо болж буй Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өгсөж өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг өчигдөр /2019.09.25/ хүрэл медаль хүртэж, Монголын туйванчдын Дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж, хүрэл медаль хүртсэн бол түүний жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртсэн юм. ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны ДАШТ-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. М.Анхцэцэг ийн ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн анхдагч амжилтын эзэн болж байна. Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. Ээж болж, спортоос түр хөндийрсөн Анхаа энэ амжилтаараа их спортдоо эргэн ирснээ бахархалтайгаар харууллаа. ДАШТ-ийг түүний нөхөр, жүжигчин Б.Золжаргал очиж үзжээ.
Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн билээ.
Медаль хүртсэнийхээ дараа ОУХМ М.Анхцэцэг сошиал хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )