"Саарал жагсаалт"-ын эрсдлийг тооцож ТӨСӨВ-ийг боловсруулсан гэв

2019 оны 09 сарын 26

Сонгуулийн жилийн буюу 2020 оны Улсын  нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд улс орны орлого, зарлагын тооцоолол хэрхэн тусгагдаад буйг Сангийн сайд өнөөдөр /2019.09.26/ танилцууллаа.

Энэ 2019 оны төсвийг батлахдаа алдагдлыг нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр баталж байсан бол 2020 оны хувьд энэ хувь хэмжээг бууруулж, алдагдлыг нь 5.1 хувьтай тэнцүүлэн барихаар төсөлд тусгаад буйг тэрбээр хэлж байна.  2020 оны нэгдсэн төсвийн орлогыг энэ жилийнхээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг, зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2.1  их наяд төгрөг болж байна. Харин Сангийн сайдын хувьд энд яригдаж буй 2 их наяд давсан алдагдал угтаа бол нэг их наяд руу орно гэсэн зүйлийг хэлж байна. Тодруулбал, ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. 

Мөн тэрбээр “Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлнэ. Өмнө нь жилд хоёр удаа тодотгодог байсан. Цаашид төсвийг  эрүүлжүүлнэ. Төсвийн алдагдлыг бууруулах бодлогоо үе шаттай хэрэгжүүлнэ. Алдагдлыг бууруулахын тулд шууд арга хэмжээ аваад байх нь нийгэмд, иргэдийн амьдралд цочир байдлаар  нөлөө үзүүлдэг учраас, аль болох бага хэмжээнд мэдрүүлэхийн тулд арга хэмжээг үе шаттай авч, зардал бууруулах арга хэмжээг авч байгаа.

Засгийн газраас Өрийн удирдлагын стратегийг  боловсруулсан. 2021-2024 онд төлөгдөх 2.9 тэрбум ам.долларын өрийг эдийн засагт, төсөвт дарамт үүсгэхгүй байхаар өрийн зохицуулалтын арга хэмжээг авч, арга замаа боловсруулан, холбогдох хэлэлцээрүүдийг хийж байна.

Татварын шинэчлэл хийснээр бизнес, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Гаалийн, боомтын шинэчлэлийг үргэлжлүүлээд явна. Хил гаалийн шинэчлэлийн хүрээнд хууль бус үйлдлүүдийг арилгах, хэдэн тонноор нь нүүрс хулгайлдаг гэхчлэн бүхий л хууль бус үйлдлүүдийг арилгахын тулд, системийг бүрдүүлэн ажиллана.

Ер нь төсвийн орлогоо гүйцэд авч байж л улс оронд шийдэх ёстой асуудлууд шийдэгдэнэ. Тиймээс орлогоо яаж гүйцэд авах вэ гэдэг чиглэлд сайн анхаарч ажиллаж байгаа.

2018, 2019 онд эхлүүлсэн бүх хөрөнгө оруулалтын төслүүдийг 2020 онд багтаж дуусгах чиглэл барьж, төсөлд зардлуудыг тусгасан.

2020 оны нэгдсэн төсвийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө засгийн хурлаар гурван удаа хэлэлцсэн. Эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийг сайжруулах чиглэлд анхаарч төсвөө боловсруулсан. Төсөв хийхдээ ирэх жилийн эдийн засаг дотоод, гадаадад ямар байхыг тооцож үздэг. Дэлхийн эдийн засгийн төлөвийг авч үзэхэд  2020 онд  эдийн засаг өсөхөөр байгаа ч эрсдэлүүд байна. Хятад, Америкийн худалдааны дайн сөрөг нөлөөлөл авчирж байна. Энэ бол Монгол Улс битгий хэл дэлхийн эдийн засагт эрсдэл дагуулж байна.

Манай эдийн засгийн одоогийн гүйцэтгэлийг харахад өсөлт 7-8 хувьтай гарчих байх. 2020 оны эдийн засгийн өсөлтийг 6 хувьтай тооцсон. Гадаад эрсдэлээс гадна дотоод эрсдэл байна. Хамгийн гол санаа зовоож байгаа эрсдэл Саарал жагсаалт. Саарал жагсаалтад орох эрсдэл хэвээрээ байна. Саарал жагсаалтад хэрэв орвол манай улсын зээлжих зэрэглэл буурна. Хөрөнгө оруулалтад нөлөөлнө. Гадаад валютын гүйлгээнд нөлөөлнө.

Сангийн яам төсвөө тооцохдоо бүхий л эрсдэлийг авч үзэх ёстой учраас Саарал жагсаалтын эрсдэлийг мөн тооцсон.

Түүхий эдийн зах зээлд уналт үүсэх эрсдэл үүсэж байна гэж үзэж байгаа. Худалдааны маргаан, технологийн салбарт үүсэж буй асуудал нь манай экспортод нөлөөлөх эрсдэлтэй. Ирэх жил 42 сая тонн нүүрс худалдана. 

Дотоодын эрсдэлүүд мөн байна. Улсын онцгой комисс өвөлжилт хүнд болно гэж мэдэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Энэ нь эдийн засагт мөн нөлөө үзүүлнэ.

Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг ОУВС-гийн чиглэлийн хүрээнд шалгаад дууссан гэж ойлгож байгаа. Хэрэв шалгалтын дараа өөр асуудал үүсэх,  арга хэмжээ авах ёстой гэж үзвэл энэ нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. 

Төсвийн бодлого үр ашигтай, ил тод байх ёстой. Төсвийн зарлагыг задалж харвал  төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэндээ анх удаа хоёр  их наяд төгрөг болж байна. Энэ мөнгийг хүүтэй зээлээр босгохгүй, бонд босгохгүй, бид одоо хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа үеэ ашиглаж, одоо л хийх хэрэгтэй. Орлого муудчихсан, эрсдэл тулсан үед бид ингэж хөрөнгө оруулалт төлөвлөж чадахгүй. Цалингийн зардалд 2.6 их наяд төгрөг тооцсон.Цалинг инфляцитай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөг, Төрийн албаны шинэ хууль хэрэгжихтэй холбоотой 140 тэрбум төгрөгийн зардал, нэмж тусгагдсан.  Багш нарын дундаж цалин 1.5 сая төгрөг болно гэхчлэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.66) 2019 оны 09 сарын 27

Хүрэлсүх сайд Хүрэлбаатар сайд нарын хийсэн ажлыг үнэлж байна ямарч гэсэн зээл авалгүйгээр өөрсдийн хүчээр төсөв хэрэгжих нь үнэхээр том асуудал даа

0  |  0
Top