РЕЦЕНЗ: Уран хас

2019 оны 10 сарын 02

“Зиндаа” сэтгүүл №11, 12/511, 512 дугаарынхаа “Сэтгэлийн гоо” булангийн “Реценз” дэд хэсэгт Монголын шилдэг уран бүтээлүүдийг түүхчлэн бичиж олны хүртээл болгодог уламжлалтай. Өмнөх дугаарт Монгол үндэстний анхны ардын түүхэн бүжгэн жүжиг “Нарны домог”-ийн тухай өгүүлсэн бол энэ дугаарт Монгол үндэстний сонгодог бүжгэн жүжиг “Уран хас” болоод Зууны манлай удирдаач, хөгжмийн зохиолч, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны уран бүтээлийн түүхээс уншигч танаа толилуулж байна.


“УРАН ХАС”-ЫН ЧУЛУУН ХЭМЭЭХ ИХ ХҮМҮҮНИЙ ТУХАЙ

/Судалбар тэмдэглэл/

“Уран хас” бүжгэн жүжиг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 46 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг 1973 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр анх тоглогдож байсан ажээ. Тус бүжгэн жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав удирдаж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, Ардын зураач Ч.Гунгаажав тайзны зургийг зурж, цомнолыг нь академич Б.Ширэндэв бичжээ. Харин жүжгийн гол дүр Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа нар анх тоглосон түүхтэй. Үүнээс хойш үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын авьяаслаг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцолсон билээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай нэгэн ярилцлагадаа “...“Уран Хас” бол Ж.Чулууны бүжгэн жүжгийн анхны томоохон бүтээл юм. Тийм учраас авьяас, чадвараа үнэхээр дайчилсан. Их ч зовсон, их ч хөдөлмөрлөсөн дөө. Ерөөс том бүжгэн жүжиг бүтээнэ гэдэг хэцүү. Ж.Чулуун бид хоёр “Уран Хас” дээр байнга ажиллаж байлаа. Түүний хувьд, билиг авьяастай хүн учраас балетмейстерийн зүгээс хэлсэн санаануудыг маань сайтар ойлгож, хөгжмийнхөө зарим хэсгийг маш мэдрэмжтэй өөрчилж байсан. Ж.Чулуун маань зөвхөн хийлч, удирдаач биш жинхэнэ хөгжмийн зохиолч гэдгээ “Уран Хас”-аар харуулсан юм шүү дээ.

Энэхүү бүтээлд ард түмэн ч хайртай байдаг. “Уран Хас”-ыг хамтран бүтээх болсон тухайд гэвэл, Б.Ренчин гуайн “Шүхэрч Буниа”-аас сэдэвлэсэн. Гэхдээ тухайн үед үзэл суртлын хаалт хориг ихтэй байсан учраас зохиолоо академич Б.Ширэндэв гуайн нэр дээр гаргасан юм. “Зохиолд гардаг явдал Хөвсгөлд болсон” гэхэд Б.Ширэндэв гуай “Үгүй ээ, манай Архангайн Хашаат суманд болсон шүү дээ” гээд бид хоёр маргалдаж л байв. Үүнээс гадна “Нуурын домог”, “Хошуу наадам” зэрэг нэлээд хэдэн бүжгэн жүжгийн зохиолыг энэ эрхмийн нэр дээр гаргаж байсан. Тэгэж байж мөнөөх олон хяналтыг гайгүй давж байлаа...” хэмээн дурсан ярьсан байдаг. Энэхүү бүтээлийн тухайд “... Хөгжмийн зохиол бичсэн 20 гаруй жилийн туршлага, найрал хөгжмийн ухааныг сайтар эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан 1973 онд бүтээсэн “Уран Хас” бүжгийн жүжиг нь Ж.Чулууны авьяас билгийг тал бүрээс нь нээн харуулсан онцгой бүтээл болсон...” хэмээн үнэлэгддэг. “...Ардын домогт үндэслэж ард түмний мэргэн сэцэн ухаан, шинийг хүсэн тэмүүлэгч, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг хурцаар ёгтлон харуулж, үндэсний хөгжмийн аяс намбыг түшиглэсэн сонирхолтой арга дүрслэлтэй, хөгжим бүжгийн эвлэг сайхан нийцэл зохицлоор бүтсэн зохиол болсон гэдгээрээ ч үе үеийн үзэгчид, судлаачдын анхаарлыг татсаар ирсэн байдаг. Хөгжмийн аялгуу нь уран нарийн хийцтэйн адилаар энэхүү бүжгэн жүжгийн цомнол нь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэнгэрт дүүлэн нисэхээр зорьсон монгол хүний зоригийг бахадсан утга төгөлдөр өгүүлэмжтэй...” хэмээн “Өнөөдөр” сонинд бичсэн байдаг билээ.


УРАН ХАС

2 бүлэг, 3 үзэгдэлт балет

ДҮРҮҮД:

Хас /уран залуу/, Хандармаа / Хасын сэтгэлт бүсгүй/, Ханд /Хасын ээж/, Хандармаагийн найз хүүхнүүд, Хошуу ноён, Тарган банди, Лүд, Арван хоёр жил

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Хангай нутаг, Идэр мөрний хойд хөвөө, уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажууханд ганц холтсон бор гэр байх агаад тэр гэрт уран Хас ээжийн хамт амьдран суух аж.

Уран Хас жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлан хийж байтал түүний сэтгэлт бүсгүй Хандармаагийн найзууд ирж түүнд саад болно. Удалгүй Хандармаа ч ирэв.

Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлэн, өндөр хясаанаас үсэрч шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийцгээх үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад, гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Энэ үед нутгийн залуус сониучирхан цугларна.

Хас өндөр хадан хясаанаас үсэрч энх тунх бууж ирэхэд, Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлан найз нөхдийн хамт хөгжилдөнө. Энэ чимээнээр Хасын ээж гарч ирэн гайхан, бахархалтайгаар хүүгээ харна.

Хас өөрийн хийж байгаа 12 жил нь ивээлээрээ бүждэг Эрдэнийн цагаа танилцуулж залуусын хүсэлтээр, эхний зургаан жилийн тухай багт үзүүлбэрийг үзүүлэхэд найз залуус нь түүний авьяас, уран ухааныг магтан хөгжилдөцгөөнө.

Бүрий болж нутгийн залуус тарцгаахад сэтгэлт хосууд хайр сэтгэлээ илэрхийлэн тоглон наадна. Хасын тухай сонссон Хошуу ноён, тахаруудын хамт энэ үед ирж түүний уран авьяасыг ашиглах зорилгоор зарлиг буулган Хүрээ рүү Хасыг авч явав. Түүнийг ээж, найз нөхөд, хайрт бүсгүй нь үдэн гаргана. /Харанхуйлал/

Хоёрдугаар үзэгдэл

Ноёны “Диваажин” урлан. Хас Хошуу ноёны даалгасан бүтээлийг хийхийн ялдамд, өөрсдийн эр чадлаа гайхуулан түүнийг дээрэлхэх хүрээний дэггүй банди нарыг айлгах гэж Лүдийн багийг ч бас хийж амжжээ.

Хошуу ноён түүний хийсэн хүүхэлдэйнүүдийг үзэж нэгийг голж нөгөөг шилэн авч, түүнийг бяцхан шагнаад баясан одно. Дэггүй банди нар үүнийг харж, түүний шагналыг булаахаар санаархахад өөрийн найздаа өнөөх Лүдний багийг өмсгөн гарч ирэх бөгөөд банди нар үхтлээ айн сандрах энэ үеийг далимдуулан Хас найзын хамт зугтлаа. Удалгүй Хасын найзууд гарч ирэн банди нартай зодоон хийх үед Хандармаа ч хүрэлцэн иржээ. Хас Хүрээг орхин сэтгэлт бүсгүйнхээ хамт өөрийн төрөлх нутгаа зорино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

Хас нутагтаа ирээд гүйцээж урласан бүтээлээ үзүүлэхээр нутгийн ард олныг урьжээ. Хасын ээж, хадаг барин бүтээлгийг авч наадам эхэллээ. Хасын энэ бүтээл бол 12 жилээр хийсэн эрдэнийн цаг бөгөөд үнэхээр гайхамшигтай урласныг нь нутгийн хүмүүс шагшин магтацгаана. Хас ч тэр баярт зориулан 12 жил бүрд баг хийж нутгийн хүүхдүүдээр бүжиглүүлэхээр бэлджээ. Багт наадам эхэлж, ивээл гурван жилийн амьтад хамтран, хүчтэй нь хүчгүйдээ эвлэрэн найрсаж, уламжлалт ёсыг бэлэгдэн гурав гурваараа бүжих нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэлтэй.

Нутгийн ардууд уран Хасын гайхамшигт авьяас, уран ухааныг бахдан магтаж, Хас, Хандармаа хоёртоо аз жаргалыг хүсэн ард түмэндээ улам ихийг бүтээхийг ерөөж буйгаар уг балет өндөрлөнө...


АРД ТҮМНИЙ ДУНДААС ТӨРСӨН АЯЛГУУ

Ж.Чулууны бүтээлийн оргил нь “Уран Хас” гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр хийлч, удирдаач байсан учраас “Уран Хас”-ыг зохиохдоо аль хөгжмөөр ямар аялгууг тогловол зохилтойг тун нарийн тооцоолж чадсан хэмээн мэргэжлийн хүмүүс санал нэгтэйгээр дүгнэдэг. “Уран Хас” нь чадварлаг сайтар найралжуулгатай, аялгуу хөгжүүлэхэд ихэд анхаарч эерэг сөрөг дүр бүрийн онцлогийг илэрхийлэхдээ хөгжмийн хэллэгийг чадварлаг ашигласан энгийн яруу бичлэгийн аргатайгаараа онцлог болсон хэмээн өндрөөр үнэлэгдэж, манай хөгжмийн театрын санд хандив болон орсон шилдэг бүтээлд тооцогдон, 1974 онд БНМАУ-ын Соёлын яамны шагнал хүртжээ.

Учир нь энэхүү бүтээл нь зөвхөн нотоор илэрхийлэгддэггүй, тухайн хөгжимчний сэтгэлийн мэдрэмжээр хөглөгддөг учраас энэ хөгжмийг тоглосон хүн бүр амилуулж чаддаггүй аж. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин, хөгжмийн удирдаач Чулууны Чинбатыг “Уран Хас”-ыг тоглоход аав нь “Чи залуу байна. Уртын дуугаа мэдэхгүй байна. Тиймээс чи зүгээр л хоосон нот дуугаргаад байна” хэмээн зэмлэж байсан тухай тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Чулуун баруун аймгийн хүн болоод ч тэр үү, бүжгэн жүжгийн хөгжмийг бичихдээ сүрлэг өндөр сарьдгууд, тунгалаг цэнгэг гол мөрнийг нүдэнд харагдтал дүрсэлсэн ажээ. Энэ бүхнийг ухаж ойлгоогүй байхдаа хөгжимчид, түүний хэлдгээр, хоосон нот тоглодог бол утгыг нь таньсан хойноо эгшиг бүрийг мэдрэн түгээдэг хэмээн урлаг судлаачид дүгнэсэн байдаг. Үнэхээр энэхүү хөгжим нь ард түмний дундаас төрсөн учраас ардын аялгуутай маш нягт холбогдсон байдаг юм.

Монгол хүн бүрийн сэтгэл зүрхнээ хоногшсон Шинэ жилийн баярын хит, та бидний сайн мэдэх аялгуу бол “Уран Хас”-ын вальс билээ.

Баярын оргилуун гэгээлэг мэдрэмжийг төрүүлж сэтгэл догдлуулан баясгах тэнгэрлэг сайхан энэ аялгууг Монголын төдийгүй гаднын хөгжимчид ч олонтоо тоглож байв. Тухайлбал, ОХУ-ын хөгжимчид Монголд уригдан ирж “Уран Хас”-ыг тоглоод “Энэ бол үнэхээр бүжгэн жүжигтээ тохирсон гайхалтай сайхан хөгжим юм” хэмээн үнэлсэн гэдэг.

Ж.Чулуун гуай “Уран Хас” бүжгийн жүжгээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн н.Гэлэнхүүгийн амьдралаас сэдэвлэн бичиж байв. Гэлэнхүү бээр нисэхийг хүсч өөрийн сумандаа байх 200 метр орчим өндөртэй “Дүнтэр” цохион дээрээс “нисэн” буухдаа азаар хоттой хонин дээр таарснаар амьд үлдсэн гэж түүний зээ хүү ярьсан байдаг. Хөвсгөлийн Төмөрбулаг сумаас доош Гурван голын бэлчирт Сэлэнгэ, Чулуут, Идэр гурван гол нийлж Сэлэнгэ мөрөн болон урсдаг. Яг тэрхүү гурван гол нийлдэг хэсгийн өндөр хаднаас тэр хүн үсэрсэн аж. Өдгөө энэхүү түүхэн хүний хөшөө дурсгал Хөвсгөл аймгийн төв Мөрөн дэх нисэх буудлын өмнөх талбайд сүндэрлэн буй нь хол ойрын зочид гийчдийн нүдийг баясгаж, монгол хүний мөрөөдлийн түүхийг өгүүлэн байна.

“Уран Хас” бүжгэн жүжгийн гол дүр Хас бол нутагтаа алдартай уран гартан. Бүжгэн жүжгийн эхний үзэгдэлд Хас өөрийн бүтээсэн далавчийг зүүж хадан хясаанаас үсэрч, эсэн мэнд бууж ирдэг. Бүжгэн жүжгийн тайзны голд 12 жилийг дүрсэлсэн цаг бий. Хас хошуу ноёны захиалгаар оньсон хүүхэлдэй бүтээдгээс гадна мухар сүсэгт автсан лам нарыг хашраахын тулд Лүд гээчийг амилуулж, өөрийнхөө хүслээр Эрдэнийн цаг урладаг. Эв нэгдэл, уламжлалт ёсыг бэлгэдсэн Эрдэнийн цагт багтаасан 12 жилийн амьтад бүжгэн жүжгийн төгсгөлд гурав гурваараа бүжиглэдэг юм. Үндэсний хамгийн алдартай бүжгэн жүжигт мэргэжлийн сургуулийн сурагчид дүр бүтээхдээ ихэвчлэн 12 жилийн дүрд хувирдаг.

“Дархан хүн бурхан ухаантай” хэмээх ардын үгийг эрхгүй санагдуулах энэхүү уран бүтээл хүүхэд залуусын сонгон үзэх дуртай үзвэрийн нэг бөгөөд “Уран Хас” бүжгэн жүжгийг үзсэн хэн боловч хөгжмийн яруу тунгалаг аялгуу, бүжигчдийн уран бүжилт, тайзны өвөрмөц засал, үйл явдлын сонирхолтой өрнөл гээд үлгэрийн гэмээр ертөнцөд аялдаг. Үндэсний сонгодог бүжгэн жүжиг “Уран Хас” нь үзэгч хүүхдүүдийн хувьд сонгодог урлагийг ойлгох нүд, сэтгэл, мэдрэмжийг нь нээх гайхалтай мөчийг бэлэглэж чадна.

“УРАН ХАС” БҮЖГЭН ЖҮЖГИЙН НОТЫГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ОРУУЛСАН НЬ

Бүжгэн жүжгийн 40 жилийн ойн баярын үеэр сонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулагч үндэсний компаниудын нэг М-Си-Эс Групп УДБЭТ-тай хамтран “Уран Хас” бүжгэн жүжгийн нотыг бүрэн эхээр нь дижитал хувилбарт шилжүүлж дуусгажээ. М-Си-Эс Групп 20 жилийнхээ ойн нэрэмжит “Үндэсний өв, соёлоо хайрлан хамгаалах хөтөлбөр”-ийг санаачлан, энэ дагуу “Үндэсний сонгодог бүтээлийн нот, клавир, партитурыг сэргээх төсөл”- ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Уран Хас” бүжгэн жүжгийн нэгэн адил үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийг дижитал хувилбарт шилжүүлэх ажлыг хийж буй хэмээн www.news.mn сайтад бичжээ.

Ойн баярын энэ өдөр Чулууны Чинбат сэтгэгдлээ хэлэхдээ “Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Миний аавын энэхүү бүтээл 40 жилийн турш дуурийн театрын тайзнаа ард түмэн, бяцхан хүүхдүүддээ зориулан тоглогдлоо. Хамгийн чухал нь Монголын ард түмний бахархал болсон энэ бүтээлийн нотыг шинэчилж, компьютерт оруулан, дижитал хэлбэртэй болгосонд үнэхээр их баяртай байна. Нотыг олон жил тоглох тусам элэгдэж, урагдан, хуучирч мууддаг. Үүнийг дижитал хэлбэрт шилжүүлнэ гэдэг бол цаашид тус уран бүтээлийг тавихад илүү хөнгөн болно. Ялангуяа шинээр төгсөж ирж байгаа уран бүтээлч, хөгжимчдөд маш чухал үйл явдал. Цаашдаа тайз, хувцас хэрэглэл, зургийг нь шинэчлэх зэрэг ажил бага багаар явагдаад байвал манай ирээдүйн хүүхдүүдэд чухал хувь нэмэр болж байгаа юм. Аавын маань уран бүтээл гэхээсээ илүү ард түмний сэтгэл зүрхэнд шингэснийг нь харахад үнэхээр тааламжтай байна. Манай гэр бүлийн бас нэгэн бахархал. Үүнийгээ аль болох өндөр хэмжээнд авч явъя л гэж боддог юм даа” хэмээн ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Энэхүү баярт өдөр “Уран Хас” бүжгэн жүжгийн Хандармаагийн дүрд анх гоцлон бүжиглэсэн Ю.Цэрмаа “Би Ж.Чулуун гуайн хөгжмийг шүтэж явдаг юм. Тэрээр бүжигчнийхээ тухайн өдрийн формыг анддаггүй маш гайхалтай мэдрэмжтэй хүн байсан. Өнөөдөр би анх гол дүрийг нь бүтээсэн бүжгэн жүжгийн 40 жилийн ой болж байгаад, үзэгчдийн суудлаас “Уран хас”-аа үзэж байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ арын бүжигчид маань байхгүй бол гол дүрийн бид юу ч биш шүү дээ. Энэ бол хамтын бүтээл гэдгээрээ гайхалтай, миний хувьд анхны Хандармаа гэдэг утгаараа сайхан л байдаг юм. Бас энэхүү бүтээл маань дижитал хувилбарт шилжсэнд нэгэн цагт оролцон тоглож явсан уран бүтээлчийн болон Ж.Чулуун гуайн хөгжимд хайртай хүний хувиар маш их баярлаж, М-Си-Эс Группын хамт олонд талархаж байна” гэжээ.

Үндэсний компаниуд ийнхүү өв соёлоо хойч үедээ үлдээж мөнхжүүлэхийн төлөө сэтгэл гарган төсөл хэрэгжүүлж буй нь үнэхээр бахадмаар юм. М-Си-Эс Группын хувьд Монголдоо анхдагч гэмээр олон төслийг санаачлан хэрэгжүүлж ирсний нэгээхэн хэсэг нь боловч ийнхүү сонгодог урлагт зориулагдаж буй нь бусаддаа үлгэр дуурайл болохуйц ажээ. Сонгодог урлагаа төр, хувийн хэвшил хамтдаа дэмжээд явах юм бол монголчуудын оюун санааны үнэт бүтээлүүд олноор төрж, уран бүтээлчид ч урам зоригтой бүтээж туурвих билээ.

ДЭЛХИЙН ОРКЕСТРУУДЫН ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН УДИРДААЧ” БУЮУ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ж.ЧУЛУУН

“...“Уран хас” -ын Ж.Чулуун. Энэ эрхэм хүн биеэрээ, бүхий л сэтгэл, оюунаараа хөгжим байж хэмээн дуу алдах хүн цөөнгүй байдаг. Хөгжим судлаачид Ж.Чулууны гарын хөдөлгөөнийг “жигүүртэн шувуу нисэн буун, нисэн буух мэт” гэж зүгээр ч нэг зүйрлээгүй буй за. Удирдуулж байсан хөгжимчид нь “Чулуун багшийг удирдахаар өөрийн эрхгүй л нотоо тоглочихдог. Бүр дэгэлзэж гэгэлзэж, шаналж, уярч, шатаж, догдолж тоглодог. Нэг л мэдэхэд бүтээлээ тоглоод дуусчихсан байдаг” хэмээн дурссан нь бий.

Ж.Чулууны хүү удирдаач Ч.Чинбат “Оркестрыг ховсдож байгаа юм шиг авч явж чаддаг. Нүүрнийхээ мимик, гарынхаа хөдөлгөөн, нүднийхээ харцаар удирддаг” гэж аавынхаа тухай ярьжээ. Учир нь Ж.Чулууны удирдсан оркестр чамин дуугаралт, сонсогчдыг хөглөх чадвараараа бусад удирдаачаас эрс ялгардаг байв. Тэр олон том театрт тоглож байснаас нэгэн тохиолдлыг энд дурдъя.

Москвагийн Большой театрын симфони оркестр 1980-аад онд Шостаковичийн “Баярын удиртгал”- ыг тоглох гэж байж. Удирдаач нь Монголын Ж.Чулуун. Тоглолт эхлэхээс өмнө оркестрын хөгжимчид хэд хэдэн нотыг буруу дуугаргаж түүнийг сорьжээ. Тэр үед Ж.Чулуун нот алдангуут нь зогсоож засч өгснөө “Намайг шалгаж дууссан бол ажилдаа оръё” гэж хэлсэн гэдэг.

Тэр Большой театраас гадна Болгар, Польшийн томоохон театр, Чех, Молдавын оркестрыг удирдаж байлаа. Тоглолт дууссаны дараа оркестр нь босч алга ташдаг байж. Сэтгэл нь хөдөлсөн хөгжимчид “Гайхалтай. Үнэхээр сайхан хамтарч ажиллалаа” хэмээн дуу алдаж байсныг дурсах хүн олон. Гадны удирдаачаар удирдуулсан оркестр барагтай л бол ийм хүндэтгэл үзүүлж бахдан шагшдаггүй. Гэхдээ их авьяас, их мэдрэмж, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гүйцэтгэлийн өмнө урлаг ихэмсэг загнадаггүй...” хэмээн энэхүү гайхамшигт хүний тухай “Гүн ертөнц” блогт бичжээ.

Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулуун 1928 оны хоёрдугаар сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. Эцэг Жамъян өнчин ядуугийн эрхээр айлд зарцлагдаж, жин тээж явсан бөгөөд нөгөөтэйгүүр орос, казах, хятад хэлтэй сэхээтэн маягийн хүн байжээ. Тэрээр хувьсгал ялсны дараагаас аймгийн захиргаа, дотоодыг хамгаалах газарт хэлмэрч, Ховдын клубын хөгжмийн эрхлэгч /багш/, хөгжимчин байв. Тэдний төрөл төрөгсдийн дунд урлаг, хөгжмийн авьяастан олон хүн байсан нь Чулууны урлагийн авьяас нээгдэхэд ихэд нөлөөлжээ. Ж.Чулуун эцгээсээ өвлөсөн энэ авьяасаа хөгжүүлж, Ховдын клубт “Солгой” хэмээх Баяр хуурчаар есөн наснаас ёочин заалгаж байгаад 1938 онд эцэг нь нас барсны учир Улаанбаатар хотноо иржээ. 1939 онд Улсын театрт сайн дураар сурагч-хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин О.Дашдэлэг, Оросын мэргэжилтэн Б.Ф.Смирнов, А.Белоусов нарт шавь оржээ. Энэ үеэс Чулуун ёочин, бөмбөр цан, царгил /ксилофон/ зэрэг цохивор хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн юм.

Улмаар 1941 оноос Н.И.Моториноор хийл хөгжим заалган, “Баян Монгол” дууны найруулгыг Зөвлөлт Буриадын найрал хөгжимтэй анх хөгжимдөж, тэр цагаас тод авьяастай хөгжимчин хэмээн үнэлэгдэх болсон юм. 1950-1960 онд ХБДС-ийн хийл хөгжмийн ангийн багш, удирдаачаар ажилласан ба энэ хугацаанд хийл болоод үндэсний хөгжмөөр Прага, Будапешт, Берлин, Бухарест хотноо ДЗО-ны их наадмуудад шалгаран оролцож IV их наадмын хүрэл медаль хүртжээ.

Энэ үеэс Ж.Чулуун уран авьяаслаг хөгжимдөхийн зэрэгцээ, хөгжмийн зохиол туурвихад биеэ зориулж, ялангуяа өөрийн хайртай хийл хөгжмийн бүтээлүүдээ зохиож эхэлсэн байдаг. Энэ бол 1949 онд бичсэн “Хийлийн хоршил”, 1951 онд бичиж өөрөө хөгжимдсөн “Ардын хоёр дууны сэдэвт хувилбар аялгуу” хэмээх хийлийн гоцлол, “Аялгуу” хэмээх хийлийн чуулга зэрэг шилдэг бүтээлүүд нь юм. Хийлийн “Хувилбар аялгуу”-г 1973 онд Алма-Ата хотноо болсон “Азийн хөгжмийн индэр”- ээс дэлхийд заавал сурталчилбал зохих Монгол хөгжмийн шилдэг бүтээлийн жагсаалтад бүртгэн авсан нь энэ зохиолыг өндөр үнэлсний баталгаа болох юм.

Ж.Чулуун уран яруу хөгжимддөгөөрөө алдаршсан манай нэрт хөгжмийн зохиолч төдийгүй, Улсын дуурь бүжгийн театрыг үүсгэн байгуулалцсан анхны гарамгай удирдаач билээ.

Ж.ЧУЛУУНЫ БҮТЭЭЛИЙН ТОВЧООН

Хөгжмийн зохиол: “Уран хас” Бүжгийн жүжиг (1973), Найрал хөгжимтэй хийлийн хоршил (1949), Ардын хоёр дууны сэдэвт хувилбар аялгуу хийлийн гоцлол (1951), Хийлийн гурван чуулга: “Залуусын золбоо”, “Малчид”, “Дөрвөд” зэрэг бүжгийн хөгжим, “Уулын горхи”, “Голын эрэг дээр” зэрэг дан хөгжмийн бүтээл, “Уудам хөндий”, “Талын дуу”, “Найрамдал” зэрэг дуу; Уран сайхны киноны хөгжим: “Алтан соёмбын дуулал” (1975), “Хонины найр” (1976), “Давааны цаана даваа” (1977), “Тойрох хуудас” (1979), “Гул Аранжин” (1980), “Саруул талын ерөөл” (1984), “Харуул занги” (1986), “Хэцүү даалгавар” (1988); Баримтат киноны хөгжим: “Туулсан зам” (1981), “Хоньчин Цогт- Гэрэл” (1982);

Удирдсан бүтээл /тайзнаа/ Балет: Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” (1956), Ф.Яруллин, “Шурале” “Ойн савдаг” (1958), С.Гончигсумлаа “Ганхуяг”, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” (1963), Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” (1968), С.Гончигсумлаа “Найз залуус” (1970), Минкус “Дон Кихот” (1971), С.Прокофьев “Золушка” (1972), П.И.Чайковский “Хунт нуур” (1975); Дуурь: С.Гончигсумлаа “Үнэн” (1957), П.И.Чайковский “Евгений Онегин” (1963), А.Даргомыжский “Лусын дагина” (1964), В.Мурадели “Октябрь” (1967), Ш.Гуно “Фауст” (1969), С.Рахманинов “Алеко” (1969), Д.Лувсаншарав “Шивээ хиагт” (1971), А.П.Бородин “Игорь ван” (1972), Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног” (1974), Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” шинэчилсэн тавилт (1975); Симфони бүтээл: В.А.Моцарт “Юпитер” 41-р симфони, Ф.Шуберт “Төгсөөгүй симфони”, Л.Бетховен 1-р симфони, “Эгмонт” удиртгал, А.Дворжак Славян бүжгүүд, Ф.Мендельсон Хийлийн концерт, П.И.Чайковский Төгөлдөр хуурын 1-р концерт, Д.Шостакович “Баярын РЕЦЕНЗ удиртгал” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет, 80 шахам симфони бүтээлийг удирдан тоглуулжээ.

Ж.Чулууны, орчин үеийн Монголын хөгжмийн соёл урлагт оруулсан их хувь нэмрийг төрөөс үнэлж БНМАУ- ын Гавьяат Жүжигчин (1957-10-17. №87), БНМАУ-ын Төрийн шагнал (1966), Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж, удирдаж, нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Г.Жамъян, Ц.Дашдулам нарын хамт, БНМАУ-ын Ардын Жүжигчин (1971-07-02. №133), Сүхбаатарын одон, Алтан гадас одон 2 удаа тус тус шагнажээ.

Монголын хөгжмийн театрын хөгжлийн түүхийг Ж.Чулуунгүйгээр ярих үндэсгүй. Цөөхөн хөгжимтэй ардын хөгжмөөс сонгодог хөгжим рүү шилжиж Монголын хөгжмийн урлагийг дэлхийд мөртэй болтол нь тэр театртаа хөгжмөө тоглож, дохиураа барьсан. Тэр Монголын хөгжмийн урлагийг дэлхийд данстай болгосон их авьяастан. Хийл найрал хөгжимд зориулсан “Ардын хоёр дууны найруулга”-ыг нь ЮНЕСКО хөгжмийн алтан фонддоо Азийн хөгжмийн үнэт бүтээл хэмээн бүртгэж хамгаалалтдаа авч байлаа.

Ж.Чулуун Ардын хоёр дууны найруулгаа Чех, Будапешт, Берлиний урлагийн наадмын тайзнаа тоглоход үзэгчид тэр аяараа босч алга ташиж байсан гэдэг. Барууны үзэгчдийг гайхшируулсан тоглолтынхоо талаар тэрээр “Миний сайн тоглосных биш ээ. Морь малаасаа өөр юм бараг мэдэхгүй монголчууд ийм юм тоглочихлоо гэж гайхаа биз” хэмээн даруухнаар хэлсэн байдаг. Хүү Ч.Чинбат нь “Ардын хоёр дууны найруулга тийм ч хөнгөн тоглочихоор зохиол биш л дээ. Одоогийн хөгжим бүжгийн сургуулийн дунд ангиас дээшээ тоглох бүтээл. Монголчууд ийм сайхан ая зохиож, хийл хөгжмөөр сайхан тоглолоо гэж л алга ташсан байх” хэмээн тэртээх өдрүүдийг дурссан нь бий.

“Уран хас”-ын Ж.Чулуун хэмээх их хүний гайхамшигт бүтээл үе үеийнхний гэгээн хүсэл мөрөөдлийг хөглөн дэгжээж, монгол вальсын аялгуу нь бүжих дуртай хэн бүхний сэтгэлд эгшиглэсээр олон оныг үдэж, угтах буй за.

Сэтгүүлч Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top