-МОНГОЛ ҮНДЭСТНИЙ АНХДАГЧ АРДЫН БҮЖГЭН ЖҮЖГИЙГ ДЭЛХИЙН ТАЙЗНАА УРИН ЗАЛЪЯ-
Дэлхийн хүн төрөлхтний гэрэлт нараа хайрлах үзэл санаа, монголчуудын эв нэгдлийн түүхийг бүжгийн хэлээр өгүүлсэн Монгол үндэстний түүхэн анхдагч ардын бүжгэн жүжиг 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, ойн тоглолтоо үзэгч олондоо хүргээд байна. XX зууны 80-аад он. Монгол орны тэргүүлэх сэхээтнүүд, уран бүтээлчдийн хүрээнд Хүннү их гүрэн, Их Монгол улсын их хаад, хатадын түүхээр бүтээл туурвих хүсэл эрмэлзлэл оршсоор байсан үе. Байх байхдаа нэлээд далайцтай хэмжээнд далд нууцаар өрнөж явсан гэдэг. ЗХУ-ын нийслэл Москва хот. Театр урлагийн дээд сургуулийн оюутан Сэвжидийн Сүхбаатар найруулагч, бүжиг дэглэгчээр суралцаж байлаа.
Дэлхийн урлагийн түүх судлах явцдаа Итали, Франц зэрэг улс орнуудад болон Орост түүхэн хаад, хатдынхаа тухай үндэсний урлагтаа тулгуурлан уран бүтээл туурвиж буйг олж хараад, Монгол туургатны эв нэгдэл, эрх чөлөөний тухай бүтээл хийх санаа төрж, уран бүтээл бүтээх онгодоор хөглөгджээ. “Дэлхийн улс орнуудад үндэсний балет гэж байхад яахаараа Монгол ардын үндэсний балет дэглэж болохгүй гэж...” Монголчуудын гайхамшигт бүтээл “Нарны домог” буюу хадан дээрх хүн домгийн “домог мэт” түүх ийнхүү эхэлдэг.
С.Сүхбаатар чуулгадаа эргэн иржээ. Уран бүтээлчийн хувьд өөрт төрсөн бүтээлийн санаагаа хуваалцаж дэмжлэг авч эхлэв. Тухайн үеийн залуухан яруу найрагч, өдгөө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, МУСГЗ Бавуугийн Лхагвасүрэн “Нарны домог” бүжгэн жүжгийн цомнолыг бичив. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай хөгжмийг нь зохиохоор “зориглосон” гэдэг. Зураачаар тухайн үеийн залуу уран бүтээлч, МУЭ-ийн шагналт зураач Ш.ТэнгисБолд ажиллаж тайз, хувцасны зураглалыг нь бүтээв. Ийнхүү уран бүтээлчдийн эвийн гал асан бадарч, одоогийн Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар дэглэн найруулснаар Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжиг “Нарны домог” тайзнаа амилсан түүхтэй. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. “Нарны домог” жил дараалан тайзнаа тоглогдож, 30 дахь жилийн ойн тоглолтыг нь үзэх хувь өнөөгийн бидэнд тохиосон юм. Ердөө өчигдөрхөн бүтээгдээд өнөөдөр л тайзнаа цоо шинээр мэндэлж буй мэт гайхалтай мэдрэмж, хэзээ ч үл мартагдам гүн сэтгэгдэл... “Энэ бүхнийг 30 жилийн өмнө хийсэн шүү дээ” гээд бодохоор бүр ч биширмээр санагдана. Түүхийг Монгол ардын бүжгийн хэлээр илэрхийлэгдэх өгүүлэмж бүр нь үзэгчдийн сэтгэлийг дээд цэгт нь тултал хөвчилж, тайзнаас хараа үл салган үйл явдлын өрнөлийг догдлон хүлээхэд хүргэх нь гайхамшигтай ажээ. Хөгжим, бүжиг, дуу, хэмнэл, дүрийн хувирал, тайз засал... төгс төгөлдөр гэдэг энэ буюу. Найруулагчийн гоц авьяас билэг, өндөр дээд ур чадвар, бүжигчдийн гайхам чадварлаг бүжилт, дуучдын яруу эгшиглэнт дуулал, найрал хөгжмийн аялгуу, дүрийн болоод үйл явдлын яруу тод илэрхийлэл, яг одоо өрнөх үйл явдал бүгд бодит... энэ бүхэн нэг дор цогцлон оршжээ. Бүжгэн жүжиг төгсөхөд үзэгчдийн алга ташилт аадар бороо мэт нижигнэн шаагиж, “Браво” хэмээн сэтгэл догдлон хашхирах дуун, нулимс дуслуулсан торгон агшин, цэцэг барин тайз руу гүйлдэх хүмүүс, хүндэтгэлтэйгээр босож зогсон алга таших үзэгчид... Энэ бүхэн нэгэн зэрэг тохиох давтагдашгүй агшин болон үлдэж байна. Театрын фойед таарах үл таних бүсгүйчүүд бүгд “улаан нүдэлжээ”. Тэд өөр хоорондоо үггүйгээр ойлголцон инээмсэглэж сэтгэгдлээ хуваалцана. Бүжгийн хэлээр уран яруу илэрхийлэгдсэн гайхалтай мөч бүрийг догдлон ярилцах алтан хором. Мэдрэмж нь яг адил байх нь бүр ч гайхмаар. Ямар бүтээл болохоороо ингэтэл ихээр сэтгэл хөдөлгөнө вэ?...
НАРНЫ ДОМОГ
-Үндэсний түүхэн бүжгэн жүжгийн цомнол-
Бавуугийн Лхагвасүрэн
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нэгдүгээр үзэгдэл
...Тайз дүүрэн далай давалгаалан байна. Далайн тэхий дундаас ургасан мэт гоо сайхан Алунгуа эх урган гарч бүжиглэнэ. Тайзан дээгүүр дэлхийн дээд хэсэг мэт долоон өнгийн солонго нумлан татжээ. Солонгон дор нар байна. Нар дэлхий дотор байсан домогтой.
Далдаас өнө эртний аялгуут дуу сонсогдоно.
Эрхэт нарны гэрлээ
Үлэмж хэтэрхий тэгш
Зээ... Энэрэл хайр нь амьтан бүхэнд машид
Зохилтой ёо хө...
Хурайлан хурайлан их хүрдэн
Хурмастын гал эрдэнэ...
Тайзны гэрэл улаан өнгөөр тунарах дор нэгэн баатар хүвгүүн нэмэгдэнэ. Цэнхэр өнгө тунарах дор бас нэгэн хүвгүүн мэндлэв. Гэрлүүд агшин зуур солигдон дорхиноо таван эрэлхэг хүвгүүн Алунгуа эхээс мэндлэв.
Алунгуа эхийн өлмийн таван өнгийн нөмрөгт чулуун мэт байснаа хагарах адил зэрэг дэрхийн өндийнө.
Таван баатар эрийн эр зоригийг гайхуулсан бүжиг бүжин дуусахын алдад их давалгааны захад нэгэн цас цагаан лянхуа дэлгэрэн дотроос нь нэгэн гоо эм мэндлэв. Гэрэл тэр бүсгүй дээр цогцлон гоо сайхан бүсгүй дэлбээн дотроо бүжиж таван баатар эрс шунан дурлаж бүжиглэж байгаад хоорондоо муудалцан сэлэм далайлцахын үед Алунгуа эх гарч ирнэ.
Түрүүчийн мэндэлсэн ижил таван өнгийн нөмрөгөө хучлаган чулуу мэт болон таван өнгөөр сөгдөнө. Цэцэгнээс мэндэлсэн гоо бүсгүй цэцгэн дэлбээндээ шингэн, дэлбээ нь хумигдана. Алунгуа эхийн хилэнт бүжиг. Хүүхдүүд баатруудад нэг нэг сум өгч байна. Баатрууд өндийн авч адислаад бүжиглэх дундаа өвдөглөн тус тусдаа хугалан хаяна. Алунгуа эх таван сумыг бүгдийг нийлүүлэн таван сум нэгэн дор цуглуулан боож өгөхүй дор баатрууд дамжуулан аваад адислан хугалахыг зоривч эс бүтнэ. Эв гэдэг ийм агуу хэмээсэн бүжиг бүжиж байна.
Хоёрдугаар үзэгдэл
Баатруудыг их аянд үдэж байгаа байдал. Зуун насыг насалсан зургаан өвгөдийн бүжиг. Таван баатар эрчүүл их асрын хоймор морилцгооно. Өвгөдийн бүжиг сургаал мэт намбалаг гэрэл бүдгэрэн гал тахилгын бүжиг болно. Өвгөд хэт цохино. Тойрсон бүхэн хүрэл мэт харагдан галд тос өргөх тоолон гал уулгалан асна. Өвгөд гал тойрон их гэгээ татахад дунд нь Алунгуа эх гарч ирэн баатруудын дөрөө мялаах бүжиг эхэлнэ. Баатруудын эрс шийдмэг бүжиг. Салалтын хоргодсон, үдэж уярсан уянгын бүжиг. Таван баатар эрс их авд мордох үед бэр цэцэг барьж байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гуравдугаар үзэгдэл
Далайн дундаас нар гарч ирэн мэлтэгнэн мандана. Алунгуа эх өндөрт нартай давхцан гарч ирнэ. Газар эхүүд далайгаас бэлхүүснээс дээш цухуйн давалгаа мэт бүжиглэнэ. Жаргалын яруу тунгалаг аялгуу эгшиглэнэ. Гэнэт хаанаас ч юм бэ наран дээр сум шунгинан зоогдлоо.
Баатруудын эзгүй хойгуур өөр үхлийн аймаг улс довтоллоо. Тайзны хоёр талаас хар цагаан хоёр сум зөрөлдөнө.
Түгшүүрт хөгжим: тулалдааны бүжиг. Алунгуа эхийн цээжинд сум тусч уналаа. Нар ч бас уналаа. Тас харанхуй, харанхуй дундаас сэлэм гялалзан хааяа олон гарууд харагдана. Тулалдаан үргэлжилсээр...
Дөрөвдүгээр үзэгдэл
Бүдэгхэн шинэтгэл сарны гэрэл тайзан дээр ёлтойжээ. Утаан дунд Алунгуа ээжийн өлмийд өргөсөн харууслын хөгжим далдаас гунигийн дуу...
Сайтар билгийн гэгээ ээ
Эгээрлийг хангасан наран аа
Зээ Эгнэ үгүй еэ зээ зээ
Ертөнцийг хөхөндөө хураасан ээжээ
Ерөөл таслан хаана одно оо
Гансран гансран их хүрдэн
Газрын амь эрдэнэ...
Зовсон зон олны бүжиг. Үгүй болсон нарыг даллан дуудсан бөө нарын бүжиг.
Тамлага. Алимад тэнгэрийн наран
Дээд түмэн эрхэс
Гийн соёрх
Хөөе
Хөөе
Хөөе
Аранзал гал өргөнө
Амиа өргөнө
Гийн соёрх
Хөөе
Хөөе
Хөөе
Цус нулимс хатаан
Цугаарыг жаргаан
Гийн соёрх
Хөөе
Хөөе
Хөөе
Харанхуй балрыг цавчин
Халуун туяагаа цацан хайрла
Хөөе
Хөөе
Хөөе
Бөө нар хэнгэргээ дэлдэн хашгирсаар бүжиглэсээр нам унахад анчдын бүжиг эхэлнэ. ...Харанхуй нөмөрсөөр. Нар ирэх бус явсан баатрууд эргэж ирнэ. Харанхуй мөртлөө баяр...
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тавдугаар үзэгдэл
Баатруудын хилэнт бүжгээр эхэлнэ. Тэд явцгааж байна. Тайзны гүнд байрласан бул хар чулуу завсар сиймхийгээр нарны гэрэл садран харагдана. Нарыг эзэгнэхийг аминчлан хүсэгсэд нарыг чулуун дор хийж далдын далд нуужээ. Гурван давхар хүрээ бүслэл байна. Хамгийн гадна талаар нь дуулгат цэргийн ган бүслүүр эгнэжээ. Түүний дотор гал цэргийн бүслүүр түүний дотор талаар үхэгсдийн араг ясан чөтгөрүүдээр бүтсэн бүслүүр байна.
Тулалдаант бүжиг. Ган бүс задарч харагдана. Дараачийн бүслүүрийг задлах бэрхшээлтэй бололтой. Тамын амьтад.
Цаашилж болохгүй байхаас гадна цавчигдаж оногдохгүй эргэлдэхдээ нүдэнд үл өртөх болохоор гэтлэхэд нэн хэцүү харагдана.
Тэгсээр арайхийн дийлж бул чулуунд хүрэх чацуу дийлдэхэд нэн бэрх тул арга ядсан занал, хорссон бүжиг бүжиглэнэ.
Тэгснээ тэд Алунгуа эхийн эвлүүлж боож өгсөн эвийн сумыг гаргаж хөшихөд нар сугаран гарч яруу тунгалаг аялгуу мандана. Таван манлай баатрууд тэврэлдэн нарны зүг ялдам далдаас:
Үнэн сүжигт наран та
Амгаланаар манан
Үйл зовлонгийн мананг илдлэн
Ашдаар гийгүүлэн соёрхон зээ
Мөнхөд мөхөлгүй
Мөнхөд дураараа орштугай гэсэн эртний дууг хангинан дуурсгана.
Зургадугаар үзэгдэл
Баатрууд орон нутагтаа ирлээ. Ингэж домгийн үзүүр нийлнэ. Ард олны баярлан хөөрсөн бүжиг. Таван ухааны өвгөд залан гарч ирэн мөнхийн уст алтан бумбын бүжиг бүжиглэнэ. Алунгуа эх амилан сэргэж баяраар учирсан бүжиг эхэлнэ. Нар дээр мандаж, нумлаж татсан солонгоноос гадагш гаран бүүр дээр холын холд очиж мандах нь үзэгдэнэ.
Нар дэлхий дотор байжээ. Гэтэл энэ орчлонд сайн муу бүхэн холилдон байх тул оршиж үл чадмой. Хүмүүс орших дэлхий танд хайртайн учир холын холоос алаггүй гийгүүлж явсугай хэмээн алсад одсон домогтой. Тайз дүүрэн бүжгийн дуулиан болж ахуй дор тайз эргэж тасралтгүй ардын цэнгэл дэлгэрэхийн эхэл болно. Дэлхий нараа эргэдгийн эхлэл ийм буюу...
“НАРНЫ ДОМОГ”-ИЙН ГҮН УХААНЫГ УХААРАХУЙ
Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжиг “Нарны домог” нь социализмын үед, хаалттай нийгмийн хяналт цензур дор, түүхэн уран бүтээл хийхийг зориглодоггүй байсан цагт бүтээгдсэнээрээ онцлог юм. Монголчуудын эв нэгдлийн бэлэгдэл болсон Алунгуа эхийн сургаалыг тайзнаа анх мөнхөлж, Их эзэн Чингис хааныхаа түүхийн улбааг зоригтойгоор хөндөн гаргаж ирснээрээ 90- ээд оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд хүчтэй нөлөөлсөн анхдагч бүтээл гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйд нийцэх билээ. Залуухан найруулагч, бүжиг дэглэгч С.Сүхбаатар “Нарны домог” бүжгэн жүжгээ тайзнаа тавих эрх олж авахын тулд бөхөөр бол “есөн даваа” давж байж сая бүтээлээ хийсэн тухайгаа өдгөө дурсан ярьдаг билээ. Сэвжидийн Сүхбаатар найруулагч энэ бүтээлийнхээ тухай, “1988 онд тайзнаа тавигдсан болохоос биш бүтээж туурвиж эхэлсэн нь 1986 он юм. Тухайн үед БНМАУ-ын СнЗ- ийн дэргэдэх хянан шалгах хороо, үзэл суртлын хэлтэс, главлет, Соёлын яамны Уран сайхны зөвлөлөөр олон удаа орж шүүмжлүүлж, зөвшөөрөгдөхгүй их удсан. 1988 онд сая нэг юм зөвшөөрөгдөхөд, Ардын урлаг судлагч, Яруу найрагч, МУСГЗ Жамцын Бадраа гуай надад, “Миний хүү Үндэснийхээ урлагт сайхан уран бүтээл оруулж ГҮН УХААНЫГ УХААРАХУЙ НАРНЫ ДОМОГ”-ИЙН ирж том гавьяа байгууллаа. Баярлалаа, баяр хүргэе чамд...” гэж байсан юм.
“Нарны домог”- оор Монголчуудын түүх дэлхийн түүхийн хуудаснаа хар бараанаар бичигдэж сэтгэгдэн бодогдож байсан тэр олон жилийн хуучин сэтгэлгээг эвдэж, үндэс угсааныхаа бахархам түүх, үнэн дүр төрхийг Монголдоо ч, дэлхийн үзэгчдэд ч бүжгийн хэлээр хэлээд өгчихсөн хэрэг л дээ. Тиймээс Монголчуудын түүхэн хугацаа хэдий болтол үргэлжилнэ, төдий чинээ урт настай бүтээл гэж ойлгож болно.
“Нарны домог” бол Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжгээр эв эеийг дэлхий нийтэд тунхагласан, Монгол үндэстний эв эеийн гүн ухааныг нэвт шингээсэн бүжгэн жүжиг бөгөөд дэлхий нийтэд Монгол үндэстний өвөг дээдэс гэж хэн байв, өнөөгийн цаг үеийг хүртэл түүхээ хэрхэн манаж ирсэн бэ гэдгийг харуулсан бүтээл” хэмээн Төрийн соёрхолт, МУУЗ С.Сүхбаатар нэгэн ярилцлагадаа омогшин хэлсэн байдаг билээ. “Нарны домог” бол зөвхөн монголчуудын түүх биш билээ. Хүмүүн төрөлхтөн эх дэлхийгээ, гэрэлт нараа хайрлаж эв нэгдэлтэйгээр оршин байхуйн ухаарлыг өгснөөрөө дэлхийн дайдад ч алдаршим гүн ухааныг илэрхийлсэн бүтээл болж чаджээ гэдгийг энд онцлон дурдах ёстой.
Монголчууд хүн төрөлхтнийг нийтлэг нэгэн цогц хэмээн харж дэлхийн цараатай сэтгэн, эх дэлхийгээ хайрлах оюун сэтгэлээр амьдарч ирснийг “Нарны домог”-т тод томруун харуулсан. Тийм ч учраас гадаад улс орнуудын үндэсний түүхэн бүжгэн жүжгүүдээс гүн ухааны илэрхийллээрээ эрс ялгагддаг. Тухайлбал, Розалия Гомесийн бичсэнээр, “Испанийн Барселон хотноо хөшөө нь сүндэрлэж буй алдарт бүжигчин эмэгтэй Кармен Амайн түүхийг өгүүлсэн “Домог” үндэсний бүжгэн жүжиг нь 1920-30-аад оны үед Манкет кафед фламенко жанраар тоглож асан бүжигчин бүсгүй, түүний эрхэмсэг атлаа ганцаардмал амьдрал, хүчирхэг атлаа сул дорой мөчүүд, нэн ялангуяа жинхэнэ испани маягийн темпераментыг нь бүжгийн хэлээр илэрхийлсэн бүтээл” ажээ. Энэхүү бүжгэн жүжиг дэлхийн олон орны тайзнаа амжилттай тоглогдсоор байна.
Тэгвэл Монголын Алунгуа эхийн түүхийг өгүүлсэн “Нарны домог” бүжгэн жүжиг нь дэлхий нийтийн эв эеийг тунхагласан гүн ухааны үзэл санаатайн хувьд ч, байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулсан бүтээл гэдгээрээ ч нэн онцлог ялгаатай. Гэтэл гадаад орнуудын тайзнаа хэсэгчилсэн үзэгдлээр 2-3 удаа л тоглогдсон байна. Өөрөөр хэлбэл “Нарны домог” бүжгэн жүжиг бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүтэн агуулгаараа дэлхийн аль ч орны тайзнаа тоглогдохгүй явсаар 30 жил болсон ажээ!
Тэртээ 1986 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн найруулсан “Монгол бүжгийн гайхамшиг” бүтээл анх удаа хөрөнгөтөн оронд буюу Итали улсад тоглогдож “Монголын үндэсний балет” хэмээн танигдсан түүхтэй.
Тэгвэл түүний хүү Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар найруулан 1988 онд тайзнаа амилуулсан “Нарны домог” Монгол үндэстний анхны ардын бүжгэн жүжиг дэлхий дахинаа танигдах хувьтай хэмээн итгэнэм. Учир нь Монгол Улс өдгөө дэлхийн бүх улс оронтой нээлттэй харилцдаг, ардчилсан тогтолцоот улс орны нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Аз болоход, дэлхий даяар ногоон бодлогын төлөөх засгийн газруудын тоо өсөн нэмэгдэж, эх дэлхийгээ хайрлах үзэл санаа түгэн дэлгэрч байна. XXI зууны энэ цаг үед Монголчуудын дэлхий ертөнцөө хайрлах, дэлхий нийтийн эв эеийг эрхэмлэх уламжлалт үзэл санааг дэлхий дахинаа ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд “Нарны домог” бүжгэн жүжиг нэн чухал үүрэг гүйцэтгэж чадах билээ. Хөгжим, дууг бичлэгээр орлуулна гэж магадгүй. Тэгвэл бүжигчдийг, бүжгийн хөдөлгөөнийг юугаар ч орлуулах аргагүй. Учир нь дэлхий ертөнцийг хүн хөдөлгөөнөөрөө л амьдруулж байна. Урлагаас амьд хүний хөдөлгөөнөөр амьдаараа хийдэг нь бүжиг л үлджээ.
Иймд Монголын төр засгийн удирдлагууд, урлагийн менежерүүд энэхүү боломжийг онцгой анхааран мэдэрч, Монгол үндэстний түүхэн анхдагч ардын бүжгэн жүжгээ дэлхийн тайзнаа урин залах нөхцөлийг бүрдүүлээсэй хэмээн хүснэм.
“Нарны домог” бол дэлхийн хүн төрөлхтний тухай бүжгэн жүжиг юм. Дэлхийн тухай, нарны тухай бүжгэн жүжгээ дэлхий даяар таниулан аялал жуулчлалын хөтөлбөрт оруулж, “эх дэлхий наргүйгээр, дэлхийн хүн төрөлхтөн эв нэгдэлгүйгээр оршин тогтнох аргагүй” гэдгийг ухааруулах түүхэн боломж бидэнд ирээд байна. Дэлхийгээ, нараа, байгалиа, хүнээ хамгаалах Монголчуудын ухааныг Ази, Европ, Америк, Австрали, Африк таван тивийн тайзнаа харуулж, таван тивийн эв нэгдлийг нартай нь цуг мөнхөлцгөөе. Дэлхийн эв нэгдлийг тунхагласан “Нарны домог”-тойгоо хамт дэлхийг тойрох цаг болжээ.
Нийтлэлч Ц.Оюунчимэг
"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаарт нийтлэгдэв
Сэтгэгдэл ( 1 )
Uneheer goyo bujgen jujig l dee. Suhbaatar guai bol sod nairuulagch yum bn lee.