РЕЦЕНЗ: “Чингис хаан” рок дуурь

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна. 


Тайз өөрөө бүтээлээ сонгож, тайз ямар бүтээл төрүүлэхээ шийддэг. Тийм ч учраас тайз амьтай гэдэг нь үнэн.


ТЕАТРЫН ЖИМЭЭР

Сонгодог урлаг үүссэн цагаасаа хойш олон зууныг улиран хүн төрөлхтний нүдэн дээр хувьсан өөрчлөгдсөөр байна. Өөрийн гэсэн түүх, цаг хугацааны шалгуурыг давж өдгөөг хүрсэн нь л урлагийн хамгийн том шалгуур гэлтэй. Өнөөдөр Монголд яг ийм шалгуурыг давж нийгэмтэй хөл зэрэгцэн оршин тогтнож буй театр гэвэл гарын арван хуруунд багтахаар цөөхөн бий. Театр, чуулгын үнэнч үзэгчид олон уран бүтээлээр нь Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулгыг андахгүй. Өдгөө 86 жилийн түүхийг бүтээсэн улаан суудал, тайз, улаан хөшиг бүхий энэ чуулгаас амар тайван, аюулгүй байдал, дэг журам нэвт ханхална. Сонгодог байдлыг илтгэх улаан танхимыг хараад бүр ч ихээр сэтгэл догдолно. Өнгөрсөн 2018 оны төгсгөлд болсон зайлшгүй анхаарал татам үйл явдлуудын нэг бол “Чингис хаан” рок дуурь дахин тайзнаа тоглогдсон явдал байсан юм. Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулга бол улс орныг батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэх, зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн гол зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг. Өөрсдийгөө ийн тодорхойлон түүндээ үнэнч хэвээр оршиж ирсэн тус чуулгад “Чингис хаан” рок дуурь дахин нэг удаа амилав.

“Чингис хаан” рок дуурийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын ойд зориулж одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 онд тавьж байсан түүхтэй ажээ. Тэр үедээ Азид анх удаа “Рок” дуурь тавигдсан нь “Их эзэн Чингис хааны тухай” байлаа гэж шуугиан тарьж байв. Япон, Герман, Англи улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чингис хаан” рок дуурийн тухай мэдээ, сурвалжилга нэг хэсэгтээ л тасрахаа байсан гэдэг.

ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Хурц гэрэл, хөх, улаан тайз. Амьдаар эгшиглэх симфони найрал хөгжим. Хурдан хэмнэл, үзэгчид амьсгаа даран хүлээнэ. Тайзны шийдэл цулгуй хоосноос, бүжигчид, дуучид дүүрэн тайз руу шилжиж, хар, улаан, цагаан өнгийг хослуулсан хувцастай бүжигчид бөөгийн бүжиг бүжнэ...

“Чингис хаан” рок дуурь 1 цаг 30 минут үргэлжилдэг. Нийт 4 үзэгдэлтэй. Рок дуурийн хөгжмийг Соёлын тэргүүний ажилтан С.Тараа, цомнолыг Соёлын тэргүүний ажилтан Д.Ганзориг нар бичжээ. Чингис хааны дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар, Бөртэ үжиний дүрд Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин Б.Амаржаргал нар тоглов.

МУГЖ Б.Батбаатар: Чингис хааны дүрийнхээ хувцсыг тайлчихаад ажлаасаа гаран алхаж явахад дотор нээх сайхан уужраад л явчихдаг

Сонирхолтой зүйл гэвэл тус дуурь 2006 онд хамгийн анх тавигдахдаа Чингис хааны дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар амилуулж байсан юм. Тэр цагаас хойш 12 жилийн дараа дахин тавигдахдаа Чингис хааны дүрийг бүтээх жүжигчин солигдоогүй нь үзэгчдэд багагүй хүлээлт үүсгээд байлаа.

Олон жилийн өмнөх 25 настай идэр залуухан Б.Батбаатар одоогийн Б.Батбаатар хоёрын хооронд хэр их ялгаа бий тухай МУГЖ Б.Батбаатараас асуухад тэрбээр “Тухайн үед дуурь зарим өдөрт 3 удаа тоглогдох үе ч байсан. Үндсэндээ 5 цаг тасралтгүй дуулна гэдэг бол маш хэцүү л дээ. Ямар ч байсан мэргэжлийн дуучин гэж өөрийгөө хурцалж, өөрийнхөө хэмжээнд сайн дуулж чадсан гэж боддог. Чингис хаан бол сүрлэг, буурьтай, баатарлаг зэрэг бүхий л шинжийг өөртөө агуулсан дүр шүү дээ. Хөмсөгөө зангидаад, биеэ чангалчихаараа л баатарлаг төрхийг бүтээчихлээ гэсэн үг биш. Энэ дуурь уянгын хэсэгтээ сэтгэл санаа дагаад хөвсөлзөнө, ижийнхээ, гэргийнхээ үгийг сонсоно, анд нөхөртөө туньсан сэтгэлээ илэрхийлж гаргана, буцаад хурц дүр төрхөө олно гээд их уян хатан, мэдрэмжтэй тоглолт шаарддаг. Тийм ч учраас дүр бүтээнэ гэдэг олон талаар амаргүй ажил” гэсэн юм.

ЭХНИЙ ОЛОЛТ

12 жилийн дараа Монгол Улсын гавьяат жүжигчин болон эргэн ирсэн Б.Батбаатарын бүтээсэн Чингис хааны дүрийг би ийн тодорхойлохыг хүсэв... Магадгүй тэр арван жилийн өмнөх өөрөөсөө ч илүү ухаан зарж, энэ дүрийг бүтээхийг хүссэн байх.

Бид эх оронч сэтгэлгээг хаанаас хайдаг вэ. Ер нь эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Энэ асуулт монгол хүн бүрийн дотор уяатай явдаг гэдэгт эргэлзэхгүй.Эх оронч сэтгэлгээний дуулал бүтээл бүрт нь цуурайтаж байхыг энэ чуулгын хамт олон хүсдэг нь “Чингис хаан” рок дууриас ч тод сонсогдсон юм. Энэ л газар шороо, тусгаар тогтнол хэдэн зууны тэртээгээс хэр их саад тотгорыг даван туулж ирснийг бид мартах ёсгүй. Хүн үүссэн тэр цагаас урлаг үүссэн гэдэг. Эрх чөлөө, эх оронч үзэл хийгээд сонгодог, орчин үеийн урлагийг төгс хослуулан бүтээсэн “Чингис хаан” рок дуурийг үзсэн хэн бүхэн нэгийг тунгааж үлдсэн биз.

ДАРААГИЙН ОЛОЛТ

Илэрхийлэл тэс өөр байлаа. Үүнээс л яагаад заавал “рок” гэсэн асуулт ургана. Харин үзэж суухад рокоос илүү модерн санагдсаныг нуух юун. Тэс өөр тавилт, тэс өөр өнцөг. Бусад түүхэн драмын жүжиг, дуурь, бүжгэн жүжгүүдээс сонгосон тавилтаараа үнэхээр онцгойрч чадсан гэж дүгнэхэд хүрэв.

12 жилийн дараа “Чингис хаан” рок дуурийг үзсэн сэтгэгдэл минь ямар нэгэн харьцуулалтгүй, шив шинэ байсан учир Чингис хааны дүрийг бүтээсэн МУГЖ Б.Батбаатарын чадварыг биширч, тайзан дээр өрнөсөн, уйдаах завсаргүй бүтээлийг шимтэн үзсэн билээ.

Сэтгүүлч Н.Даваасүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top